Цэвэр ус уух нь хоол боловсруулалт, зүрх судас, дархлааны систем хэвийн явагдахад нөлөөлдгөөс гадна бодисын солилцоог эрчимжүүлдэг. Мөн жингээ хасах үйл явцыг түргэсгэж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг байна. Түүнчлэн шөнийн цагаар ходоод гэдэсний үйл ажиллагаа удааширдаг бөгөөд үүнийг нөхөн сэргээхийн тулд өглөөний цайгаа уухаас хагас орчим цагийн өмнө өлөн элгэн дээрээ ус уух хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Гэхдээ усыг өөрт тохирсон хэмжээнд зөв уух нь чухал аж.
Мэдээж хэрэг цэвэршүүлсэн, эсвэл гүний ус ууж хэвших хэрэгтэй. Харин цай, кофе, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа зэрэг нь шүдний эрүүл мэндэд халтайгаас гадна илүүдэл илчлэг болдог тул цэвэр усыг орлож чадахгүй. Үүнээс гадна өлөн элгэн дээрээ хийжүүлсэн ус уухыг мэргэжилтнүүд зөвлөдөггүй. Учир нь хийжүүлсэн усанд агуулагддаг нүүрстөрөгчийн давхар исэл нь ходоод хямрах, гэдэс дүүрэх болон бусад тавгүйтлийг мэдрүүлнэ.
Лимон, цагаан гаатай ус уух нь биед сайн уу
Лимонтой ус уухдаа дараах зүйлийг анхаарах нь чухал. Тухайлбал, нимбэгтэй усыг өлөн элгэн дээрээ зөвхөн цитрусын төрлийн хүнснээс харшилдаггүй, ходоодны хүчил ихсэх асуудалгүй хүмүүс хэрэглэх боломжтой. Харин цагаан гаатай ус нь биеийн хаван буулгах, нян устгах үр нөлөөтэй. Тиймээс ус руугаа 5мм бүхий цагаан гаа хийн хандалж уух боломжтой. Ингэхдээ цагаан гаагаа идэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэ нь биеийн дулааныг дээшлүүлдэг, даралт нэмэгдүүлдэг, цусны эргэлтийг түргэсгэдэг учир аль болох болгоомжлоход илүүдэхгүй. Үүнээс гадна цагаан гаа амьсгалын замын вируст цочмог халдвараас урьдчилан сэргийлдэг ч, тус өвчлөлийн үеэр хэрэглэхэд тохиромжгүйд тооцогддог. Зөгийн бал нь элсэн чихрийн агууламж ихтэй тул өглөө хэрэглэхийг зөвлөдөггүй байна. Эдгээрээс харахад өлөн элгэн дээр хэрэглэхэд хамгийн тохиромжтой шингэн бол элдэв найрлагагүй цэвэр ус аж.
Ходоод гэдэсний үйл ажиллагаанд 30-40 хэмийн буюу бүлээн, аль эсвэл тасалгааны температур дахь 22-25 хэмийн ус хамгийн тохиромжтойд тооцогддог. Учир нь ходоод өөрөө 37 орчим хэм байдаг тул хүйтэн, аль эсвэл мөстсөн ус хүний биед тохиромжгүйн сацуу бие махбодыг ачаалуулах, салст бүрхэвчийг цочроох үндэс болдог. Гэдэс дүүрэх, цээж хорсох, өтгөн хатах шинж тэмдэг илэрч байгаа хүнд тэр тусмаа хүйтэн ус тохиромжгүй. Мөн 50 болон түүнээс дээш хэмд халаасан ус мөн л салст бүрхэвчид сөргөөр нөлөөлж, цусны даралтыг нэмэгдүүлдэг. Энэ нь өглөөний цагаар даралт үл ялиг нэмэгдсэн үед маш тохиромжгүй сонголт юм. Хэт их халуун ус хэрэглэх нь мөгөөрсөн хоолой болон улаан хоолойн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.