Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн ажиллагааны тов гарчээ. Ёслол өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны бямба гарагт Батцагаан цогчэн дуганд болно.

Гандантэгчэнлэн хийдийн их хамбаар томилогдсон лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд 1991 онд 11 насандаа шавилан буян номын үйлээ эхэлсэн. Улаанбаатар хотод ирээд Зүүн хүрээ Дашчойлон хийд, Гандантэгчэнлэн хийдийн Дашчоймпил дацанд буддын гүн ухаанд үргэлжлүүлэн суралцаж байгаад 1998 онд Энэтхэгт суралцахаар явжээ. Ингээд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2018 онд лхаарамба цол хамгаалсан байна.  Түүнийг  Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол авсан анхны монгол лам гэдэг. Энэ оны эхээр Энэтхэгийн Гоман дацангийнхаа нууц тарнийн шалгалтыг амжилттай өгч, төгсгөлийн зэргийн шалгалтдаа тэргүүлсэн байна. 2018 онд лхаарамба цолоо аваад 2019 оноос Монголдоо ирж, Гандантэгчэнлин хийдэд сууж, Монголын Шашны дээд сургуульд багшлах болжээ. Монгол багш хэмээн алдаршсан Д.Жавзандорж лхаарамба нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сумади Гирди" НҮТББ-ыг байгуулсан, мөн соён гэгээрүүлэх чиглэлийн айлдвар бичлэг түгээж, ёс суртахууны лекц хичээлүүд нь олонд хүрсэн нэгэн юм.