Бодит бэрхшээл: Нийгмийн сүлжээн дэх иргэдийн бухимдал
- Хотын төвөөр шатахуун байдаггүй. Захын гэр хорооллоор хайгаад явж байна. ШТС-ууд дараалалд дарагдсан байна.
- Амралтын өдрүүдээр хотын төвөөр шатахуун байдаг. Одоо тасарчихжээ. Яах билээ?
- Бензин бас яачихав аа. Гурван клонкоор орлоо. АИ92 дууссан гээд бичиг наачихаж.
Албаны тайлбар: УУХҮЯ
- Шатахуун түлшний нөөц хэвийн байна гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.
Бодит бэрхшээл, албаны тайлбартайгаа байнга зөрж, шатахуун тасалдах нь хэвийн үзэгдэл боллоо. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд АИ92 автобензин 20 хоног, АИ95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоногийн нөөцтэй байна гэж АМГТГ мэдээлсэн. Гэхдээ энэ бол яг манай нөөцийн саванд байгаа шатахуун түлшний нөөцийн хэмжээ юм. Харин хилээр оруулаад ирчихсэн байгаа шатахууны хэмжээг нэмбэл энэ нөөц уг нь дээшилнэ. Аравдугаар сарын 31-ний байдлаар шатахуун ачсан 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байлаа. Нийлүүлэгч талаас аравдугаар сарын дунд үеэс экспортоо нэмэгдүүлж Сүхбаатар боомтоор сүүлийн дөрөв хоногт 214 вагон буюу 12840 тонн АИ92 бензин, 278 вагон буюу 16680 тонн дизель түлш орж иржээ. Энэ нь АИ92 бензиний хувьд найм хоног, дизель түлшний 6-7 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц юм байна. Хамгийн гол нь нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна. Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаа учраас төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг машинаар зөөж байна.
Үнэндээ нийлүүлэлт хэвийн ч шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлт, хадгалах савны асуудлаас болж бэрхшээл үүссэн хэвээр.
Цаашилбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах гээд дотоодын тээвэртэй холбоотой бэрхшээлүүд ч их байна.
“Монгол газрын тос” үйлдвэр ашиглалтад орох хүртэл...
Шатахуун хомсдох, үнэ өсөх хоёр Монголын эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлдэг.
Байсхийгээд л шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийх нь айдас төрүүлж, тухай бүр Засгийн газар нөөц хэвийн гэж мэдэгдсээр ирсэн.
Нийлүүлэлт тогтворжсон ч үнийн хэлбэлзлийг тогтоохын тулд дотооддоо шийдэх асуудлууд байна. Үүнд, УИХ-аас гаргах шийдвэрүүд, тээвэрлэлт хадгалалттай холбоотой хүндрэлийг яаралтай зохицуулах шаардлагууд багтаж байна. Ойрын хэдэн жилдээ шатахууны гол нийлүүлэгч нь ОХУ хэвээр байна. Тэд нийлүүлэлтээ тогтмол хангана гэж байгаа. Гэхдээ энэ нь үнэ тогтмол байна гэсэн үг биш учраас Монгол Улс хугацаа нь дуусаж буй дотоодын зарим зохицуулалтын хугацааг сунгаж, тээвэрлэлт хадгалалтын нөхцөлөө нэмэгдүүлэх шаардлага байна. Ойр ойрхон шатахуун тасалдаж, ШТС-ууд хязгаарлалт тогтоож, 50,100 мянган төгрөгийн худалдан авалтаас дээш өгөхгүй, зөвхөн эмнэлэг онцгойгийн машинд өгнө гэх зэргээр хязгаарлаж, айдаст автуулдаг.
Дорноговь аймагт баригдаж буй “Монгол газрын тос” боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Ашиглалтад орсноос хойш үйл ажиллагаагаа тогтворжуулж, үйлдвэрлэлээ жигдрүүлсэнээр газрын тосны бүтээгдэхүүний 70 орчим хувийг дотоосоо хангана. Харин тэр хүртэл бид жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа автобензин, дизель түлшний эрэлтийг хэрхэн хангах вэ гэдэг нь чухал.
Монгол Улс дэлхийн 40 орчим улсаас бүх төрлийн шатахуун түлшний бүтээгдэхүүнийг авдаг ч 90 гаруй хувийг зөвхөн ОХУ-аас авч байна.
Мэдээж Оросын дараа орох хамгийн боломжит сонголт бол урд хөрш. БНХАУ-аас авч байгаа шатахуун түлш нь энэ төрлийн бүтээгдэхүүний нийт импортын хоёр хувийг бүрдүүлж байна. 2020 онд зургаан хувьд хүрч байсан энэ үзүүлэлт үнэ, тээвэр ложистикийн хүндрэлтэй байдалтай холбоотойгоор буурсан. Хятадын бензин евро 5, 6 ангилалд шилжсэн. Тиймээс харьцангуй үнэтэй. Гэхдээ Хятадаас ихээр авахад тээврийн бэрхшээл их. Томоохон уурхайнууд Евро5 ангиллын түлшийг урдаас авч байгаа. Мөн БНХАУ экспортоо квотоор гаргадаг. Тиймээс тогтворжихгүй асуудлууд байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дурджээ. Өнгөрсөн сард ОХУ дотоодын хомсдол, үнийн хөөрөгдлөө зогсоохын тулд газрын тосны бүтээгдэхүүний экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэхдээ Монгол Улс Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй учраас хориглолтын гадна үлдсэн юм.
Дотоодын зохицуулалтаа сайжруулах шалтгаан
Орос, Украины дайны хямралт байдал, Газын зурваст үүссэн нөхцөл гээд газрын тосны бүтээгдэхүүний үнийг таамаглах аргагүй байдалд хүргэсэн. Монголын хувьд гол нийлүүлэгч ОХУ-ын экспортын хоригийн гадна үлдсэн. Түүний дараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлал болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр болсон уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа тус улсын Ерөнхийлөгч баталсан. Эндээс үзэхэд нийлүүлэлт тасалдахгүй нь гэж харж болохоор. ОХУ-тай таван жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх гэрээтэй. Гэхдээ нийлүүлэх үнэ тогтвортой биш, тухайн жилийн индекс олон улсын зах зээлийн төлөв байдлаас шалтгаалан жил бүрийн хэлэлцээрээр шинэчилж явна. Харин одоо чанарыг нэмэгдүүлэх Евро5 стандартын шатахууны хангамжийн сайжруулах асуудлууд тулгамдаж байна. Дэлхий дахинд үүссэн цэрэг улс төрийн байдлаас шалтгаалан газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэхээр байгаа. Гэхдээ Оросын тал нийлүүлэлтээ тогтвортой байлгана гэж удаа дараа баталсан. Харин үнийн хэлбэлзлийг хадгалахын тулд Монгол Улс өөрсдийн зохицуулалтуудаа шинэчлэх шаардлагатай.
Бензин түлш бол стратегийн бүтээгдэхүүн. Зах зээл өөрөө зохицуулна гээд орхивол үнийн өсөлт, эдийн засагт үзүүлэх нөлөөг хянаж хазаарлах боломжгүй болно.

Нэг литр бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд ширхэг хуушуурын үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж байсан хэт харьцангуй шударга бус үнийн өсөлтийг бид туулж ирсэн.
Гаалийн татвар - Засгийн газрын баталгаа
Одоо Засгийн газар хугацаа нь дуусаж байгаа зарим зохицуулалтаа үргэлжлүүлэх төлөв байна. Гэхдээ үүнийг УИХ шийднэ. УИХ автобензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тогтоол баталж импортын автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг 0-5 хувьд багтаан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон. Тус тогтоолд заасны дагуу Засгийн газарт олгосон эрх нь 2024 онд дуусгавар болж ирэх оноос импортын автобензин, дизелийн түлшний гаалийн албан татвар таван хувьд эргэн шилжинэ.
Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж байгаатай холбогдуулан Засгийн газарт автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварт зохицуулалт хийх боломжийг олгосон эрхийн хугацааг сунгах асуудал одоо яригдаж байна.
Хэрвээ ийм өөрчлөлт явахгүй бол ирэх оноос үнэ өсөх нь гарцаагүй. Харин шатахууны бүлгийн бараа нь хэрэглээний үнийн индексийг тооцоход ашигладаг бараа, үйлчилгээнээс бүрдсэн хэрэглээний сагсны нийт жингийн 5.3 хувийг эзэлдэг ба үүнээс АИ92 автобензин 2.7 хувь, дизель түлш 1.2 хувийг тус тус бүрдүүлж байна. Энэ өндөр нөлөө дотоодод шатахууны үнэ нэмэгдсэнээр бусад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөж, инфляцыг хөөрөгдөхөд нөлөөлөх эрсдэлтэй нь гарцаагүй. Тиймээс ахиад тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг 0-5 хувьд тогтоох эрхийг Засгийн газарт сунгаж өгч таарах нь.
Засгийн газрын баталгаа. Өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Роснефть” компанитай хэлэлцээр хийхдээ 2022 оны 4, 5, 6 дугаар саруудын нийт хэрэглээ болох 120.0 мянган тонн бүтээгдэхүүний захиалгын төлбөр 100800000 ам.доллартой тэнцэх хэмжээний эх үүсвэрийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж байсан. Харин Засгийн газрын өрийн баталгаа гаргуулсан аж ахуйн нэгжүүд зээлийн төлбөрийг хоцроосон тохиолдол гараагүй гэж Засгийн газар дүгнэжээ. Тэгэхээр цаашид хомсдох нөхцөл үүсэхээс сэргийлж, шатахуун импортлогч байгууллагуудад дутагдаж болзошгүй санхүүжилтийн нөөцийг бүрдүүлэх асуудал яригдана. Үүнийг УИХ Төсвийн хуулийг дагалдуулж оруулж ирсэн Засгийн газрын саналтай хамт хэлэлцэхээр байна.
Тээвэр, дэд бүтцийн шийдэл хүлээгдсээр
Тээвэрлэлт хадгалалттай холбоотой асуудлуудаа Монгол Улс бүрэн шийдэх шаардлагатайг саяын болсон Уул уурхайн долоо хоногийн үеэр онцолжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хадгалах сав, агуулахаа сайжруулах шаардлагатай. Зарах гэж байгаа бараагаа хадгалах савгүйгээс нь үүдсэн бэрхшээлийг хэрэглэгчид үүрч таарахгүй. Тээвэрлэлтийн бэрхшээлээ шийдээгүйгээс бодит асуудлууд бас тулгарч байна. Тухайлбал, тээвэрлэж ирсэн вагон цистернүүдийг хүлээн авах, сэлгэхэд Толгойт өртөөний чадлыг сайжруулах, нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэх, дотоодын вагоны тоог нэмэгдүүлэн төмөр замын ачааллыг бууруулах, нөөцийг гурван сараар бүрдүүлдэг болж улсын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд энэ салбарт тулгамдаад байна.
Дэлхийн цэрэг улс төрийн нөхцөл байдал газрын тосны бүтээгдэхүүний үнэд хамгийн том нөлөөлдөг. Монгол газрын тосны үйлдвэр ашиглалтад ортол аль болох тогтвортой байлгах бодлогоо бодитой хэрэгжүүлэхгүй бол шатахууны эрэлттэй холбоотой нийгмийн бухимдал гаарахаар болжээ. Нийлүүлэгчид нийлүүлэлтийн тогтвортой байдлыг амлаж. Харин үнийг аль болох өндөр савлуулахгүйн тулд дотоодоос шалтгаалах шийдвэрүүд чухал нөлөө үзүүлэхээр байна.