Монголчууд бид үе, үеийн Ерөнхийлөгч нарынхаа өв соёл, эх түүхээ эрхэмлэн дээдлэх тухай зарлигийг андахгүй сайн мэддэг. Зарлигийг нь ч ёсчлон дагадаг. Тухайлбал, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн 2002 онд гаргасан Морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх тухай зарлигийн дагуу айл бүхэн хоймортоо хуураа залж, энэ он цагуудад найрын хүндтэй бэлэг морин хуур болж байлаа.
Үүний дараагийнх нь мөн л Н.Багабанди Ерөнхийлөгчийн 2004 онд гаргасан Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг юм. Энэхүү зарлигийн дагуу монгол өрх бүхэн номынхоо шүүгээнд Монголын нууц товчоог хүндлэн залсан.
Хамгийн сүүлийнх нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд гаргасан Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг. Мөн л хүндэтгэл дүүрэн хүлээн авч, айл өрх гэлтгүй албан байгууллага бүр их хааныхаа хөргийг хоймортоо дээдэлж, одоо ч энэ ажил түүчээлсээр байна.
Гэвч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 онд гаргасан өв соёлын талаарх түүхэн нэгэн зарлиг болох “Эрдэнийн судар”- ыг залах тухай зарлигийг иргэд төдийлөн сайн мэддэггүй. Цар тахлын хаалттай үе таарсан учир нийтэд хүрсэнгүй юу, эсвэл ойшоох хүсэл байсангүй юу бүү мэд. Ямар боловч энэ зарлиг үл тоогдож, цагийн эрхэнд бүдгэрсээр улам л үнэ цэнгүй болж байна.
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn сайтын Ерөнхийлөгчийн зарлиг хэсгийн хамгийн эхэнд байрлах 2020 оны арванхоёрдугаар сарын 22- нд гарсан “Эрдэнийн судар”- ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигт юун талаар өгүүлснийг хүргэхийн тулд зарлигийг бүрэн эхээр хүргэе.
Зарлигт
“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны Академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг дэмжиж,
Монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг тэмдэглэж, есөн эрдэнээр бүтээсэн “Эрдэнийн судар”-ыг Төрийн ордонд дээдлэн залсугай.
2.“Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн “монгол хүн”, “гэр бүл”, “төрт ёс”, “эх нутаг”, “монгол хэл”, “эрдэм боловсрол”, “ёс суртахуун”, “өв соёл”, “нүүдэлчин ухаан”-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгасугай.
3.Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг улс орны түүхэн цаг үеийн онцлог, үйл явдалтай уялдуулан төрөл зүйлээр нь бүртгэн товчоолох, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь судалж тодорхойлох ажлыг Шинжлэх ухааны Академи, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдад хариуцуулсугай.
4.Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чинадад хүргэн дархлаажуулахад бодитой хувь нэмэр оруулж, олон талт ажлыг зохион байгуулж байгаа иргэд, байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн болон чөлөөт радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” хэмээжээ.
Гэвч энэхүү зарлиг хэрэгжсэнгүй. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах ажлыг хийсэн бүхнийг дэмжтүгэй хэмээсэн ч сурталчлан таниулсан нь ч байсангүй. Ойшоож, өлгөж авч дэмжсэн нь ч байсангүй. Гэхдээ онцлон тэмдэглэх нэгэн газар бий.
Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн хувьд монголчуудын үнэт зүйлийг бүтээсэн гол автор нь юм. Учир нь монголчуудын есөн үнэт зүйл гэнэтхэн нэг өдөр тодорхой болж, “Эрдэнийн судар”-т багтаагүй билээ. Ерөнхийлөгчийн зарлиг болтлоо найман жилийг туулсан түүхтэй. Түүх сөхвөл, Соёл урлагийн их сургууль, ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр “Соёл ба хөгжил” олон улсын чуулганыг зохион байгуулж, энэхүү хурлын үеэр эрдэмтэн, судлаачид үнэт зүйлээ томьёолохын ач холбогдлын талаар ярилцаж, тодорхой санал дэвшүүлсэн байна.
Энэхүү саналыг төслийн хэмжээнд зохион байгуулж, монголчуудын үнэт зүйлийг тодорхойлсон нь СУИС. Тэд 2013 оноос “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл” төслийг эхлүүлж, 2014-2016 онд Гэр бүлийн үнэт зүйл, суурь судалгааны төслийг хэрэгжүүлсэн бол 2015 онд “Монголчуудын үнэт зүйл” сэдвээр семинар, хэлэлцүүлэг, лекц зохион байгуулжээ. Харин 2018 оноос монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох социологийн судалгаа хийж, “Монголчуудын соёлын ертөнц: Өв, үнэт зүйл, урлаг” олон улсын Монголч эрдэмтдийн хурал зохион байгуулсан байна.
Ийнхүү олон жил үргэлжилсэн төсөл дуусаж, 2019 онд “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл” төслийн үр дүнг ШУА, Их дээд сургуулийн консерциумд танилцуулж, СУИС-ийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж сайшаажээ. Мөн энэ ондоо “Монголчуудын үнэт зүйл” судалгааны тайланг хэвлүүлж, “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан аж. Ийнхүү энэ бүхний эцэст 2020 онд Ерөнхийлөгчийн зарлиг болон эцсийн үр дүнгээ үзжээ.
Монголчуудын үнэт зүйлийг тодорхойлохын тулд СУИС-иас социологийн судалгаа хийснийг дээр өгүүлсэн. Тэгвэл “Монголчуудын үнэт зүйл” судалгааг 11 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт, 1500 хүнийг хамруулан хийсэн байна. Тэд энэхүү судалгааг өнөөгийн монголчуудын эрхэмлэн дээдэлж буй үнэт зүйл, түүний төлөвшилд нөлөөлж буй хүчин зүйлс, хандлагыг тодорхойлох зорилгоор хийсэн аж.
Судалгаанд оролцогчид хувь хүний эрхэмлэх зүйлдээ эрүүл мэндийг 25.3, гэр бүл, үр хүүхдийг 22.8, мэдлэг боловсролыг 12.8, эх орныг 9.2, хүний эрх, эрх чөлөөг 2.6, хариуцлагыг 2.8 хувь, ажил мэргэжлийг 3.1, үндэсний уламжлалыг 3.1, нэр төрийг 2.5, тусгаар тогтнолыг 3.9, байгаль орчныг 2.3, хүнлэг ёсыг 4.5, энх тайвныг 0.9, Чингис хааны үзэл санааг 0.1 хувиар үнэлж хариулжээ.
Насны бүлгээр авч үзэхэд 18-29 насныхны 48.6% мэдлэг боловсролыг,
40-49 насныхны 81.3% эрүүл мэндийг,
30-39 насныхны 80.9% гэр бүл, үр хүүхдийг эрхэмлэн дээдэлсэн байна.
Шинжээчид монголчуудын нийтлэг үнэт зүйлийг үндэсний тусгаар тогтнол, ёс суртахуун, уламжлалт амьдрах ухаан, зан заншил, түүхэн өв соёл (биет, биет бус өв), эрх чөлөө, эх оронч сэтгэлгээ, гэр бүл, хүнлэг сайхан сэтгэл, нийгмийн оюун санааны нэгдмэл байдал, эв нэгдэл, хүний оюун билиг, монгол хүн, эрдэм боловсрол, хүнийг дээдлэх, ахмад үеэ хүндлэх, тус дэм, санаа тавих чанар, үр хүүхэд, ажил хөдөлмөр, нэр төр, байгаль орчин, монгол хэл, ардчилал хэмээн тодорхойлжээ.
Харин иргэд эрүүл мэнд, гэр бүл, үндэсний уламжлалт өв соёл, шашин, төр улсынхаа тусгаар тогтнол, шударга ёс, хариуцлага, эх оронч үзэл, монгол хэл зэргийг тулгуур үнэт зүйлсэд оруулж байна. Судалгааны явцад нийгмийн ёс суртахуун, эдийн засаг, шашин, урлаг, соёл, улс төрийн нийтлэг үнэт зүйлсийг эрэмбэлүүлжээ.
Үнэт зүйл бүрийн эхний гуравт монголчууд,
Ёс суртахууны үнэт зүйлд: Шударга ёс, хариуцлага, хүнлэг ёс
Эдийн засгийн үнэт зүйлд: Эрүүл байх, цаг ашиглалт, бүтээлч хөдөлмөр
Шашны үнэт зүйлд: Сургаал номлол, бурхан шүтээн, итгэл бишрэл Урлагийн үнэт зүйлд: Үндэсний язгуур урлаг, морин хуур, уртын дуу
Соёлын үнэт зүйлд: Монгол хэл, монгол хувцас, монгол бичиг
Улс төрийн үнэт зүйлд: Тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, төрөө дээдлэх ёс зэргийг нэрлэжээ.
Судалгааны эцэст монголчуудын эрхэмлэн дээдлэх есөн үнэт зүйлийг тодорхойлсон. “Эрдэнийн судар”-т шингээсэн есөн үнэт зүйлийн томьёоллыг дараах байдлаар тайлбарлажээ.
1.Ургийн алтан хэлхээ, улс гэрийн эзэн, мөнх тэнгэрээс заяат-МОНГОЛ ХҮН нэгэн эрдэнэ
2.Өвгөдийн тулсан голомт, өвлөсөн ариун өргөө, үргэлжлэх удмын хэлхээ-ГЭР БҮЛ нэгэн эрдэнэ
3.Алтан төрийн сүлд, ашдын тусгаар тогтнол, амгалангийн эрх хүчин-ТӨРТ ЁС нэгэн эрдэнэ
4.Үзэмж төгс байгаль, үлэмж тэгш баялаг, үүрд орших өлгий-ЭХ НУТАГ нэгэн эрдэнэ
5.Үндэсний язгуур сэтгэлгээ, өнөд оршихуйн дархлаа, мянган билиг төгөлдөр-МОНГОЛ ХЭЛ нэгэн эрдэнэ
6.Өрлөг түүхийн дээжис, өндөр дээдсийн буян, үргэлж дээдлэх тунгаамал-ӨВ СОЁЛ нэгэн эрдэнэ
7.Онгон байгальдаа зохилдсон, орчлонгийн хуульд нийцсэн, цагийн хүрдэнд таацсан-НҮҮДЭЛЧНИЙ УХААН нэгэн эрдэнэ
8. Оюун билгийн охь, оньсыг тайлах түлхүүр, орчлонг таних мэлмий-ЭРДЭМ БОЛОВСРОЛ нэгэн эрдэнэ
9.Нинжин сэтгэлийг дээдэлж, нийтийн амгаланг хүндэлж, чин шударгыг эрхэмлэх ЁС СУРТАХУУН нэгэн эрдэнэ хэмээн тодорхойлжээ.
Ерөнхийлөгчийн зарлиг буулгасан, улсынхаа бүхнийг бид хэрхэн хайрласан бэ. Үнэт бүхнийх нь үнэлэмж өнөөдөр ямар байна вэ. Эхнээс нь дарааллаар нь авч үзье.
Нэг: МОНГОЛ ХҮН нэгэн эрдэнэ
Монгол Улсын хамгийн үнэтэй эрдэнэ бол монгол хүн. Гэтэл монгол хүн монгол хүндээ хайртай байгаа билүү? Хариулт нь харамсалтай нь үгүй л болов уу.
Дэлхийд “Монгол хүн” хэмээх нэгхэн хаягтай атлаа халх, дөрвөд, хужаагийн эрлийз, баруун, зүүн, төвөөрөө хуваагдаж, гадаадынхан боловсролтой гоё, “Монгол хүн л муухай” гэх хандлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Монгол түмний бахархал болсон суут хүмүүсийн түүх цагийн аясанд бүдгэрч, үндэсний ганц бахархалт хүмүүн Чингис хааныхаа нэрийг мэдэхээс хэтрэхгүй байна.
Гэгээн үүрээс үдшийн бүрий хуралдтал нэгнээ хулгайч, худалч, луйварчнаар дуудаж, ал, цаазал дүүжил гэх үгсийг тасралтгүй хөврүүлнэ. Монголдоо бид ийнхүү амьдарч ядтал харийн улсад нэгнээ хөнөөчих юм, луйвардах юм бас залилж хуураад гудамжинд гаргаад хаячих юм. Монгол хүн Монголын үнэт зүйл байж үнэхээр чадаж байна уу?
Хоёр: ГЭР БҮЛ нэгэн эрдэнэ
Монгол Улсад гэр бүл салалт дээд цэгтээ хүрлээ гэх мэдээлэл хэвлэлийн хуудсаар төдийгүй олон нийтийн сүлжээгээр гараад цөөнгүй жилийн нүүр үзэж байна. Дайн дажинтай улс биш дээ ганц бие ээжүүдийн тоо гамшгийн хэмжээнд хүрлээ гэж хэлж байсан нь ч бий.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллийг авч үзвэл 2020 онд 3316, 2021 онд 3391, 2022 онд 4553 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ бүхний эцэст үрс нь хохирч, хойд эх, эцэгтээ зэрлэгээр зодуулсан, амь насаа алдсан гэх хэргүүд өдөр алгасалгүй гарч байна. Барууны оронд түгээмэл байх хүүхэд нь эцэг, эхтэйгээ ойлголцохгүй явдал өдрөөс өдөрт түгэн дэлгэрсээр.
Эцэг, эхийнхээ удмыг залгуулж, ургийг хэлхэж яваа гэдгээ ухамсарлах нь улам цөөрч, аав, ээжээ дэмнэн туслах ачлалт хүү, энэрэлт охины тоо улам цөөрсөөр. Өвөө эмээ, ахан дүүс, нэг угсаа үндэстэй бүхнийгээ хайрлах бус хол байхын хүслэнтэйгээр нэгэн цагт аж төрөн сууна.
Гурав: ТӨРТ ЁС нэгэн эрдэнэ
"Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүслэн залбирч ирсэн ард түмэн XXI зуунд төр шиг муу зүйлгүй болон хувирав. Үгүйсгэх ч аргагүй. “Төрийн нуруу төвшин бол түмэн олон амгалан” хэмээдэг ч түшмэдийн хулгай дээрэм, бусармаг үйлдлээс болж төрийн нуруу “хугарахдаа” туллаа. Төр улсын тэргүүнээ хараахын дээдээр харааж, зүхэхийн дээдээр зүхэх болжээ. “Төр болохгүй байна” хэмээх үгээр нялхас нь хэлд орох шахуу байж, шүүмжлэхгүй, шүүхгүй, доромжлохгүй хүн үгүй болов. Төрт ёсны өнө эртний түүх цагийн аясанд бүдгэрч, дэлхийн талыг эзэлж явсан хүчирхэг хааны үр сад гэдгээ ч умартав.
Дөрөв: ЭХ НУТАГ нэгэн эрдэнэ
Төв Азийн зүрхэнд орших өргөн уудам нутаг Монголд минь л бий. Гэвч Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгэсэн гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн.
Монгол Улсын байгаль орчин сэхээнд байгаа талаар өгүүлдэг ч эх орноо өөрсдөө хордуулж, бохирдуулж, сэглэсээр. Хот гэлтгүй хөдөөдөө хогон далайд умбаж, байгалиа хайрлан хамгаалж ирсэн өвгөдийн сургаал уламжлал улам алсарсаар л байна. Дэлхийд байхгүй үнэт баялагтай ч зохисгүй ашигласныхаа балгаар гуравхан сая иргэн нь зутруухан амьдралтай, Монголоос одохын өвчнөөр өвчилжээ. Саяхан гаднын нэгэн эрдэмтэн “Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюултай нүүр тулж, Монголын байгаль 30- 50 жилийн дараа оршин байх нь эргэлзээтэй” хэмээн хэлсэн байдаг. Ингэж л бид эх орноо “хайрлаж”. Байгалийн сүйрэл бүхний шалтгаан нь ерөөс хүмүүс бид билээ.
Тав: МОНГОЛ ХЭЛ нэгэн эрдэнэ
Бидний хайрлан хамгаалж хадгалж явах зүйлсийн нэг бол эх хэл. Гэвч эх сайхан монгол хэлээрээ аялгуулаг сайхан, зөв тэгш ярих хүмүүс, хүүхдийн тоо цөөрсөөр. Монгол хэлний дархлаа улам бүр унан доройтож харь хэлэнд дарлуулах хандлага өдрөөс өдөрт нэмэгдсээр. Хоорондоо англи хэлээр ярилцаж, инээлдэж хөхрөх тэдний тоо сүрэг, сүргээрээ нэмэгдсээр. Хуучны аялгуу “гологдож”, мессежний хэл моданд оров. Эх хэлээ элэглэсэн дуу шүлэг тасралтгүй мэндэлсээр.
Бид эх хэлэндээ хэчнээн хайргүй болж буй тод жишээ бол Боловсролын ерөнхий хуулийг батлах үеэрх англи хэлийг нэгдүгээр ангиас заах тухай хэлэлцүүлэг байсан. Эх хэл болоод харь хэлийн дундах энэ маргаан бидний эх хэлээ хэрхэн хайрлаж буйн толь байлаа.
Зургаа: ӨВ СОЁЛ нэгэн эрдэнэ
Монголчууд бид өв, соёлын хувьд арвин түүх уламжлалтай орон. Морин хуур, уртын дуу, хөөмий, ардын аман зохиол, билиг сургаал, Эрийн гурван наадам гээд нэрлээд байвал дундаршгүй их.
Бидний хувьд дээл хувцас, хөөрөг үнэт эдлэлээрээ гоёж чаддаг болсон. Гэхдээ хэлбэрийн хувьд бус агуулгын хувьд буюу зан заншил, өв соёлынхоо утга учрыг гүн гүнзгий танин мэдэж, өвлүүлэн хөгжүүлж буй нь хэд билээ гэдгийг бодох асуудал. Ардын өв соёл, ёс заншлаа эцэг, эхчүүдийн хэдэн хувь нь үр хүүхдэдээ өвлүүлж чадаж байна вэ гэдгээс эхэлнэ. Одоогоор шинэ үеийнхэнд өв соёл гэдэг тэдний хувьд, тэдний хэлээр “уйтгартай”, бас “эртний нэгэн зүйл” байна.
Долоо: НҮҮДЭЛЧНИЙ УХААН нэгэн эрдэнэ
Нүүдэлчдийн торгон ухаан суу билгээр бид байгалиа хамгаалж, өв соёлоосоо тэртээ алс тасарчихаагүй байгаа. Гэвч мал маллах залуусын тоо улам цөөрч хөдөө эзгүйрсээр. Нүүдэлчдийн ухаан хамтдаа устсаар байна. Уламжлалт соёл хэрэглээн дээр тогтож байдаг түүхтэй. Харин манай өдгөө цагийн малчид бэлчээрээсээ болж нэгнийхээ аминд хүрэхдээ тулж, морио биш мотоцикль хэрэглэдэг болсон. Айраг сүү цагаагаа бэлтгэх нь улам л нүдний гэм болж, хуванцар сав “мода” болж, уламжлалт эд хэрэглэл түүх, сувенир болон үлдлээ. Зочломтгой монгол зан, нүүж яваа айлыг тосон авдаг ёс одоо бидэнд алга. Саахалтаа ч танихгүй амьдарч, чадалгүй нэгэн айл нүүгээд ирэхэд тооныг нь түшээд өгөхгүй л болжээ. Нүүдэлчдээс өвлөн ирсэн уламжлалт монгол хоол хүнсний соёл ч гэсэн алсран одож, харийн хоол амттай, сайханд тооцогдон дээдлэгдэж байна.
Найм: ЭРДЭМ БОЛОВСРОЛ нэгэн эрдэнэ
Эрдэм боловсролыг эртнээс хүндэлж ирсэн бидэнд энэ уламжлал одоо ч хэвээрээ. Хүүхдэдээ сайн мэдлэг, мэргэжил эзэмшүүлэх хүсэлтэй эцэг, эхийн тоо нэмэгдэж буй нь сайшаалтай. Гэхдээ ийнхүү чухалчлах нь өндөр цалин, өндөр боломжийн төлөөх тэмүүлэл буй нь харамсалтай. Хамгийн гол нь эрдэм мэдлэгийг дипломоор л үнэлэх хандлага түлхүү байна. Үүнээс гадна эрдэм мэдлэгтэйгээс илүү зальхай зальжин нь хойморт суух нь олшрох болсон тул залуус сурсан эрдмээ ашиглах бус зальжин зангаа хөгжүүлэх болжээ. Мэдлэг боловсролтой иргэд бол улсын хөгжил дэвшлийн гол түлхэх хүч байдаг. Хэрвээ эрдэм мэдлэгээр халгисан залуусын эгнээ дүүрэн байсан бол улсын минь хөгжил үүндээ тулахгүй байсан биз ээ. Эрдэм боловсролтой нэгнийг дээдлэн хүндэлдэг ёс энэ л цагт үгүй болж, мэргэд бүхэн хатавчинд “заларч” байна.
Ес: ЁС СУРТАХУУН нэгэн эрдэнэ
Монголчуудын үнэт зүйлээс хамгийн эрчимтэй уруудан доройтож буй нь ёс суртахуун. Ёс суртахууны доройтол туйлдаа тулсны нэгэн тод илрэл нь Монгол Улсын салбар бүрд үүрлэсэн хулгай. Энэ талаар бичилтгүй хангалттай мэдэж буй. Ёс суртахуунд багтаан ойлгодог хувь хүний ёс зүй, гэр бүлийн ёс зүй, нийгмийн ёс зүй бүгд тэр нь, энэ нь гэхгүйгээр доройтон унасан. Монгол хүний жудаг, нэр төрөө хичээх ёс, итгэлийг даах хүнлэг хүнлэг сэтгэл, “За бол ёогүй” хэмээх монгол андгай буюу хариуцлага хэзээнээсээ алсарч, хаана ч юм гээгдэн оджээ. Ердөө 100- хан жилийн өмнө, үгүй ээ магадгүй, ардчилсан нийгэмд шилжихээс өмнөх үе буюу 30 хэдхэн жилийн өмнө ёс суртахуун бидэнд байсан юм шүү дээ.
Ардын уран зохиолч Д.Цоодол
Хэчнээн хүнд бэрх цагийн шалгуурыг давахдаа ч гээж орхиогүй үнэт зүйлүүд бидэнд олон байгаа. Харин өнөөгийн энх цагт жаргаж суугаа бид эдгээр үнэт зүйлээ гарынхаа салаагаар урсгах хэрэггүй.
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж
Эх орон, газар шороогоо хайрлах, тусгаар тогтнол эрхэмлэн дээдлэх үзлийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүүхдүүдийн ой тойнд суулгах хэрэгтэй юм. Энэ бол төрийн бодлогоор нэн түрүүнд зохицуулах асуудал. Улстөрчид зүүн, баруун гэж хуваагдалгүй, монголчуудын нийтлэг үнэт зүйл ийм байх ёстой, үүнийг хүүхэд, залуустаа мэдүүлэхийн тулд ингэнэ гээд хуульчилсан ч болно шүү дээ.
Монголчууд бид ҮНЭТ бүхнээ гээсээр, ҮНЭТЭЙ хэмээн ойлгосон мөнгө, эрх мэдэл рүү нийгмээрээ тэмүүлж, одоо бид ийм л төрхтэй сууна. Бидний нийгэмд өнгө, мөнгөний төлөө бүхнээ худалдах ахмад, дунд, залуу үеийн гурван “арми” болоод мөнгөтэй нэгний өмнө сөгдөн бөхийх бялдууч, зусарч зан, ядарсан нэгнээ урууд нь өшиглөх ихэмсэг төрхтэй хөгийн дорой зан л үлджээ. ҮНЭТ бүхнээ гээсэн үндэстэн ийм л болдог байх нь.
Бид хаашаа явж байгаагаа сэхээрэх тэнхэлгүй, ӨӨРИЙН гэсэн үнэт зүйлгүй нийтээрээ зүгээ алдан төөрч явна.
Бид гэх алдаагаа мэддэг аж. “Монголчуудын үнэт зүйл” судалгааны дүгнэлт хэсэгт “Иргэд байгаль, нийгмийн олон асуудалд санаа зовж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, ядуурал, ажилгүйдэл, авлига, ёс суртахууны доройтол, гэмт хэргийн өсөлт, хуулийн завхрал, улс орны зээл тусламж, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг олон бэрхшээлтэй асуудал иргэдийн бодол санааг эзэмдэх болжээ. Энэ бүхнээс үүдэн эх орныхоо ирээдүйд итгэх итгэл нь суларч байна” хэмээжээ.
Ард түмний итгэл гэдэг хөгжлийн гол хөдөлгөгч гэгддэг. Гэтэл замхарсан олон асуудалд бага ч шийдлийн гэрэл тусгахгүй бол түмний итгэл хаана сэргэж, үнэт бүхнээ хайрлах сэтгэлийн тэнхээтэй болох вэ.
“Үнэт зүйл”-ээ өнгөлөн тордох шалтгаан
Тэгвэл улс үндэстнүүд яагаад үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг юм бол, яагаад чухал вэ гэдэгт хариулт эрье.
Ер нь аливаа улс орны үндэсний үнэт зүйл нь тодорхой байж, үүнийгээ нийтээр хүлээн зөвшөөрч эрхэмлэн дээдэлснээр үндэстэн угсаатны хэв шинж, төлөвшлийг буй болгодог байна. Тухайлбал, “Монголчуудын үнэт зүйл” тайланд дурдсанаар америкууд хувь хүнийг, японууд бүлэг багийг, шведүүд нийгмийг тус тус эрх ашгийн нэгдүгээрт оруулж чухалчилдаг байна. Үүний үр дүнд америк хүнд өөрийгөө илэрхийлэх ур чадвар, “би”-гийн хандлага их, япон хүнд баг, хамт олны шийдвэр, нийтийн хөдөлмөр зарчим хүчтэй, швед хүнд байгальд ээлтэй, нийгмийн тэгш хүртээмжтэй үйлчилгээ амьдралын баталгаа болж хоорондын харилцаа хамаарал, “би”-гийн хандлага давамгайлахгүй, нийтийн хэв шинж илүү төлөвшдөг байна. Ингэж үндэсний тэргүүн эрх ашигт нийцсэн үнэт зүйл ард иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалыг бий болгодог.
Монголчуудын үнэт зүйлс нь Монгол Улсын үндэсний нэгдмэл байдал, эв нэгдлийг хангах, улс орны тусгаар тогтнол, үндэстний өнөд оршин тогтнохуйн дархлааг бэхжүүлэх, улс оронд тогтвортой хөгжсөн шударга нийгмийг цогцлоон байгуулах, Монголын нийт ард иргэдийг ёс суртахуунч, хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээнд уриалан хөтлөх, сэтгэл зүйн зөв, эерэг хандлагыг нийтээр төлөвшүүлэх гол үндэс суурь болох тулгуур үзэл баримтлал юм.
Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн хураангуй тайлал
Доктор, профессор Ж.Баянсан
Үнэт зүйл гэдэг бол чухамдаа зөвхөн эерэг үнэлэмж шингэсэн эрхэм зүйл бөгөөд хувь хүний үнэт зүйл, гэр бүлийн үнэт зүйл, хамт олны үнэт зүйл, улс үндэстний үнэт зүйл гэж байхаас аргагүй. Монгол хүн болгон нь биш юм гэхэд илт зонхиороо “Манай юм, бас миний ч юм” хэмээн үнэлж цэгнэсэн үнэлэмж бүхий сэтгэлгээ шингээж, ой ухамсартаа бэлэн зэлэн хадгалсан, уг юмыг үзвэл баярлан баясаж, өөриймсөн бахдаж ханддаг, эс үзэгдсэн ч үгүйлэн санааширч, дурсан санагалздаг болсон эрхэм чухал, эрхэм нандин зүйлсийг л “Монголчуудын үнэт зүйл” гэж үзэж болно.
Соёл урлагийн их сургуулийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос
Үнэт зүйлээрээ нэгдсэн гэр бүл бат тогтвортой, үнэт зүйлээ бүрдүүлсэн хамт олон хүчтэй нэг зүгт зорьж чадна. Манайхны зарим нь ардчилсан нийгэмд нийтлэг үнэт зүйлстэй байх боломжгүй гэсэн санааг хэлдэг. Үүнтэй санал нийлэхгүй. Харин ч эдийн засаг даяарчлагдсан энэ үед улс орон бүхэн үндэснийхээ онцлогийг шингээсэн өөр, өөрийн үнэт зүйлсээ тодорхойлж, томьёолохыг эрмэлзэж байгаа нь зүгээр нэг хэрэг биш болов уу. Үндэстний үзэл бол тухайн үндэстний амин чанар, бахархал нь юм. Үнэт зүйлээ тодорхойлсноор оюун санааны хувьд нэгэн цул болж, монгол хүний өрсөлдөх чадвар, үнэ цэн нэмэгдэх юм.
Оройтсон ч гэсэн одооноос ч болов “Монгол” гэх ондоошилтой, “Миний, бидний юм...” гэх цээж дүүрэн бахархлаа хайрлая, хүндэлье. Эрхэмлэн дээдэлье. Үрсдээ залгамжлуулъя. Оюун бодол, зүрх тархиндаа ҮНЭТ бүхнээ шингээе. Энэ янзаараа цаашилбал долоо дордоно уу гэхээс найм лав сэхэхгүй. ҮНЭТ бүхнээ хайрласан, улсаараа нэг чиг зүгтэй, “Бидний юм ...” гэх бахархалтай улс эх орны нэг хэсэг нь би баймаар байна.