Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц 31 жил хашсан тэргүүн хамбын албан тушаалаасаа буух өргөдлөө өгсөн. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргав, улс төрийн нөлөө байв уу, түүний орыг хэн залгамжлах вэ гэсэн олон асуулт ундарч байсан ч мэдээллүүд ил боллоо. Сүм хийдийн үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, төр шашны харилцааг хуульчлан шинэ шатанд гаргах, дэлхий дахинд Монголын бурхан шашинтнуудын оюун санааны нэгдмэл байдлын нүүр царай болох, ес болон аравдугаар Богдыг тодруулах үйл хэрэгт Д.Чойжамц хамбын гүйцэтгэсэн үүрэг их байлаа. Дараагийн хамба одоо тэргүүн хамба Д.Чойжамцын бий болгосон хөрс суурин дээр морилж дараагийн түүхэн үүргээ гүйцэтгэх эрхийг атгана. Дараагийн хамбаар олон түмний дунд Монгол багш хэмээн өргөмжлөгдсөн Лхаарамба Д.Жавзандорж томилогдох нь тодорхой болоод байна.
Ийнхүү Сүхбаатар аймагт төрж, өссөн, айлын дөрвөн хүүхдийн нэг Дуламрагчаагийн Жавзандорж гэж залуухан лхаарамба бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар суух нь. Шашны зүтгэлтнүүдийн хувьд нэр хүндтэй залуухан лхаарамбыг одоо олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах цаг болж. Гандантэгчэнлэн хийдийн их хамбаар томилогдсон лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд 1991 онд 11 насандаа шавилан буян номын үйлээ эхэлсэн. Улаанбаатар хотод ирээд Зүүн хүрээ Дашчойлон хийд, Гандантэгчэнлэн хийдийн Дашчоймпил дацанд буддын гүн ухаанд үргэлжлүүлэн суралцаж байгаад 1998 онд Энэтхэгт суралцахаар явжээ. Ингээд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2018 онд лхаарамба цол хамгаалсан байна. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг. Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг юм байна. Д.Жавзандорж лхаарамбын шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч цолоо авчээ. Мөн 2003-2017 онд Энэтхэгийн Гоман дацандаа багшилж байсан. Түүнийг Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол авсан анхны монгол лам гэдэг. Энэ оны эхээр Энэтхэгийн Гоман дацангийнхаа нууц тарнийн шалгалтыг амжилттай өгч, төгсгөлийн зэргийн шалгалтдаа тэргүүлсэн байна. 2018 онд лхаарамба цолоо аваад 2019 оноос Монголдоо ирж, Гандантэгчэнлин хийдэд сууж, Монголын Шашны дээд сургуульд багшлах болжээ. Монгол багш хэмээн алдаршсан Д.Жавзандорж лхаарамба нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сумади Гирди" НҮТББ-ыг байгуулсан, мөн соён гэгээрүүлэх чиглэлийн айлдвар бичлэг түгээж, ёс суртахууны лекц хичээлүүд нь олонд хүрсэн нэгэн юм.

Энэтхэгт гүн ухаанаар суралцаж байгаа найман сургуулийн 10 000 лам бий. Эдгээр лам лхаарамба цолыг хүртэхийн тулд Буддын гүн ухааны 5 ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтанд орох эрхээ авдаг. Үүний дараа 6 жилийн шалгалтад тэнцэж байж тус цолыг хүртдэг. Мөн жил бүрийн шалгалтаа хэр өгсөн гэдгээс хамаардаг бол багш 6 жилийн шалгалтынхаа 4 жилд нь тэргүүлж, 2 жилд нь хоёрдугаар байранд орж байсан амжилтаараа Энэтхэгийн буддын ертөнцөд анхаарал татсан юм. Багш маань лхаарамба цолоо мөн л тэргүүн байрт хамгаалж, анги дамбын лхаарамба болсон. Олон орны шавь нар нь түүнийг Монгол багш хэмээн хүндэтгэн дууддаг. Аймаг, орон нутгаар явж сүсэгтэн олонд лекц уншдаг. Айлтгал тавихдаа хүний амьдралд ойр, шинжлэх ухаан, философитой холбож тайлбарладаг.
Монгол оронд бурхны шашин дэлгэрснээс хойш бараг таван зуун жилийн хугацаанд төрөн гарсан лхаарамба цолтнуудын жагсаалтыг Гандантэгчэнлин хийдийн лам, гавж Э.Гүндсампил эмхэтгэсэн байдаг. Гэхдээ энэ нь бүрэн жагсаалт хараахан биш, лхаарамба цол хамгаалсан монгол лам нар түүхэнд үүнээс илүү олон байсан гэж зарим судлаач үздэг. Энэ жагсаалт Рашаантын хүрээг үндэслэн байгуулсан Өндөр гэгээний шадар шавь нарын нэг Дарав бандидын анхдугаар дүр Лувсансодовжамцаас эхлэн тоологддог. Нийт 56 лхаарамба бичигдсэнээс ХХ зуунд тодорсон, Сөнөд гэвш Ишжамцаас хойш лхаарамба цол хүртсэн эрхэм Монгол багш буюу лхаарамба Д.Жавзандорж бичигджээ. Түүнээс хойш н.Бат-итгэл, н.Дархан, н.Түвшинбаяр нарын лхаарамба төрсөн. Одоогоор монгол туургатнаас лхаарамбын шалгалтанд явж байгаа 20 гаруй лам байна. Энэ дундаас бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар Д.Нямсамбуу гавж монгол багш нарын нэрс яригдаж байсан ч Нямсамбуу гавж өөрөө Жавзандорж лхаарамбыг хамбын албанд хамгийн сайн тохирно гэжээ.

Хамба ламын албаны тухайд, би өчүүхэн ч эргэлзээгүй, Д.Жавзандорж ламыг л хамгийн сайн тохирно гэж мэднэ. Ээ дээ, мөн ч сайхан хуварга, эрдэмтэй, чадвартай лам шүү дээ. Хамба ламтай холбоотой асуудалд нэгд, хамба лам ээдрээтэй цагийг даван туулсан, гэхдээ өөрчлөгдөх ёстой. Хоёрт ариун сахил санваартай хүн болох учиртай. Гуравт Жавзандорж лхаарамба бол дэлхийн буддизмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Монголын буддизмыг шинэ түвшинд авчирж чадна.
Монгол дахь бурхны шашин ээдрээ бэрхшээлтэй нэгэн үеийг туулж байгаа хэдий ч өөрчлөлт шинэчлэлийг бүгдийн хүч зоригоор хийх хэрэгтэй гэж Жавзандорж лхаарамба үздэгээ сонин хэвлэлд ярьсан байдаг. Одоо тэрээр Монголын бурхны шашныг залж чиглүүлэх үүрэг хүлээлээ. Билэгт сайн өдөр түүнийг зална. Одоо тэр ном эрдэм, менежмэнтийг зөв хослуулах нь чухал. Түүний хувьд хүмүүст буддын шашныг хэрхэн шүтэж ойлгох талаар лекц уншдаг, хөдөө аймгуудаар ч явж иргэдтэй уулзалт хийдэг. Ёс суртахуун, бурхны номыг амьдралд ойр хялбар тайлбарладаг айлдварууд нь олны хүндлэлийг хүлээдэг нэгэн юм.
Гандантэгчэнлин хийд бол Монголын бурхан шашинтны төвийн хувьд томоохон байгууллага. Энэ байгууллагыг 31 жил удирдсан тэргүүн хамба Д.Чойжамц төр шашны харилцааг хуульчлан шинэ шатанд гаргах, олон улсын түвшинд Монголын бурхан шашны эзлэх байр суурийг өсгөж улс төрийн үзэл суртлаас ангид зорилго, зорилттой олон улсын бурхны шашны байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж, Далай ламыг 1994 оноос 2016 оны хооронд зургаан удаа залж, IX Богдыг дахин Монголд урьж, Монголын бурхан шашны тэргүүнээр албан ёсоор залж, Монгол Улсын иргэн болохыг төр засгаар хүлээн зөвшөөрүүлсэн. Мөн Х Богдыг шашны уламжлал дагуу тодруулуулан залсан, Монголын бурхан шашныг цаашдаа аливаа гүрний шашин, улс төрийн нөлөөнөөс хамааралгүй, тусгаар, бие даасан байдлаар өөрийгөө авч явах, хөгжиж боломжийг бий болгосон гэж монгол бурхан шашинтны төвийн захиргааны зөвлөл дүгнэсэн.
Одоо тэрээр халаагаа өглөө. Дараагийн тэргүүн хамба монгол багш хэмээн өргөмжлөгдсөн лхаарамба Д.Жавзандорж. Тэрээр олон зуун хуврагийг эрдмээр тэргүүлэн дэлхийн буддын шашинтнууд, шашны зүтгэлтнүүдийн дунд сайшаагдаж байсан. Одоо Монголын бурхан шашинтны төвийг тэргүүлэх түүхэн үүрэг ногдож байна. Олны дунд нэр нь унасан шашин хийдтэй холбоотой олон асуудлыг цэгцлэх, цаашлаад нийгмийн ороо бусгаа байдал, сэтгэлзүйн тогтворгүй байдал, оюун санаа, ёс суртахуун, нийгмийн ёс зүйн төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлт байна.

