Нийслэлд ер нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа зүйлийн нэг нь спортын заал, танхим. Улаанбаатар хотод эрэлт нь хэтийтдэгээ хэтийдсэн бөгөөд 2-3 хоногийн өмнө захиалахгүй бол олдохгүй. Шөнийн цаг, хол газарт буйг нь үл тоон залуус заал руу хошуурч байна. Гэвч 2010-2015 онд эхэлсэн Налайх, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн спортын ордон ашиглалтад орсонгүй. Хүлээлгэж өгөхгүй ч төсөвт өртөг нь өсөн нэмэгдэж, жил бүрийн төсөвт орж ирж буйн цаад шалтгаан юу вэ. Энэ талаар Барилгын захиалагч Биеийн тамир спортын улсын хороо болон Үндэсний аудитын газраас тодрууллаа.

Дашрамд дурдахад, Энэ оны улсын төсөвт 1050 төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаагийн 552 нь өмнөх онуудад эхэлсэн төсөл бол 498 төсөл нь шинээр хэрэгжүүлэх төсөл. Шинээр эхлүүлэх 498 төслийн нийт санхүүжилтэд 4.2 их наядыг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 1.6 их наядыг нь ирэх оны төсвийн төсөлд тусгаад буй юм.

БТСУГ: Налайх дүүргийн спорт цогцолбор 95 хувийн гүйцэтгэлтэй байна

700 хүний суудалтай Налайх дүүргийн спорт цогцолбор

Гүйцэтгэгчээр “Бүрд Констракшн” ХХК ажиллаж буй. Бүрд Констракшн” ХХК, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, худалдан авах ажиллагааны газрууд 9 тэрбум 537,087,256.00 төгрөгийн үнийн дүнтэй “Дүүргийн спорт цогцолборын барилга /Улаанбаатар, Налайх /ажлын гэрээ” ХААГ-А-2013/341 3/379 тоот гурван талт гэрээг 2013 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр байгуулжээ.

Энэхүү гэрээнд “Бүрд Констракшн” ХХК нь “Налайх дүүргийн спорт цогцолбор, 700 суудал Улаанбаатар, Налайх/-ын барилга угсралтын ажлыг 2015 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад өгөхөөр тусгасан байна. Гэвч орон нутгийн санал хүсэлтээр гадна шугам сүлжээний ажил шинээр нэмэгдэж, гарснаар зураг төсөв магадлагдаж 3  тэрбум 960,612,744 төгрөгөөр нэмэгдэж нийт төсөвт өртөг 13 тэрбум 497,700,000 төгрөг болсон байна. Мөн Үнийн өсөлтийн индексээр 1 тэрбум 527,991,468 төгрөгийн төсөв тооцуулснаар  нийт төсөв 15 тэрбум 025,691,468 төгрөг болжээ.

Энэхүү спортын ордны анхны захиалагч нь 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яам байсан бол 2016 онд Эрүүл мэнд, спортын яам, 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, 2021 оноос Биеийн тамир, спортын улсын хороо болж хувирчээ.

Одоогийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг хэллээ. Энэ сард багтаан үлдсэн таван хувийн гүйцэтгэлийг хийж дуусган Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна хэмээв.

ҮАГ: Дулаанд холбогдох ажил хүлээгдэж байна

Харин Үндэсний аудитын газраас ажлын гүйцэтгэлийн хувийг 100 хувь хэмээн үнэлсэн бөгөөд дулаанд холбогдох ажил хүлээгдэж байна хэмээжээ.

БТСГ: Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор 2020, 2021, 2022 онд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч гүйцэтгэл гаргаагүй

1000 хүний суудалтай Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор

2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн №819 тоот Нийслэпийн Засаг Даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Спорт цогцолборын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт МУИС-ийн харьяа Эдийн засгийн дээд сургуулийн хичээлийн байрны зүүн хойд талд байршуулан 0.18 га газрыг эзэмшүүлэх зөвшөөрлийн дагуу 2011 оны 04 сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон МУИС-ийн хоорондын газар эзэмших шилжүүлж, хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Тус гэрээнд Спорт цогцолборын барилгыг 2012 оны дөрөвдүгээр улиралд эхлүүлж 2014 оны нэгдүгээр улиралд бүрэн дуусган ашиглалтад оруулахаар тохиролцсон байна. Гэвч тус барилгын тендерийг 2015 онд Эрүүл мэнд спортын яамнаас зарлаж, “Грийн ресурс констракшн” ХХК шалгарч 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдөр №БУА/2015/01 тоот дугаартай “ЭМСЯ-2015/Х\/12.1-11 Дүүргийн спорт цогцолбор, 1000 суудал /Улаанбаатар, Сүхбаатар/” ажил гүйцэтгэх гэрээг 7 тэрбум 219,023,178.0 төгрөгөөр гүйцэтгэхээр байгуулжээ. Мөн тухайн онд үлдэгдэл ажлын тоо хэмжээг үндэслэн “Дөрвөн гүн” ХХК төсөвт өртөгт тооцоолол хийж Барилгын хөгжлийн төвийн 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 1629/2019 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлтээр 7 тэрбум 219,023,178 төгрөгийн төсөвт өртөг нь 12 тэрбум 188,835,639 төгрөг болж өсжээ.

2010 онд эхэлсэн боловч барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ашиглалтад орохгүй байгаа шалтгаан нь МУИС-ийн эзэмшлийн газарт баригдсан, газрын маргаантай, мөн гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй үйл ажиллагаа, ажил гүйцэтгээгүйгээс шалтгаалан БТСУХ-нд шилжиж ирснээс хойш 2020, 2021, 2022 онд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч гүйцэтгэл гараагүй гэв. Төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх захиалагчийн эрхийг шилжүүлэх хүсэлтийг Боловсролын яаманд одоогоор хүргүүлээд буй юм байна.

ҮАГ: Захиалагчийн үйл ажиллагаанаас болж хэрэгжилт дутуу

Үндэсний аудитын газраас захиалагчийн үйл ажиллагаанаас болж хэрэгжилт дутуу хэмээн дүгнэжээ. Мөн “2022 онд гадна шугам сүлжээний ажлын зураг шинээр боловсруулж, батлуулахаар ажиллахад Ус сувгийн техникийн нөхцөл олгогдоогүйн улмаас барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон байна” гэсэн байна.

БТСУХ: Үерийн далангийн асуудлыг шийдвэрлэснээр 2025 онд ашиглалтад орно

1000 хүний суудалтай Баянзүрх дүүргийн спорт цогцолбор

2010 онд төсөл эхэлж 2013 онд гэрээ байгуулж барилга угсралтын ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Атимос трейд” ХХК ажиллаж буй. Хоёр удаа барилга баригдах газар өөрчлөгдсөнөөр барилгын ажил хойшлох, удаашрах нөхцөл үүссэн байна. Дулааны дэд бүтэц одоогийн баригдаж байгаа газарт байхгүй учраас уурын зуухаар халаахаар төлөвлөсөн зураг төсөвтэй.

Анх БСШУСЯ-тай 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр 8 тэрбум 219.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл арга хэмжээг “Атимос трейд” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн байна. БТСУХ-той шинээр тооцож баталгаажуулсан төсвийн магадлалыг үндэслэн  2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр 11 тэрбум 88.4 сая төгрөгөөр гэрээг шинэчлэн байгуулжээ.

Анхны зураг төсвийн алдаатай хийгдсэн байдлаас шалтгаалж тусгагдаагүй  орхигдсон ажилд нэмэлт зураг төсөв хийх шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна. Зургийн даалгаврыг БТСУХ-ноос 2023 оны гуравдугаар сард батлуулж, анхны зураг төсөвт зохиогч “Зураг төслийн институт” ТӨҮГ-т хүргүүлсэн боловч зураг төсөв үргэлжлүүлж хийхээс татгалзжээ. Учир нь тухайн байгууллагын бүтэц, хэлбэр өөрчлөгдсөн, автоматжуулалтын техникийн зураг төсөв гаргах тусгай зөвшөөрөл байхгүй аж.

Тухайн газрын байршил нь үерийн эрсдэлтэй орчинд баригдсан, барилгын гүйцэтгэлийн явцад үерийн усанд 4-5 удаа өртөж багагүй хэмжээний хохирол амссан бөгөөд 2019 онд үеийн далан хийх зураг төсөв боловсруулж магадлалаар 2.6 тэрбум төгрөгөөр дүгнэлт гарчээ. Гэсэн хэдий ч Нийслэлийн төсөвт суулгах санал дэмжигдээгүй, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай нөхцөл байдлыг тооцож 2024 оны төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна.

2024 онд үерийн асуудлыг шийдвэрлэж, нэмэлт ажлын төсвийг тооцсоноор тухайн барилга 2025 онд ашиглалтад орно хэмээн БТСУХ-ноос хэлэв.

ҮАГ: Гүйцэтгэл 70 хувьтай байна

Үндэсний аудитын газар дүгнэлтдээ “Гадна тохижилтын ажлууд хийгдэж, бассейны тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдсэн, агааржуулалт, галын систем, лифтний тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил хийгдэж байна. Дотор заслын ажил хийгдээгүй, үерийн далангийн зураг төсөл боловсруулж байна” хэмээжээ.

БТСУГ: Цэвэр усны гольдрол дээр байрласан учир цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй

Хан-Уул дүүргийн спорт цогцолборын барилгын ажил 2010 онд эхэлсэн боловч газрын асуудлаас шалгаалан байршил нь гурван удаа өөрчлөгджээ. Гүйцэтгэгчээр нь “Үүрэг трейд” ажиллаж буй. Одоогийн байршил дээр шинээр гадна шугам сүлжээний зураг төсөв хийлгэж байсан боловч Усны техникийн нөхцөл шинээр гаргах боломжгүй байдал үүссэн байна. Учир нь цэвэр усны гольдрол дээр байрласан учир цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй гэв.

Барилгын зураг төсөв бүгд өөрчлөгдөн магадлалаар оруулж батлуулах хүртэл дахиад нэг жилийн хугацаа алдаж, БСШУСЯ-нд 2018 онд хуучин төсөв буюу 3,6 тэрбум төгрөгөөр төсөвт тусгагдаад гэрээ байгуулсан байдаг. Гэвч 2018 онд 3,6 тэрбум төгрөгөөр барилгыг дуусгах боломжгүй болсон ба 2020 оны шинэ магадлалын дүгнэлтээр төсөвт өртөг 2021 онд 7,2 тэрбум онд төгрөгөөр батлагдаж, Биеийн тамир, спортын улсын хороонд шилжин иржээ.

Барилга угсралтын ажлын нэмэлт гэрээ байгуулсан боловч одоог хүртэл усны техникийн нөхцөл шийдэгдээгүй тул ямар нэгэн ажил хийгдээгүй, төсөв санхүүжилт олгогдоогүй байна.

ҮАГ: Санхүүжилт хугацаандаа олгогдоогүйгээс гүйцэтгэлийн ажил 40 хувьтай байна

Үндэсний аудитын газраас санхүүжилт хугацаандаа олгогдоогүйгээс гүйцэтгэлийн ажил 40 хувьтай байна хэмээн дүгнэжээ. 2022 онд гадна шугам сүлжээний ажлын зураг шинээр боловсруулж, батлуулахаар ажиллахад Ус сувгийн техникийн нөхцөл олгогдоогүйн улмаас барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон байна. 2024 оны төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэх хэмээжээ.