
Улаанбаатарчуудад шийдэх ёстой олон асуудал бий. Үүнээс хамгийн чухал нь түгжрэлийг бууруулах. Тэгвэл түгжрэлийг бууруулах хүрээнд өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч тэр бүгд нь үр дүн өгсөн үү гэвэл үгүй. Харин ч иргэдийг улам бухимдуулж цаг зав, хөрөнгө мөнгийг нь үрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй биз.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд автозамын түгжрэлийг бууруулах нэрийдлээр нэгдүгээр эгнээнд хашлага хийж, дугаарын хязгаарлалт тогтоож, төрийн алба, томоохон худалдааны төв, сурагчдын хичээлийн цагийг зөрүүлэх зэргээр аргацаасан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ эдгээр арга замууд нь түгжрэлийг нэг мөр шийдэх гэхээсээ илүү түрхэн зуур л сааруулах гэж оролдсон оролдлого болов.
Мэдээж нийслэлд багтаж шингэхээргүй хүн амын хэт төвлөрөл, ачаалал ихтэй уулзваруудыг нэг мөр шийдэхэд чамгүй хугацаа хөрөнгө мөнгө орох нь тодорхой. Гэхдээ зөв шийдэл арга замыг хэрэгжүүлбэл түгжрэлээс гарах боломж бий. Гол нь үүнийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын уялдаа холбоо нэгдсэн дүгнэлт судалгаа, мэргэжилтнүүдийн арга зөвлөмж чухал үүрэг нөлөө үзүүлнэ. Тэгвэл энэ хугацаанд бүтэлгүйтсэн автозамын түгжрэлийг шийдэхээр хотын шинэ дарга Х.Нямбаатар Улаанбаатарын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ-д энэ сарын 2-ны өдөр өргөн барьсан юм.
Тус хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах аж. Мөн тус хуульд нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэнэ гэж заагаад буй.

Нийслэл хотод тулгамдаад буй төвлөрөл, түгжрэл зэрэг тулгамдсан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой хөндөж байгаа. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн үлэмж хурд 9-13 км цаг болсон. Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдэж байна. Энэ байдлаар үргэлжилбэл 2030 онд 5 км, 2040 онд 0 км болно. Улаанбаатар хотын нэг иргэн жилд 717 цагийг түгжрэлд алдаж байгаа. Нийслэл хотын автозамын түгжрэл, хот төлөвлөлтийн гажуудал, замын сүлжээ, даац хэтрэлт, иргэдийн зорчилт хөдөлгөөн судлаачдын зөвлөмж бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент ялангуяа түгжрэлтэй тэмцэх тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төслийг одоогоор УИХ хэлэлцэж буй. Хэрэв уг төсөл батлагдвал түгжрэл 30 хувиар буурах урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Гэвч урьдчилан дүгнэхэд хэтэрхий эрт. Түгжрэл бүрэн шийдэгдэнэ гэх хүлээлтээс урьтаж өөрсдөөс шалтгаалах зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн түрүүний шаардлага байна.
Үүнд зохиомол түгжрэл үүсдэг уулзвар дээр зохицуулагч нэмэх шаардлагатай. Жишээ нь Баянбүрд, Офицер, Яармагийн тойрог дээр иргэд буруу эгнээ байр эзэлж зогссоноос болж осол аваар гарч нэг талын уулзвар дээр түгжрэл үүсдэг. Үүнээс үүдэж гол замаас орж ирж буй уулзварууд дээр ачаалал нэмэгдэнэ. Иймд дээрх замуудад оргил ачааллын үед зохицуулагч зайлшгүй ажиллах шаардлагатай. Ингэснээр гол замууд дээрх урсгал удаашралгүй явж, зохиомол түгжрэлгүй зорчих боломж нэмэгдэнэ.

Иргэдийн хувьд тойрох хөдөлгөөнтэй уулзварыг нэвтрэх чадвар муутай гэж үздэг. Гэтэл тойрох уулзвар нь хамгийн өндөр нэвтрэх чадвартай. Жишээ нь Баянбүрдийн тойрогт гэхэд нэг цагт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэглэлийн дундаж тоо нь 6213 байдаг. Мөн КТМС-н тойрог 6210 гэх мэт нэвтрэх чадвар сайтай. Гэвч сул тал нь уг цэгт аваар, осол болбол нэг талын хөдөлгөөнөө тэр чигт нь хаах гээд байдаг сул талтай. Иймд жолооч нар уг тойрох хөдөлгөөнтэй уулзвараар дүрэм журмын дагуу нэвтэрвэл ачаалал үүсгэхгүй байх боломжтой.

Дараагийн нэг шийдэл нь иргэд технологийн шийдлийг ашиглаж түгжрэлтэй цэгүүдээс өөр цэгээр зорчих боломж. Хэрэв ингэж чадвал нэг газарт үүссэн түгжрэлийг улам нэмэгдүүлэхээс сэргийлэх боломжтой. Мөн цаашид 25 уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлагатай. Ингэхдээ өөр бусадтайгаа холбоотой уулзварыг системтэйгээр сайжруулж, уулзваруудын нэвтрэх чадварыг сайтар судалж бага нэвтрүүлэх чадвартай уулзварыг өргөтгөх зэргээр шийдэх боломжтой. Ингэж байж түгжрэлээс түр хугацаанд ч болтугай гэтлэх боломж бүрдэнэ.