Оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцахуйг дэмжих зорилготой “Автомат Робот 2023” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургууль дээр зохион байгуулагдлаа.

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубийн оюутнууд цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг 2009 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2014 оноос хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”-ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн Захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг”, ШУТИС-МХТС-ийн Захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран нийслэл хот болон хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их, дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорьдог томоохон тэмцээн болоод байна.

Энэ удаагийн "Автомат робот-2023" намрын тэмцээнд:

  • Дрон
  • Микромауз
  • Тойрог зам буюу робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
  • Шоо цуглуулах робот  (ЕБС болон их дээд сургууль) гэсэн 5 төрөлд Улаанбаатар хот,Төв аймгийн Батсүмбэр сум, Өвөрхангай, Ховд, Завхан аймгаас зорин ирсэн 80 багийн 140 орчим оюутан, сурагчид ур ухаанаа уралдуулан оролцлоо.

ЕБС-ийн ангилалд Орчлон, Уудам Монгол, Тэмүүжин Өрлөг сургуулиуд, Шинэ Монгол Технологийн Коллеж, Зохион Бүтээгчдийн академи, Элит ОУДС, Төв аймгийн Батсүмбэр зэрэг нийт 9 ЕБС-ийн давхардсан тоогоор 47 багийн 97 сурагч,

Их, дээд сургуулийн ангилалд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль болон Механик Тээврийн Сургуулийн харьяа МСҮТ, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Шинэ-Монгол Технологийн Дээд Сургууль зэрэг 7 сургуулийн давхардсан тоогоор 33 багийн 43 оюутан оролцов.

Энэ удаагийн тэмцээнд шинээр нэмэгдсэн Дрон төрлийг “I’m World Mongolia” ЭсЖиЖи Прэнд ХХК ивээн тэтгэж тус тэмцээний эхний 3 байранд шалгарсан оюутан, суралцагчдад бүтээгдэхүүнийхээ дээжийг гардууллаа.

Эхний өдөр Робот Рейс уралдаанд 27 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүнгээр:

  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Э.Энх-Амар  ахлагчтай “DARK ANGEL” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Ч.Маргад ахлагчтай  “DARK ANGEL-I” баг Дэд байрыг
  • Төмөр Замын Дээд Сургуулийн Лут багшийн удирдсан  Г.Урангоо ахлагчтай “ ORGIL” баг Гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнд шинээр нэмэгдсэн Микромауз төрөлд МХТС-ийн 2 баг амжилттай оролцлоо.

Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 59 баг өрсөлдсөнөөс

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Арвис ерөнхий боловсролын сургуулийн  Б.Есүжин ахлагчтай “АРВИС-2” баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-Лицей ахлах сургуулийн Батхүрэл багшийн удирдсан Б.Баяндалай ахлагчтай “Redline” баг ДЭД байр
  • Улаанбаатар бүрэн дунд сургуулийн Ө.Үржинбадам багшийн удирдсан О.Учрах “UB ROBOT” баг ГУРАВДУГААР байр

Их дээд сургуулийн ангилалд

  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Т.Баатархүү ахлагчтай “MNBOT” баг ТЭРГҮҮН байр
  • Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай “ELECTRO” баг ДЭД байр
  • ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн оюутан А.Эгшиглэн ахлагчтай “IDEA” баг ГУРАВДУГААР байрын эздээр тус тус шалгарлаа.

Шоо цуглуулах тэмцээнд нийт 10 баг өрсөлдсөнөөс

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан Отгон-Эрдэнэ ахлагчтай  “Хас хөдөлгүүр-1” баг ТЭРГҮҮН байр
  • Нийслэлийн 23-р сургууль, Б.Батцэцэг багшийн удирдсан М.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Robo-23” баг ДЭД байр
  • Орхон Хасү сургуулийн Мөнхнасан багшийн удирдсан Эрхэс ахлагчтай  “Э-Мета” баг ГУРАВДУГААР байр
  • Орхон Хасү сургуулийн Т.Мөрөн багшийн удирдсан Х.Билгүүнтөгс ахлагчтай  “Cyber Friends” баг Шагналт байранд тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчиддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.