Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчин үүсгэж, улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болдгийг эмч мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Түүнчлэн энэ төрлийн өвчний улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин, эмгэг үүсдэг аж. Үүнийг эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид төдийгүй төр засаг ч тунхаглаж, иргэдийн амны хөндийн эрүүл ахуйн асуудлыг анхаарна гэдгээ илэрхийлдэг. Сайн хэрэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ ажил гоё уриа, ганган үгээр “чимсэн” үндэсний хөтөлбөр, элдэв аянаас хэтэрсэнгүй. Энэ төрлийн аян, хөтөлбөрт улсын төсвөөс багагүй мөнгө ч төсөвлөдөг. Гэвч урт хугацааны, өгөөжтэй шийдвэр байж дөнгөөгүй.

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах өнгөрсөн жилээс орон даяар эхэлсэн. Үзлэгт хамрагдсан хүмүүс, ялангуяа хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл түлхүү ажиглагдсан талаар эмч мэргэжилтнүүд онцолж буй.

Шүд цоорох өвчлөлийг бууруулах арга уг нь тун энгийн. Уг нь үүний тулд элдэв аян, хөтөлбөр зарлаж, улс даяар тунхаглах ч шаардлагагүй. Ерөөсөө л шүдний өвчлөлөөс төдийгүй үүнээс улбаатай элдэв өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх шалгарсан арга нь амны хөндийн арчилгаа. Гэхдээ дан ганц арчилгаа сайн хийлээ гээд шүд эрүүл байна гэвэл өрөөсгөл. Гурван сар тутамд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь энэ төрлийн өвчлөлөөс өөрийгөө хамгаалах хамгийн чухал гаргалгаа юм.

Тэгэхээр элдэв аян, хөтөлбөр зарлахаасаа өмнө шүдний эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, үнийн уян хатан нөхцөлийг бий болгох нь хамгийн үр дүнтэй шийдвэр.

Харамсалтай нь, манайд шүдний эмнэлгийн хүрэлцээ нэн дутагдалтай. Үүнийг уншаад “Чанар, үнээрээ өрсөлдөж, маркетингдаа их хэмжээний мөнгө төсөвлөн үйлчлүүлэгч татахаар мэрийж буй шүдний эмнэлэг эргэн тойронд хэдэн зуу, магад хэдэн мянгаараа бий” гэж эргэцүүлж болох. Гэхдээ хэрэглэгчийн “эрэлд” гараад буй энэ эмнэлгүүд зөвхөн нийслэлд төвлөрч, хөдөөд иргэд шүдний эмнэлгийн эрэлд “хатдаг” гачлан өнөө ч бий.

Монгол улс 21 аймаг, 330 сумтай. 330 сумынх нь ердөө 40 хувь нь шүдний кабинеттай.

Үлдсэн сумынх нь иргэд шүдээ өвдсөн цагт нь аймгийн төв орж эмчлүүлдэг. Аймгийнхаа төвөөс багагүй зайд оршдог, аймаг сумыг нь холбосон засмал замгүй алслагдсан суманд амьдарч байгаа иргэд шүдний өвдөлтөө уламжлалт аргаар эсвэл эмийн эмчилгээгээр намдааж буй. Энэ нь хүндэрч, амь насанд аюултай түвшинд хүрэх тохиолдол ч элбэг.

Тэгэхээр товчхондоо, шүд цоорох өвчлөлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь сумдыг шүдний эмч, шүдний кабинеттай болгох юм. Харамсалтай нь, энэ асуудлыг төр анхаарч, шаардлагатай мөнгийг төсөвт тусгадаггүй. Энэ жишгээр, 2024 оны төсөвт ч энэ төрлийн мөнгийг тусгаагүй байна. Тэгсэн хэр нь соёлын салбарт 402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс урсгал зардалд 247 тэрбум, хөрөнгийн зардалд 154 тэрбумыг төсөвлөсөн байгаа юм. Үүний 132.8 тэрбум төгрөгөөр нь 51 соёлын төв барьж, музей, театрын барилгыг засварлах тусгасан байна. Соёлын салбарт хөрөнгө оруулалт тусгахыг буруутгах аргагүй ч энэ мөнгөөр цөөнгүй сумыг шаардлагатай тоног төхөөрмж бүхий шүдний кабинеттай, мэргэжлийн шүдний эмчтэй болгох боломжтой юм. Ингэснээр мянга, мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой юм.