Сонгуулийн Ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян тэргүүтэй таван хүнийг бүртгэхээс татгалзсан. Ингээд нэр дэвших аргагүй болсон Н.Энхбаяр дарга өөрийнхөө оронд эхнэр О.Цолмонгоо нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл гараад буй. Тус нам өнгөрсөн бямба гарагт дээрх таван хүнийхээ оронд нэр дэвших хүмүүсээ тодруулж, улмаар нэрийг нь СЕХ-нд хүргүүлсэн байна.
Тэдний дунд О.Цолмонгийн нэр багтсан бөгөөд тэрээр 75 дугаар тойрогт нэр дэвших аж.
Тэгвэл энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга “75 дугаар тойрогт нэр дэвших байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хэлмэгдүүлэлтийг биеэрээ амсч байна. МАНАН болон олигархи бүлэглэлийн захиалгаар УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлан, гацааж байна. Тиймээс намын гишүүд ярилцаад МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд түүний гэр бүлийн хүн О.Цолмонг нэр дэвшүүлж байгаа. Яах аргагүй байдалд орсон учраас гаргасан шийдвэр юм. О.Цолмонгийн хувьд эхлээд татгалзаж, зөвшөөрөөгүй. Гэвч намын гишүүд нэлээд шахсаны эцэст зөвшөөрсөн” гэжээ.
Дашрамд дурдахад, О.Цолмонтой АН-аас ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж, МАН-аас “Бишрэлт трейд” группийн захирал Б.Ундармаа, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас З.Болдбаатар, МУНН-аас Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нар өрсөлдөх юм байна.