Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц шашны өндөр мяндаг тушаалаасаа өөрийн хүсэлтээр буухаар хүсэлтээ өгчээ.

Бид түүнийг Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүний хувьд төр шашны харилцаа, нийгэмд юу бүтээв гэдгийг товчхон дүгнэлээ. Сүм хийдийн үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, төр шашны харилцааг хуульчлан шинэ шатанд гаргах, дэлхий дахинд Монголын бурхан шашинтнуудын оюун санааны нэгдмэл байдлын нүүр царай болох, IX болон X Богдыг тодруулах үйл хэрэгт Д.Чойжамц хамбын гүйцэтгэсэн үүрэг их. Одоо тэрээр халаагаа өгөх гэж байна. Дараагийн хамба хэн ч байсан Хамба номун хан, гавж Д.Чойжамцын бий болгосон таатай хөрс суурин дээр морилно. Түүнд ч мөн түүхэн үүрэг оногдоно, түүх түүнийг нь үнэлж цэгнэнэ.

"Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн. Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн".

"Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан. Гандан хийдийн Пил, Гомбожав, Гаадан, Данигай, Дагвадорж гуай гээд үе үеийн хамба нар хамбынхаа л ажлыг хийж байсан. Хамбын ажил хийнэ гэдэг дээшээ Богдын ширээнд сууж Богдын тамгыг барина гэсэн үг биш шүү дээ". “Монголын Үнэн” сонинд өгсөн ярилцлагаас

Дэмбэрэлийн Чойжамц 1951 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. Наймдугаар ангиа нийслэлийн 22-р сургууль, аравдугаар ангиа 28-р сургуульд сурч төгссөн. 1976 онд Шашны дээд сургуулийг төгсөн Гандантэгчэнлин хийдэд голч ламаар ажиллаж эхэлснээр шашин номын үйлээ эхлүүлжээ. Эндээ долоон жил ажиллаад 1983 онд Энэтхэгийн Дарамсалад Гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцжээ. Заримдаа алиа хошин ч энгийн даруу зантай эхээс хоёулаа, насан туршдаа ээжтэйгээ хамт амьдарсан, төрөл бүрийн хөгжим тоглох, бага залуудаа барилдах дуртай байсан энгийн нэгэн энэ хүн Монголын бурхан шашны түүхэнд тод мөрөө үлдээж, буддын шашинтан хэн бүхний ойроос ч болов харахыг хүсдэг нэгэн болов. Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж Гандантэгчэнлин хийдийн дэд хамба байгаад 1992 оноос хойш 31 жил Монголын бурхан шашинтны хийдийн тэргүүн хамбаар ажиллахдаа хэд хэдэн түүхэн үүргийг гүйцэтгэсэн.

Төр, шашны харилцааг хуульчлахад томоохон үүрэг гүйцэтгэсэн

Д.Чойжамц хамбын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар ажилласан хугацаа Монгол Улсад чөлөөт ардчилсан нийгмийг бүрдүүлэн тогтоохыг хичээж байгаа хугацаатай чацуу. Энэ хугацаанд нийгмийн зохицуулалтын бүх л хууль дүрэм өөрчлөгдөхөд үүнтэй хамт төр шашны харилцаа, иргэний шашин шүтэх эрх, олон шашин зэрэгцэн оршиход хүндэтгэлтэй хандах үзэл гээд сүсэгтэн, Гандан хийд, төр шашны харилцааг зохицуулан хуульчлахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж дүгнэдэг. Д.Чойжамц хамба 1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан.

Үндсэн хуульд Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна гээд хүнийг шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн шашин шүтэх эрх чөлөө, төр шашны харилцааны тулгуур зарчим батлагдсан юм. Үүний дараа 1993 онд Төр сүм хийдийн харилцааны тухай хууль батлагдсан нь өнөөгийн буддын шашны хөгжил, төр шашны харилцааны гол зохицуулагч хэвээр байна.

Энэ хуульд Монгол Улс дахь төр, сүм хийдийн харилцаа төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэнэ. Төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно. Сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэхгүй бөгөөд төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох, санхүүжүүлэхийг хориглоно. Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах, шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн үндсэн зарчмын зохицуулалтуудыг хуульчилсан байдаг. Түүнээс хойш улс төрийн хүрээнд шашныг ашиглах гэсэн маш олон сонирхол, санаархал явсан ч эдгээр зохицуулалтууд үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Үүнд Д.Чойжамц хамбын төр, шашны харилцааг нарийн зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг их юм.

Уламжлалт бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц бол иргэн, төр, шашны хоорондын харилцан ойлголцлыг эв зүйгээр зохицуулагч, үндэсний эв нэгдлийг зангидах томоохон байгууллагын тэргүүний хувьд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлөгч, үндэсний эв нэгдлийн нэг тулгуур болон ажилласан байдаг. Нөгөөтэйгүүр тэр улс төрийн хүрээний нөлөө бүхий эрхэм. Өрнөж байгаа үйл явдал бүхэнд сүр бараатай гарч ирэн тайлбар өгөөд байдаггүй ч хаяахан үг хэлэх, айлдвар өргөхдөө хэлсэн үгс нь өргөн түмнийг хамарсан нөлөөллийг үзүүлж байлаа. Түүний үйл хэрэг дэлхийн түвшинд ч нөлөөлж Азийн буддистуудын энх тайвны холбоог ч тэргүүлэн ажилласан.

Гадаад ертөнцөд монголчуудын эв нэгдэл, олон шашны үнэт зүйлийг хүндэтгэгчийн бэлгэ тэмдэг болж шашны болон улс төрийн томоохон айлчлалуудад оролцож өөрийн үүргүүдийг гүйцэтгэжээ.

Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн гээд олон ажлуудыг хавсран гүйцэтгэж ирсэн юм.

"Тэр таниулах гэж байгаа зүйлс рүү очиж гар хүрсэн хүүхэд ганцхан байсан. Бусад нь огт хүрээгүй. Энэ хүүхэд бол шууд тэр шашны хэрэглэгдэхүүнүүд дээр очсон. Өөрийнх нь өдөр тутам ном уншдаг байдаг хайртай эрхийг нь шууд олж аваад хүзүүндээ зүүчихсэн. Өөрийнх нь үргэлж хэрэглэдэг хайртай эрхи нь л дээ. Тэгсэнээ тэр дотроос хонхыг нь олж гаргаж ирээд барьж үзээд, нэг цохиод дугаргаж байгаа юм. Яг л өөрийнхөө урд дүрийн хэрэглэж байсан юмнуудыг таниж олж авсан. Тунамал сайхан Богдыгоо туулай жилдээ зална даа ...гэж энэ дууг манай монголчууд тэртээ хориод оны сүүлээр дуулж байсан юм билээ. Үнэхээрийн тунамал сайхан Богд заларсан. Төр шашиндаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн томоохон илрэл Х Богдыг тодруулахад ажиглагдсан даа. Богд гарч ирснээрээ монголчуудын эв нэгдэл, ёс зүй, дээрээс нь гадаад дотоод нэр төр, энхтайванч бодлогод яах аргагүй ач тусаа өгөх юм".

Богдыг тодруулсан гавьяа

Энэ бүх хугацаанд тэрээр өөрөө Богд болохыг хүсээгүй, харин Богдын дүрийг Монголоос тодруулахын төлөөх үйл хэргүүдийг явуулж байсныг шашны зүтгэлтнүүд хэлдэг.

Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн тэрээр IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэж, дэмжсэн. Түүнчлэн X Богдыг тодруулах үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж ажилласан нь тодорхой байдаг.

Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “2016 онд Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан. Хүүхдийн талаасаа ямар нэгэн шинж тэмдэг тодорхой мэдэгдэх хүртэл бид хүлээсэн. Тэгээд овоо болоод дөрөв таван нас хүрээд ирэхийнхээ алдад илүү шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлж байгаа юм” гэж ярьжээ.

Д.Чойжамцад хамба номун хан цол олгохдоо үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байдаг

Монголчууд олноороо тунамал дүртэй Богдыгоо туулай жилдээ заллаа хэмээн баярлаж байна. Харин X Богдод улс үндэстнээ бэхжүүлэх, дэлхий дахинд шашин хоорондын ойлголцол энх тайвныг гүнзгийрүүлэх түүхэн үүрэг оногдоно. Харин энэ хүртэл шашин дэлгэрүүлэх, Төр-Иргэн-Шашны харилцааг хуульчлан зохицуулах, шашны зүтгэлтэн, улс үндэсний эв нэгдлийн гол нөлөөлөгч болж, гадаад улс орнуудад монголчуудын оюун санааны нэгдэл, хүч ухааныг төлөөлөгч гэдгийг харуулан өөрийн биеэр хөрс суурийг бэлдсэн түүхэн гавьяа Д.Чойжамц хамбад оногдоно. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц бол 29 дэх Номун ханаар өргөмжлөгдсөн Монголын бурхан шашинтны томоохон зүтгэлтэн. Энэ цолыг Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын шийдвэрээр олгосныг холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Ерөнхийлөгч соёрхон баталгаажуулсан. Үүнд уламжлалт бурханы шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байдаг. Энэ бүгд Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын шашин төрийн харилцаа, бурханы шашныг түгээн дэлгэрүүлэх үйлс, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, дэлхий даяар монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг харуулж ирсэн түүхэн гавьяа юм. Одоо тэрээр халаагаа өгөх гэж байна. Дараагийн хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамцын бий болгосон таатай хөрс суурин дээр морилно. Түүнд ч мөн түүхэн үүрэг оногдоно, түүх түүнийг нь үнэлж цэгнэнэ.

"Бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж ирээдүйгээ цогцлооно. Дор бүрнээ оюун ухаалаг, хөдөлмөрч байх сан".

Энгийн зүйлээс л эх орон эхэлдгийг мартаж болохгүй. Өөрийгөө энхэрлэн барих нь уналт болгоны үүд болдог. Эх болсон хамаг амьтныг энхэрлэн барих нь сайн үрийн суурь болдог юм шүү. Ард түмнийхээ төлөө л үнэн сэтгэлээсээ зүтгэ. Үеийн үед нэр төр, хувь заяа чинь тэгш явна. Хувиа хичээж явах нь тэр үеэ л аргалж өнгөрөөх хэрэг. Дараагийн үед бүдгэрнэ. Аягүй бол хараар ч үлдэж мэднэ.

"Өөрийн үндэс язгууртаа учруулаад байгаа нүгэл хилэнц гэвэл авах гээхийн ухааныг ялгаж салгаж мэддэг төрөлхийн ухаанаа алдмааргүй байна. Эв нэгдлийг бий болгох ёстой. Түүнчлэн бид болион мэдэлтэй байна. Энэ нь өөрийн хэрээс давсан шунал, хүсэлтэй байхыг хэлдэг. Чадал хүчиндээ тохирсон хүсэлтэй байж, түүнийгээ олж хийж байх нь чухал. Ингэж чадваас нэр алдар, эд таваар, өргөл хүндлэл цэвэр цэмцгэр байна. Хэтэрсэн хүсэл хүнийг буруу тийш хөтөлдөг".