Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр Их нууруудын хотгор, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар болон Дорнод, Монголын тал нутгаар сард дунджаар 5-7 өдөр, бусад нутгаар 1-5 өдөр цас ордог байна. Эндээс харахад уул зүйн нөлөөгөөр уулынхаа ард талд бага хэмжээний даралтын орон гүнзгийрч, хотгор газрууд болон гол нуурын хөндийгөөр цас орох тохиолдол харьцангуй их байдаг аж.
Манай оронд аравдугаар сараас эхлэн цасан бүрхүүл үүсэж, арваннэгдүгээр сарын сүүл гэхэд цасны зузаан 3.5–4.5 см хүрч нэмэгддэг байна.
Арваннэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг.
Сарын нийлбэр хур тунадасны хувьд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-8 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0-2 мм, бусад нутгаар 2-4 мм ордог байна.
Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур болон хур тунадасны олон жилийн явцыг харахад агаарын дундаж температур 1979, 1981, 1984–1987, 1989, 1993, 1996, 2000, 2002–2003, 2009, 2011–2012, 2015–2016 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1-5°С–аар хүйтэн байсан бол 1980, 1983, 1988, 1994–1995, 1998–1999, 2001, 2005–2008, 2010, 2013–2014, 2020–2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байжээ.
Харин хур тунадас 1979, 1987, 1990, 1992, 1996, 2000, 2003, 2009–2012, 2015–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу, 1985, 1988–1989, 1995, 1997, 1999, 2004–2008, 2014, 2018, 2021 онууд ОЖД–аас харьцангуй бага хур тунадас орсон байна.