“Whistleblower” гэдгийг махчлаад “шүгэл үлээгч” гэж орчуулсан хуулийн нооргийг АТГ-ынхан сүүлийн 10 жил зүтгүүлж байгаа юм л даа.
Нүднээс далд үйлдэгддэг авлига, албан тушаалын хэргийг орон нутагт бүтэц нэгжгүй, цөөхөн гүйцэтгэх ажилтантай тус байгууллага олныг шуналаар нь дөрөөлөн хөшүүрэгдэж илрүүлж чадна гэж үзэж байгаа бололтой. “Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаглал ч ялзарна” гэдэг шиг нийтийн эрх ашгийн төлөө далд мууг гэрчлэх хүмүүсийг хамгаалах тухай төрийн бодлогын хэмжээнд ярьж байгаа нь аль ч утгаараа сайн хэрэг. Шүгэл үлээгчийг тэгж ингэж хамгаална гэж хуульчлах нь нэг хэрэг. Цаасан дээр буулгаснаа хэрэгжүүлж чадахгүй бол тэр чинь тунхаг шүү дээ.
Мэдээлэгч
Эхний оролдлогоо АТГ-ынхан “Мэдээлэгчийг хамгаалах хууль” нэрээр 2013 онд танилцуулж, хуулийн төслийн нэрийг нь “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль” нэрээр Ц.Оюунгэрэл, Л.Болд, Г.Баярсайхан нар барьж хэсэг гүйлдсэн. Тэгэхэд Дотоод явдлын яам, НАХЯ-ны мэдээлэгч, матаачийн сүнсийг АН-ынхан дуудах гэж байна гээд бөөн шүүмж болов доо. Тэр шүүмж дундуур Монгол Улс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хуультай болсон. Тахарууд гэрч, хохирогчийг хамгаалахаас гадна оргон зайлсан сэжигтэн яллагдагчийг эрж олох, ялтан хуяглан хүргэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах албаныхан байв. Анхны бөгөөд сүүлийн даргаар нь хурандаа Ц.Азбаяр, дэд даргаар нь криминалогич Б.Батзориг ажиллаж, цалин ахиуг нь бодож дотоодын цэрэг, арми, цагдаагаас олон залуу элсэж байлаа. Х.Тэмүүжин энэ албанд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөх чиг үүргийг хариуцуулна гэж ярьдаг байв. Тэгээд удаагүй ээ, Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас унасны дараа Д.Дорлигжав төгөлдөржүүлж чадаагүй, МАН 2017 онд “илүү зардал” гэж үзээд Тахарын хуулийг хүчингүй болгосон. Тахарын ерөнхий газрыг татан буулгасан нь өнөөгийн ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үүсэл.
Илчлэгч
АТГ-ын хоёр дахь оролдлого “Илчлэгчийг хамгаалах хууль” нэрээр 2020 онд танилцуулагдсан. АТГ ажлаа УИХ-д тайлагнадагтай холбоотой юу УИХ-ын дарга Г.Занданшатар нэг өглөө л “Шүгэл үлээвэл 1.5 тэрбум төгрөгөөр шагнана” гээд гараад ирсэн. Удалгүй 2021 онд Засгийн газраас “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль” нэрээр төслөө УИХ-д өргөн барьсан нь анхны хэлэлцүүлгээ даваад байгаа. Төслийг УИХын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг ахалж, Г.Занданшатарын “Авлигын эсрэг чуулган байх болно” гэдэг тунхгийн дор тун эрчтэй явж байна даа. Энэ төсөл дээр Монголын сэтгүүлчид, Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форумаас олон санал, шүүмж хэлдэг. Тухайлбал, ихэнх тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж шүгэл үлээдэг. Гэтэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд эх сурвалжаа нууцлах эрх, үүргийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хариуцуулаагүй. Үнэхээр л иргэдээр шүгэл үлээлгэх гэж байгаа бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд эх сурвалжаа нууцлах эрхийг өгөх ёстой гэж байгаа юм. Гэсэн хэдий ч эрх баригчид “Гүтгэлэг, нэрээ нууцалсан матаас утгаа алдана” хэмээн айж буй. Дүлий төрд шивнэж хэлсэн үг элс рүү асгасан ус шиг байгаагийн дээр өөрийгөө эрсдэлд оруулдаг тул хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан шүгэл үлээж, олон нийтэд мэдэгдэх замаар тэдний дэмжлэгийг авч хууль бус үйлдлийг зогсоох талаар төрийг шахдаг даа. Үүнийг умартан Засгийн газар зөвхөн төрд мэдээлэл өгснийг шүгэл үлээсэнд тооцон хамгаалах хууль оруулаад иржээ.
Гэрч
Өөрөө хараагүй, үзээгүй, мэдэхгүй зүйлээрээ “шүгэлдэнэ” гэж байж болохгүй. Таамгаа цаасан дээр буулгаад бусдыг шалгуулах, бодлоо хэлээд бусдыг ухуулах бол хуучин цагийн нэргүй матаас, шинэ цагийн “бөгс ухах” тухай ойлголт болоод явчихна. Энэ бол жинхэнэ монголчуудын оюун санаанд хортой, үндэсний аюулгүй байдалд ноцтой үр дагавар тарина. Шүгэл үлээгчийн урамшуулал авахын тулд хэлж засахын оронд алдахыг нь баярлаж хүлээдэг, өгөөш тавьж байгаад түгжилддэг нөхдөөр нийгэм дүүрнэ. Гэрчийг хамгаалах тогтолцоог ч бодитоор бий болгож чадаагүй Монголд шүгэлчдийг хамгаална гэдэг юу л бол. Доржзодовууд, шүгэлчид, гэрчүүдээ эхлээд ялгах хэрэгтэй байна. Шүгэл үлээгч яаж ч бодсон гэрч л байх ёстой. Гэрч байгаа тохиолдолд гэрчийн хамгаалалтын тухай эхлээд ярина. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрчийг байцаадаг. Худал хэлбэл хуулийн хариуцлагатай. Дуудахад ирэхгүй бол бас хуулийн хариуцлагатай. Гэрчийг байцаахдаа мөрдөгч нь хөтөлж асуух гэж оролдоно. Хэргийн нөгөө талууд гэрчид нөлөөлөх гэж оролдоно. Гэрчийг байцаасан бол гэрчийн мэдүүлгийг хавтаст хэрэгт тусгана. Хавтаст хэрэгтэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хэргийн бусад оролцогч танилцаж таарна. Нэг ёсондоо гэрчийг нууцлах чадамж Монголд байхгүйтэй адил. Гэрчийг ч нууцалж чадахгүй байхад байгууллагынхаа хууль бус ажлыг, даргыг хяналт шалгалт, хуулийнханд баримттай нь мэдээлээд явах бололцоо байна уу. “Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр болсон дээр” гэдэг айдас бодитой байгаа нөхцөлд түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөхгүйн баталгааг бодитой хангаж чадах уу. Цөөхөн хүн амтай, төсөв хөрөнгө муутай Монголд маань гадагшаа яриа гаргадаг, хов зөөдөг нөхрийг ажилд авах байгууллага олдох уу гэдгээс юм болгон эхэлнэ. Худлаа хэлбэл дэмий шүү гэж хууль сануулж байгаад бүгдийг яриулдаг, яриулсан хойноо яллагдагчаар татдаг тактик мөрдөгчид бий. Учир нь, гэрч үнэнийг мэдүүлэх үүрэгтэй, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Яллагдагч болж тэр эрхээ мэдэхээс нь өмнө гэрчээр байцаана. Ялагдагчаар татсан хойноо бас л хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллавал, сайн дураараа илчилбэл ялыг чинь хөнгөлнө, хялбаршуулж шийднэ гэх маягаар дэгээднэ. Ерөөсөө Монголын эрүүгийн процесс хэрэг илрүүлэхийн тулд гэрчийг ашиглах л зохицуулалттай. Ашигласан бол тэгээд хаяна. Гэмт хэргийн тухай, хэрэгтний тухай мэдээллийг худалдаж авдаг тариф уг нь бий. Хэрэг илрүүлэхэд үнэтэй мэдээлэл өгснийхөө шанд мөнгө авлаа гэж нэг ч жишээ сонсогдсонгүй ээ. Ийм нөхцөлд шүгэл үлээлээ гэж шагнана гэдэг юу л бол. Төрийн байгууллага өргөдөл, гомдлыг барагдуулдаг, санал хүсэлтийг шийдвэрлэдэг, хэвлэл мэдээлэл нийгмийн шүүмжлэлийг ажилдаа тусгадаг болчихвол энэ болгон л шүгэл үлээлт шүү дээ.
Тахар
Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаасаа буухаасаа өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн зорьсон хоёр ажлыг хийхээр төлөвлөж байсан юм. Эхнийх нь, Тахарыг сэргээн байгуулах. Хоёр дахь нь, Үндэсний мөрдөх албыг байгуулах. Хуульчдын өмнө, хаалттай уулзалтад хавчуулж хэлсэн энэ үг нь Засгийн газрын бодлого байсан уу, хувь улстөрчийн бодол байсан уу мэдэхгүй. Ямар боловч бэлэн төсөл, бичсэн ноорог байдаг бол Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр Х.Тэмүүжинтэй ч, Х.Нямбаатартай ч тэрсээд байдаггүй нэгэн. Төрийн залгамж чанар гэдгээр харвал 2024 оны сонгуулиас наана баталдаггүй юм гэхэд УИХ-д өргөн барих, аль эсвэл бэлэн болгоод дараагийн Засгийн газарт үлдээх ажил хийгдэх биз ээ. Манайд тагнуул, цагдаа, АТГ, хилийн цэрэг, ЗХЖШ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх ажил явуулах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажил явуулах нэгжүүд бий. Үндэсний мөрдөх алба байгуулна гэдэг эдгээр байгууллагын эсэргүүцэл, амбицыг давна, энэ бүгдээс гүйцэтгэх ажлыг нь салгана гэсэн үг. Наад зах нь, гэмт хэрэгтэй тэмцэх төрийн чиг үүрэг Засгийн газарт байдаг гэдэг талаасаа УИХ-д ажлаа тайлагнадаг АТГ-аас дээрх чиг үүргүүдийг нь шалдлан авч, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй нь үлдээнэ гэсэн үг. Энэ мөчлөг дээр АТГ-ынхан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулаад өөрсдөө тэднийг хамгаалдаг байгууллага болон хувьсаж болох л юм. Нөгөөтэйгүүр, одоо 50-хан орон тоогоор Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэргийн хохирогчийг, томоохон хэргийн цөөхөн гэрчийг хамгаалж байгаа ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийг Х.Тэмүүжингийн үеийн Тахарын ерөнхий газрын хэмжээнд өргөжүүлэх цаг үе болсон байж мэднэ. Баримт мэдээллийг авсан байгууллага нь тэр хүнээ хамгаалдаг байхын оронд шүгэл үлээгчдийг хамгаалдаг бие даасан байгууллагаа эхлээд байгуулах нь чухал байна.