Уул толгод шиг чимээгүйхэн ах нарын тухай, учир ерөөлөөр холбогдсон нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх шинэ бүтээл мэндэллээ. “Ахан дүүс” олон ангит кино... Яг л миний туулсан зам шиг, яг л таны авсан мэдрэмж шиг танил дотно өнгөрсөн цаг хугацаа. Болдог сон бол кино руу ороод дүү нарт нь чихэр атгуулж, ахад нь мөнгө өгч тусалмаар санагдах... Аавынх нь мулгуу аагаас ах дүү тавыг хамгаалж, халуун энгэртээ тэвэрмээр... Тийм нэгэн амьдрал, тэнхээ, чадалтай ах дүү нарын тухай шинэхэн цуврал 10-р сарын 28-ны бямба гарагт Боловсрол телевизээр эхэлнэ. Гол дүрийг бүтээсэн залуус бол тэд. Х.Даваахүү гэх том ахын бага насанд залуу жүжигчин У.Хүслэн, Г.Тэнүүн-Эрдэнэ тоглосон бол идэр настай Х.Даваахүүг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Т.Сэргэлэн бүтээлээ.
Орчлонгийн хатуу жамд ижийгээ алдсан хүүгийн дүрийг гаргах хэчнээн хүнд байсан бол гэж бодохоос сэтгэл давчдам. Залуу жүжигчин У.Хүслэн 15 настай. “Нийслэл хүүхэн”, “Гэсэн ч би хайртай” зэрэг 10 орчим уран сайхны кинонд дүр бүтээсэн авьяаслаг хүү. Х.Даваахүүгийн зан чанар, дотоод ертөнц, сэтгэл зүй, хэв маягийг тун сайн урлаж бүтээсэн нь нэгдүгээр ангиас л харагдана.
Өсвөр насыг бүтээсэн жүжигчин бол Г.Тэнүүн-Эрдэнэ. “Хэвтрийн хүн”, “Солиот эх”, “Хийморь”, “Эргэж ирэхгүй намар”, “Тэгри Чину” зэрэг томоохон бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээсэн арвин туршлагатай. Хайрлаж дурлах, тоглож наадах насандаа эцэг эхийн хурал дамжин завгүй гүйх том ахын энэ дүр эрхгүй анхаарал татдаг.
Идэр насыг бүтээсэн жүжигчин МУСТА Т.Сэргэлэн. Айлын том хүү амьдралаа үүрэх тушаал авсан мэт цэх зогсоно. “Анна Каренина”-ийн Алексей Кириллович Вронский, “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлиг, “Хайрын виз”-ийн Жаргал гэх мэт тайзны дүрүүдээр үзэгчдийг татсан Т.Сэргэлэн дэлгэцийн шинэ бүтээлээр үзэгчидтэйгээ золгох нь. Тэр дундаа анх удаа олон ангит кинонд тоглосон нь энэ юм.
Том ахын дүрийг тэд яв цав ярилцан тохирч бүтээв үү гэмээр сайхан амилуулжээ. “Ахан дүүс” олон ангит киног бямба, ням гаргийн 22:00 цагаас Боловсрол телевизээр хүлээн авч үзээрэй.
