
Зуслангийн үйл ажиллагаа ямар байвал зохих талаар “Мөрөөдөл” олон улсын хүүхдийн төв ТББ-ын тэргүүн А.Цогтмагнайтай ярилцлаа.
-Зусланг та юу гэж тодорхойлох вэ. Энд хүүхдүүд амрах ёстой юу, эсвэл хөгжих ёстой юу?
-Зуслан бол хүүхдийг амраангаа хөгжүүлдэг газар. Амрагч хүүхдүүд их нээлттэй, нийтэч болдог. Хүүхэд өөрийгөө нээнэ гэдэг бол юуг ч сурах боломжтой болно гэсэн үг. Түүн дээр нь жаахан дэмжээд өгвөл хурдан юм сурдаг. Тиймээс зөвхөн амраадаг газар гэвэл өрөөсгөл. Зусланд ирж өөрийгөө танин мэдэж, юу хийж чаддаг вэ гэдгээ хүүхэд өөрөө олж мэддэг. Үүн дээр нь нэмээд зуслангаас хүүхдээ дэмжсэн хөтөлбөр, сургалт явуулахаар хүүхэд маш их хөгждөг. Мэдээж хэрэг өөрийгөө олж, нээхийн тулд маш их туршилт хийх ёстой болно. Харин тэр туршилтын талбар нь зуслан юм.
-Та зуслан бол бизнес биш. Төр үүнд оролцох ёстой гэх саналыг хэлдэг. Яагаад төр зуслангийн үйл ажиллагаанд оролцох ёстой юм бэ?
-Зуслан бол ашиг олох зорилготой бизнес биш. Ингэж харвал хүүхэд хөгжлийн асуудал орхигдоно. Гэхдээ огт ашиг олохгүй гэсэн утга бас биш бөгөөд ашиг сайн олох хэрэгтэй. Тэр хэмжээгээрээ зуслангаа хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд тухтай, аюулгүй орчинд амрах ёстой, хүүхэд хөгжил, урлаг спортын зэрэг төрөл бүрийн хэрэгслүүд байх ёстой. Мөн тэнд ажиллаж буй багш, ажилчид өндөр цалин авдаг байх ёстой. Тэгэж байж хийж буй ажилдаа илүү сэтгэлээсээ ажиллана. Тийм биздээ. Гэтэл авч буй цалиндаа сэтгэл ханамжгүй бол урдах ажилдаа 100 хувь өөрийгөө зориулж чадахгүй. Ялангуяа хүүхэд гэдэг бол илүү анхаарал халамж шаардсан амаргүй ажил. Тиймээс яах аргагүй улсаас анхаарал хандуулах ёстой. Одоо зуслангууд ашиг олох битгий хэл алдагдал хүлээхэд ойрхон байна. Төрөөс зуслангуудад зориулж, хоёр төрлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, багш боловсон хүчин. Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш бэлддэг. Гэхдээ зуслангийн багш бэлддэггүй. Ихэнх зуслан зуны 2-3 сар ажилладаг. Тиймээс түүнд нь зориулж багш бэлдэж яах юм гэж боддог байх. 2-3 сар ажиллах боловсон хүчинг тусгайлан бэлдэж болдоггүй юм бол ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зусланд багшлах давхар мэргэжилтэй болгож болно. Нэмэлт кредит цаг үзэж, тусгай эрхийн бичиг авдаг болчихвол хаана хаанаа тустай. IX-VI сар хүртэл сургуульдаа багшлаад зуны гурван сардаа зуслантай гэрээ хийн багшлаад явж болно. Ер нь хүүхдүүд зусланд очоод танхимд байснаас өөр зүйлийг сурна, мэдэрнэ. Тэр нь амьдралд нь суурь болж өгдөг.
2-3 сар ажиллах боловсон хүчинг тусгайлан бэлдэж болдоггүй юм бол ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зусланд багшлах давхар мэргэжилтэй болгож болно.
-Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас зуслангийн багш бэлддэг шүү дээ?
-Жил бүрийн хавар хоёр өдрийн сургалт явуулдаг. Сургалтаар ерөнхий хууль дүрэм, хүүхэдтэй хэрхэн ажиллах, ямар тоглоом тоглуулах вэ зэрэг суурь мэдлэгийг олгодог. Миний бодлоор хүүхэд сургах гэж байгаа багшийг хоёрхон өдрийн дотор хангалттай хэмжээнд бэлдэж чадахгүй.
-Тэгвэл төрийн хоёр дахь оролцоо дэмжлэг нь?
-Хувьсах зардал. Сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хувьсах зардал өгдөг бол зусланд байдаггүй. Өнгөрсөн хугацаанд Хүүхдийн төлөө үндэсний газраас үүнд анхаарч хувьсах зардал өгдөг болъё гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгвэл энэ нь маш их дэмжлэг болох болно. Хувьсах зардал байх ёстой. Эргээд тэр хэмжээгээр хяналтаа чангатгах ёстой. Хүүхэд бол хамгийн их анхаарал шаарддаг. Олон улсын төвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулахын тулд бидэнд хувьсах зардал зайлшгүй хэрэгтэй.
-Гаднын улсын зуслангийн стандарт ямар байдаг вэ. Та энэ талаар судалж үзэв үү?
-Гаднын зуслангуудын бүх юм нь нарийн тодорхой стандарттай байдаг. Хэрэглэх аяга, сандал, хөнжил гэх мэтчилэн бүх зүйлийг зуслангуудын холбоо нь шийддэг. Үүнд бизнесийн байгууллагууд нь хүртэл санаа тавина. Зөвхөн зусланд зориулсан эдлэл хэрэглэлийг үйлдвэрлэж нийлүүлдэг юм билээ.
-Өвлийн зуслан байгуулахаар ажиллаж байгааг тань сонссон. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Жилийн дөрвөн улиралд ажилладаг зуслан байгуулна гэсэн алсын зорилго бий. Зун зуслан дээр хүүхдүүдээ нээж чадаж байна. Тэгвэл үүнийгээ өвөл ч гэсэн үргэлжлүүлье гэсэн зорилгоор төслөө эхлүүлсэн. Өнгөрсөн намар бид сургалтын төв байгуулан, түүгээрээ дамжуулан хүүхдүүдээ хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг ач холбогдол нь үндсэн багш нартай болох. Сургалтын төвдөө зуслан дээр ордог хичээлээ академик байдлаар оруулна. Мөн эко аялал, зуслан дээрх өдрийн хөтөлбөр зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж:
