Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын ажлын явцыг тодруулахаар Сүхбаатар дүүрэг дэх Геронтологийн үндэсний төвийг зорин очлоо. Шинэ эмнэлгийн барилгын ажил “сураг алдарч”, тус төвийг Сэргээн засах 36 ортой эмнэлгийн барилгад нүүж оруулахаар шийдвэрлэсэн тухай дэд захирал М.Энхбаяр өгүүлэв. 2024 он гарахтай зэрэгцэн нүүх байх гэсэн тайлбарыг өглөө.
Геронтологийн үндэсний төв одоогийн барилгынхаа 40 хувьд ажлаа явуулдаг
Геронтологийн үндэсний төвийн одоогийн ашиглаж буй барилга 1956 онд ашиглалтад орсон 1800 м2 талбайтай. Гэхдээ үндсэн барилгын 40 хувийг буюу 17 өрөөг энэ төв ашиглаж байна. Хувийн компанитай хамтран эзэмшдэг учир ийнхүү тал хүрэхгүй талбайд ахмадуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй аж. Хоёр давхар энэ жижигхэн барилгын үлдсэн хувьд төрөл бүрийн хувийн эмнэлэг, лабораториуд ажиллаж байгаа харагдана.
Хана нь эвдэрч, нурах эрсдэл үүссэн, насжилт өндөртэй энэ барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй тухай мэргэжилтнүүдийн дүгнэлт хэдийнэ гарсан. Тодруулбал, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016, 2018 оны дүгнэлтүүдэд газар хөдлөлтийн үеийн өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Одоо ажиллаж буй нөхцөлөөр ахмадуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг яагаад ч бүрэн дүүрэн хүргэж чадахгүй гэдгийг үе, үеийн эмнэлгийн дарга ажилтнууд хэлсээр ирж, 2011 онд шинэ барилгын ажил эхэлсэн.
Монголын хамгийн урт настай, удаан жаргалтай барилгуудын нэгд тооцогдох Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн барилгын шавыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт тавьж, 60 ортой цогцолбор эмнэлгийн түүх 2011 онд ингэж эхэлсэн байдаг.
12 жилийн өмнө шаваа тавьсан ч 45 хувийн гүйцэтгэлтэй
2011 оны долоодугаар сарын 29-нд тендер зарлаж “Арвис-Интернэншл” ХХК тус барилгын гүйцэтгэгчээр шалгарч 2.995.162.425 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр шалгарч, Эрүүл мэндийн яамтай 2011 оны аравдугаар сарын 28-ны өдөр БУ-12/11 тоот гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Барилгын ажил 2011 оны аравдугаар сарын 28-нд эхэлж, 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусгаж өгөхөөр гэрээтэй байв.
Санхүүжилтийн хувьд,
-2011 оны арваннэгдүгээр сард 500 сая,
-2012 оны дөрөвдүгээр сард 500 сая,
-2012 оны есдүгээр сард 998 сая,
-2013 оны гуравдугаар сард 724 сая төгрөгийн өртгөөр тус тус санхүүжүүлжээ. Үлдэгдэл 260 саяыг аваагүй бөгөөд нийт санхүүжилтийн 95 хувийг авсан ч одоогийн барилгын гүйцэтгэл нь 45 хувьтай гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн юм.
2012 оны зургаадугаар сарын 7-ны өдөр барилгын ажлыг дахин эхлүүлж, аравдугаар сарын 29-нд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажил нь зогсжээ. Тухайн үед буюу 2012 онд
-“Б” корпусын 5 давхрын төмөр бетон каркасын ажил,
-“Г” корпусын 4-н давхрын төмөр бетон каркасын ажил,
-“В” корпусын 1-р давхрын арматурчлалын ажил хийгдэж дууссан ч 2013 оны долоодугаар сараас эхлэн барилгын ажил зогссон байна.
2021 оноос дахин гацав
Ийнхүү удтал гацсаны эцэст Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 5-нд “Ахмад настны тухай хуулийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх” тухай тогтоолоор Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр шийдвэр гарчээ.
2019 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртөг 7,392.8 сая төгрөг, санхүүжих дүн 1.6 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд барилгын Б, Г блокийн каркас бүрэн хийгдсэн, гадна ханын өрлөг 60 хувьтай, В блокийн каркас хоёр давхар хийгдсэн, гадна дулаан, цэвэр бохир усны шугамын ажил тус, тус хийгдсэн гэдэг.
Үлдсэн А блокийн барилга баригдах боломжгүй байсан тул тус блокийн өрөөнүүдийг нөгөө гурван блок руу шилжүүлэн (9996 м2), гадна шугам сүлжээ, гадна тохижилт, лифттэй болгон зураг төсвийг өөрчилж, 17.3 тэрбум төгрөгөөр магадлал хийгдэж, дүгнэлт гарсан байна.
2020 оны Төсвийн тухай хуульд 17,535.3 сая төгрөг, санхүүжих дүн 1,768.3 сая төгрөг туссан бөгөөд үүнээс 560 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Геронтологийн үндэсний төвөөс энэхүү барилгыг дуусгахын тулд 2022 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 17,6 тэрбум төгрөг, санхүүжих дүн 5,0 тэрбум төгрөгийг тус тус тусган батлуулах шаардлагатай байна гэсэн боловч 2021 оноос хойш барилгын ажил дахин царцжээ.
Геронтологийн үндэсний төвийнхний хувьд нүүлгэн шилжүүлэх гэж буй 36 ортой эмнэлэг нь анх төлөвлөгдсөн төлөвлөгөө, ахмад настны өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд хүрэхгүй тул яаралтай үндсэн барилгыг шийдвэрлэж өгөхийг хүсэж буй юм. Харин салбарын сайдын зүгээс дараах тайлбарыг өгсөн.
С.Чинзориг: Геронтологийн үндэсний төвийн дутуу барилгыг гүйцээж барих асуудал байхгүй
Харин салбарын сайд С.Чинзориг 2023 оны тавдугаар сарын 19-ний УИХ-ын чуулганы хуралдаанд “Хуучин барилгыг гүйцээж барих төсөв нь ч гүйцэгдэхгүй юм билээ. Хоёрдугаарт чанарын шаардлага хангахгүй гэсэн асуудал байгаа. Тэр барилгыг гүйцээж барих асуудал байхгүй. Зургаан тэрбум төгрөг газарт булчихсан асуудал байгаа. Нураах юм уу, тийм байдал руу л орох байх. Төсвийг нь нэмэх асуудал боломжгүй юм байна гээд орхиж байгаа” гэсэн тайлбарыг өгөөд буй юм. Мөн С.Чинзориг сайд энэ үеэр “Үе, үеийн сайд нар гүйцэтгэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хоёр ч удаа өргөдөл гаргаж байсан юм билээ. Гэвч шүүх дээр гүйцэтгэгчийн талд асуудал шийдэгддэг” гэсэн юм.
Төр ч буруутай
Шүүхээс удаа дараа “Арвис-Интернэншл” ХХК”-ий талд шийдвэр гарсныг тооцвол захиалагч ЭМЯ ч үүнд 100 хувь буруугүй байх боломжгүй. Тус компанийн зүгээс барилгын ажлыг дөнгөж эхлүүлж байхад нийт төсөвт өртөг хүрэлцэхгүй, ажлын тоо хэмжээ дутуу тооцогдсон байсан гэдэг тайлбарыг өгдөг.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд нэхэмжлэх гаргахдаа “2013 оны улсын төсөвт тус барилгын хөрөнгө тусгагдаагүй улмаас барилга угсралтын ажлын ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байхад 2013 оны долоодугаар сард Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албанаас барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн явуул, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу В блокын 5 дугаар давхрын төмөр бетон карказ, техникийн давхрын төмөр бетон карказ, Г блокын 5 дугаар давхарын карказ угсралт, Г блокын блокон өрлөгийн ажлуудыг гүйцэтгэснээр нэмээд таван хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Өмнөх ажлын санхүүжилт дээр нэмж хийсэн таван хувийн гүйцэтгэл буюу нийт хийсэн ажлын гүйцэтгэлийг 4 088 346 939 төгрөгөөр тооцож 1 364 346 939 төгрөгийн гүйцэтгэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас ажлаа 2013 онд бүрэн зогсоож, харуул хамгаалалт түүнтэй холбоотой зардлыг бүрэн хариуцсаар ирсэн” гэсэн нь байдаг. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн “Арвис-Интернэншл” ХХК-ийн процессыг энд дарж харах боломжтой.
2.9 тэрбумын өртгөөр анх баригдаж эхэлсэн Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын өртөг 2021 оныг хүртэл 17.3 тэрбум болтлоо өсөн нэмэгдэж, С.Чинзориг сайдын хэлснээр “газарт булсан зургаан тэрбум” болсныхоо дараа нураагдах дээрээ туллаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ.
Төсөвт өртгөө буруу тооцоолж, анхнаасаа суурийг буруу цутгасан ЭМЯ буруутай юу. Эсвэл гүйцэтгэгч гэгдэх “Арвис-Интернэншл” ХХК нь ашиглалтад оруулахгүй хэрнээ төсөвт өртгийг жил бүр нэмүүлж, татаас авахыг санаархаж байна уу. Хувь, хувьсгалын аль алиных нь хариуцлагагүйн улмаас татвар төлөгчдийн зургаан тэрбум төгрөг салхинд хийсэх нь нэгэнт тодорхой болж байх шиг.