“Орон нутгийн сонгуулийн хууль эрх зүйн орчин ба эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд салбарын төлөөллүүдтэй ярилцлаа.

Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт оруулсан Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хуулиар заасан хугацаа тулаад байгаа. Гэтэл энэ удаагийн Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үүнийг миний зүгээс хариуцлагагүй үйлдэл гэж харж байна. Үндсэн хуульд зааснаар манай улсын сонгуулийн систем холимог тогтолцоотой. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудал тодорхой бус хэвээр байгаа юм. Одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг жилийн өмнө сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Ерөнхийдөө орон нутгийн сонгуулийн хууль дүрэмд хариуцлагагүй ханддаг байдал ажиглагддаг. 2020 онд нийслэлийн хэмжээнд 961 мянган хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс 438 мянга нь сонгуульд саналаа өгсөн нь бий. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн ирц хангалттай хэмжээнд хүрдэггүй буюу 50-аас доош хувьтай байдаг. Мөн орон нутагт ажиллах, иргэдийг төлөөлөх нэр дэвшигчдэд өөрсдийгөө сонгуульд бэлдэх хангалттай хугацааг олгохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хууль дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэллээ гэхэд тухайн нэр дэвшигч өөрийгөө таниулах, судалгаа шинжилгээ хийх гэх мэт сонгуулийн бэлтгэл ажил хангагдах боломж гарахгүй.

Шинэчилсэн найруулгын төсөлд сонгуулийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулахаар тусгаснаас гадна тооллого, камержуулалттай холбоотой асуудлыг мөн хөндсөн байсан. Миний анзаарснаар дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөд механик, техникийн шинэчлэл илүүтэй тусгагдсан санагдсан. Харин орон нутагт ямар зохицуулалт хийх вэ, бодит байдал дээр хэрхэн энэ хууль хэрэгжих тухай асуудал дутмаг байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн квотыг өсгөх тал дээр тэднийг бэлдэх цаг хугацаа хэрэгтэй. Орон нутагт хүн амын боловсон хүчний хүрэлцээ дутмаг байдаг. Энэ ч утгаараа орон нутагт нэр дэвшихийн тулд эмэгтэйчүүд төрийн албанаас заавал чөлөөлөгдөх шаардлагатай болдог. Гэвч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж нэр дэвшлээ гэхэд гарах эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл тухайн нэр дэвшигч маш том эрсдэлийг үүрч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шинэ хуулийн төсөлд нэр дэвшигчдийн 20-30 хувь нь төрийн албанаас нэр дэвших боломжийг олгох нь чухал. Нэг үгээр хэлбэл салбар салбарын төлөөллүүд ИХ-д орж ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Хэрэв улс төрийг тоглоом гэж үзвэл тоглоомын үндсэн дүрэм нь сонгуулийн тухай хууль юм. Энэхүү тоглоомын дүрмийг тоглогчид өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөхөөс сэргийлэхийн тулд хуулиар хязгаарладаг. Өнгөрсөн УИХ-ын чуулганаар томоохон шинэчлэл хийгээд буй. Тухайлбал гишүүдийг тоог өөрчилж, сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Судлаачид анхлан 150 гишүүн, холимог тогтолцоо, 50:50 гэсэн саналыг өгсөн. Гэвч энэ саналыг дэмжээгүй. Сонгуулийн тогтолцоо, хууль шинэчилсэн найруулгаар болон нэмэлтээр өөрчлөгдсөөр ирсэн. Тэдгээр өөрчлөлтийг орон нутгийн сонгуулийн тухай хуульд үндсэн суурь зарчмуудыг нь хадгалж, тусгадаг.

Зарим сонгогчдын тухайд УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь зэрэг зохион байгуулбал хялбар хэмээн үзэх нь бий. Энэ талаар?

Хөвсгөл аймгийн СДМЭХ-ны тэргүүн Д.Бямбадалай: Хөдөө орон нутгийн тухайд дээрх сонгуулийг тусад нь зохион байгуулах нь дээр хэмээн үзэж байна. УИХ-ын дээд түвшний сонгууль болон орон нутгийн төлөөлөгчдийн сонгуулийг хамтад нь хийлээ гэж бодоход орон нутагт сонгогчдын боловсрол харьцангуй сул учир, иргэд төөрөгдөлд орох эрсдэл нь өндөр. Орон нутагт сонгогчдын боловсролд анхаарах тухай асуудал орхигддог. Тэгэхээр хамтад нь хийх тийм ч оновчтой биш байх.

Манай улсын тухайд өөр зээл ихтэй, төсвийн хувьд зардал ихтэй байгаатай холбоотойгоор иргэд олон нийтийн сонгуулийн зардлаа бууруулах нь зүйтэй хэмээн үзэж буй. Түүнчлэн засаглалын тогтвортой байдал, нутгийн өөрөө удирдах ёс бий болоод 30 орчим жил болж байна. Дөнгөж суурь хөрс нь бэхжиж буй энэ тухай асуудалд хүмүүсийг төөрөгдөлд хүргэсэн алхам хийх нь зохисгүй гэж үзэж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ирж ажиллахад СӨХ-ийнхөө асуудлыг ярих жишээний. Тэгэхээр иргэд УИХ-ын ямар асуудал шийдвэрлэдэг вэ, орон нутгийн төлөөлөл ямар үүрэгтэйг одоог хүртэл мэдээгүй байгаа гэсэн үг. Энэ төөрөгдөл угаасаа бидний дунд байгаа.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Намууд сонгуульд оролцохдоо өөрсдийн мөрийн хөтөлбөрөөс гадна сонгогчдын боловсрол руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд сонгогчдын боловсрол руу чиглэсэн үйл ажиллагааг Сонгуулийн Ерөнхий болон ТББ-ууд хийж ирсэн. Сонгуулийн ирц тааруу байдаг нь нэг талаар сонгогчдын мэдээлэл, ойлголт багатай холбоотой.

Улс төр судлаач Д.Оргил: Манай улсын тухайд 2012 онд сонгуулиа хамтад нь хийж үзсэн. УИХ-ын сонгуулийг нийслэлтэй нь цуг хийж, аймаг, сум, дүүргийн сонгуулийг хамтад нь зохион байгуулж байсан. Мэдээж хэрэг хамт хийхийн давуу болон сул тал аль аль нь ажиглагдсан. УИХ-ын сонгуулийн ирц харьцангуй өндөр байдаг. Харин орон нутгийн сонгуулийн ирц маш бага үзүүлэлттэй байх нь бий. Сонгуулийг хамтад нь зохион байгуулбал давуу тал нь ирц сайжирдаг. Харин сөрөг тал нь УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийн ИХ-ын үндсэн чиг үүрэг бүдгэрэх эрсдэлтэй. Энэ нь өөрөө дэнслэх л асуудал.

Сонгуулийн тухай хуульд 2028 оноос аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувьд хүргэх талаар тусгасан. Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн 30 орчим хувь, орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар намаас нэр дэвшигчийн 20 хувийг аль нэг хүйсийн төлөөлөл болгоно хэмээн заасан. Тэгэхээр энэхүү хуулийн заалт бодитоор эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж чадах уу?

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг: Миний бодлоор орон нутгийн түвшинд хангалттай хэмжээ гэж харахгүй байна. Нийт долоон суманд ажиллахад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хангалтгүй байгаа нь ажиглагдсан. Түүнчлэн анх удаа багийн засаг даргаар эмэгтэй хүн сонгогдсон тохиолдол ч байсан. Гэхдээ нийгмийн хэвшмэл ойлголтоос болж, тухайн эмэгтэй удирдах албан тушаалд томилогдсоныхоо төлөө дарамтад өртсөн. Тэгэхээр нийгмийн олонхын дунд байгаа сөрөг хэвшмэл ойлголтыг халахын тулд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Орон нутгийн хэмжээнд квотыг хамгийн багадаа 40 хувьд хүргэж, дорвитой алхам хийх хэрэгтэй. Нийслэл дэх эмэгтэйчүүдийн оролцоог орон нутагтай харьцуулбал харьцангуй өөр түвшинд байгаа. Нэг үгээр хэлбэл орон нутаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байна. Орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоог 20 хүртэлх хувиар хязгаарлах нь өөрөө маш учир дутагдалтай асуудал. Магадгүй багийн даргаар томилогдоод буллид өртөж байгаа эмэгтэй арван жилийн дарга ямар байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 40-өөс дээш хувьд хүргээд үзвэл алдсан ч оносон ч цаашид үйл ажиллагаагаа улам бүр сайжруулаад явах болов уу гэж бодож байна. Манай улсын тухайд шийдвэр гаргах түвшинд дэх эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага. Гэхдээ нэг үеэ бодоход эмэгтэйчүүдийн оролцоо бага багаар сайжирч байна. Ерөнхийдөө дэлхийн нийтийн хандлагаас харахад эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хүч түрэн орж ирж байна.

Хөвсгөл аймгийн СДМЭХ-ны тэргүүн Д.Бямбадалай: Хөвсгөл аймгийн хэмжээнд авч үзвэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо маш бага хувьтай байгаа. Аймгийн ИХ-д 17 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байх жишээний. Түүнчлэн аймгийн удирдах түвшний албан тушаалд эмэгтэйчүүд дөрвөн хувийг эзэлж байна. Угтаа Хөвсгөл аймгийн нийт хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд хэр нь удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо чамшуулштай байгаа. Сүүлийн үед манай аймгийн эмэгтэйчүүд эрчимтэйгээр нэгдэж ажиллах болсон.

Улс төр судлаач Д.Оргил: НҮБ-ын 200 орчим гишүүн орон 2030 он гэхэд дэлхийн нийтээрээ 17 зорилтод хүрэхээр  зорьж буй. Үүний нэг нь шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах явдал. Ийшээ зорихын учир нь дуу хоолойгоо дутуу хүргэж буй нийгмийн бүлгийн оролцоог нэмэгдүүлэх тухай юм. 2020 оны сонгуулийн үр дүнгээс харахад УИХ-ын гишүүдийн 17 хувь, аймаг нийслэлийн 15 орчим хувь, сум, дүүргийн 28 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн квотын тухайд түр зуурын тусгай арга хэрэгсэл байдаг. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн квотын хэмжээг нэмэгдүүлээд үзэхэд алдах юм байхгүй.