Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэдэг билээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын дэд дарга Э.Уртнасан, дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, нар мэдээлэл хийв.
Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногоос эхлэн улс орон даяар "Өрийн дарамтгүй Монгол" хэлэлцүүлэг эхлүүлсэн байна. Энэ талаар АН-ын дэд дарга П.Батчимэг "Өрийн дарамтгүй Монгол" хэлэлцүүлгийн аяныг 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумд нэгэн зэрэг өрнүүлж байна. "Монгол Улсыг хөгжүүллээ, эдийн засаг сайжирч байна" гэж эрх баригчид ярьж байгаа ч үнэн хэрэгтээ ард түмний амьдрал нэн ядуу төвшинд хүрснийг нүдээрээ харлаа. Өрөөс өрийн хооронд, зээлээс зээлийн хооронд өл залгуулж хоног төөрүүлж байгаа ард иргэдээ цаашид хэрхэн амьдруулах вэ. Гурван жилийн өмнө би Дорнод аймагт нэр дэвшээд явж байхад амьдрал арай дээр байсан юм. Одоо бүр шалан дээр унажээ. Өрийн дарамт бол төрийн данхар бүтэц, татварын асуудалтай холбоотой. Засгийн газар, УИХ-тай шууд холбоотой" гэв.
Түүнчлэн АН-ын гишүүд Монголд өрийн дарамтгүй монгол хүн алга гэдгийг хэлж байлаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хорих ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан тухайгаа хэлж, эрх баригчид хүний эрхийг хангах чиглэлээр ажиллаж чадахгүй байгааг онцлов.