Хөл хөсөр, гар газарт амар талбиун аж төрдөг хүмүүс бөмбөрцгийн хаахнаа суурьшдаг вэ? “Дэлхийн аз жаргалын индекс”-т өгүүлснээр тэд бол Финланд, Дани, Исланд, Израил, Нидерландын иргэд. Тэгвэл хэдэн арван жил Израилийн армийн овоо хараан дор амьдарч буй палестинчууд аз жаргалын үзүүлэлтээр 99-р байрт эрэмбэлэгдэнэ.

НҮБ-ын дэмжлэгтэйгээр улс орнуудын “Аз жаргалын индекс”-ийг тодорхойлдог болсноор 11 жил болж буй. Дэлхийн улс орнуудын иргэд амьдарч буй орчноо орлого, насжилт, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр үнэлдэг энэхүү тогтолцоог бусдад үзэл бодлоо илэрхийлэх боломж олгодоггүй, хэт хайрцаглагдсан санал асуулга гэх шүүмжлэл байнга дагалдана. Дээр нь хүн сэтгэл түвшин, аз жаргалтай байгаа эсэхээ үнэлэх нь тухайн цаг мөчид л төрж буй бодол сэтгэгдэл гэдгийг мартаж болохгүй.

Улс орны аз жаргалын хэмжүүрийг эдийн засгийн өсөлтөд тулгуурлаж бус, нэг хүнд бодитоор хүртээж буй баялгийн хэмжээгээр үнэлэх нь илүү бодитой үнэлгээ ч байж болох юм

Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний дөрөвт бичигддэг АНУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэхэд аль нь ч “Аз жаргалын индекс”-ийг тэргүүлж байгаагүй. Харин ДНБ-ий өсөлтөө иргэддээ илүү нааж чаддаг, дундаж цалин, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Скандинавын орны иргэд л амьдралдаа илүү сэтгэл ханамжтай байдаг ажээ. Гэтэл хэдэн зуун жилийн турш Өмнөд Ази, Африкийг колончлон эд баялгийг нь цөлмөж, өнөөгийн элбэг дэлбэг амьдралынхаа суурийг баттай тавьж чадсан улс орнуудыг аз жаргалтай гэж дүгнэх нь зарим талаар өрөөсгөл юм.

Аз жаргалтай ч сэтгэл гутранги

2023 оны үзүүлэлтээр хамгийн аз жаргалтай орнуудын дийлэнх нь Европт буй. Тухайлбал, Финланд сүүлийн зургаан жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон. Гэтэл Финландын иргэд сэтгэл гутралын эсрэг эмийн хэрэглээгээр Европтоо толгой цохино.

Аз жаргалын индексээр зургаад бичигддэг Швед, хоёрт эрэмбэлэгдсэн Исландын хувьд ч ялгаагүй иргэдийн багагүй хувь нь “сэтгэл гутрал” хэмээх шинэ зууны иргэншилийн эмгэг өвчлөлтэй тулгарч яваа.

Гэтэл аз жаргалын индексээр 126 дугаарт буюу маш доогуур үнэлэгддэг Энэтхэгийн иргэдэд оршин амьдралдаа үл ханах сэтгэл гутрал барагтай бол тохиолдохгүй. Хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг тус улсад сэтгэл зүйн өвчлөл харьцангуй бага байдаг нь хүмүүс нь ажил амьдралынхаа тэнцвэрийг барьж чаддагийн илрэл хэмээн дүгнэсэн нь ч бий. “Дэлхийн аз жаргалын тайлан” хэмээх өөр нэг шалгаруулалтад Хятадын иргэдийг хамгийн аз жаргалтайгаар тодруулж байв.

Тэрбум давсан хүн олны дотор хөлөө олж, амь зуух ажил орлоготой, гэдэс цатгалан мөр бүтэн байна гэдэг аз жаргалын дээд хэмжүүр биш гэж үү?

Баян, гэвч тэгш бус

Өмнө нь өгүүлсэнчлэн нэг хүнд ногдох ДНБ өндөртэй орнууд аз жаргалын зэрэглэлээр дээгүүр бичигддэг. Жагсаалтын эхний 20-т багтсан улсууд эдийн засгийн өндөр үзүүлэлттэй барууны орнууд байдаг нь нэг хүнд ногдох ДНБ нь улс орны нийт аз жаргалыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл болохыг харуулж буй. Гэтэл тухайн улсад жилд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний үнэ цэнийг нийт хүн амд хувааснаар тодорхойлдог нэг хүнд ногдох ДНБ орлогын тэгш бус байдлыг илэрхийлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, улс орны баялаг цөөхөн хэдхэн хүний гарт төвлөрч байгааг энэхүү үзүүлэлтээр мэдэх боломжгүй юм. Аз жаргалын индексээр 15 дугаарт жагсдаг АНУ-д гэхэд л орлогын тэгш бус байдал бусад хөгжингүй орнуудынхаас хамаагүй өндөр.

Өдгөө 38 сая америкчууд ядуу амьдарч байгаа бол нийт хүн амын 60 орчим хувь нь цалингаас цалингийн хооронд хоногийн хоолоо дөнгөж залгуулж байна.

Нөгөө талд аз жаргалтай амьдрахад орлогоос илүү чухал зүйл бол нийгмийн дэмжлэг, авлигагүй орчин, хувь хүний эрх чөлөөний түвшин зэрэг нийгмийн хүчин зүйлүүд юм.

Хэний аз жаргал вэ?

“Gallup” хүрээлэн аз жаргалын индексийг тандахдаа улс орны нийт иргэдээс бус зөвхөн төрийн тодорхой институцид хамаарах насанд хүрсэн хүн амын дунд санал асуулга явуулдаг ажээ. Шорон, асрамжийн газар, ахмадын төв зэрэг нийгмийн эмзэг хэсэгт санал асуулгын хайрцаг хэзээ ч хүрэхгүй. Дээр нь шинжээчид өөрсдийн аюулгүй байдалд халтай гэж үзсэн гудамж хорооллоор явж энгийн борог амьдралаас аз жаргалын мөрийг хайдаггүй талтай. Аз жаргалын зэрэглэл тогтоох аргачлалыг шүүмжлэх бас нэгэн өнцөг нь соёлын гажуудал. 2023 оны судалгаанаас жишээлэхэд нэг улсын хүмүүс амьдралын сайн сайхан байдлаа дүгнэж буй жишгээр соёл, ёс заншил огт ондоо нөгөө орны аз жаргалыг тодорхойлох боломжтой юу? Хүмүүсээс хэр аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун яваагаа үнэлэхийг хүсэх нь барууны ардчилсан, баян чинээлэг орны нүдээр бусдыг харж буйтай адил юм.

Хэн нэгнээс “Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?” гэж асуувал улс орон, хүн хоорондын харилцаанаас илүүтэй хувь хүний ололт амжилтыг тодотгох болно.

Япон, Нигер, Польшид явагдсан санал асуулгад “Та бусдад хайрлагдаж, халамжлуулж чадаж байна уу?” хэмээн асуусан нь харилцан хамааралтай аз жаргалыг тодорхойлох гол хүчин зүйл болж буй.

Энэ мэтчилэн асуултаас шалтгаалж улс орнуудын аз жаргалын зэрэглэл огт өөрөөр эрэмбэлэгдэх боломжтой.

Хулгайлагдсан аз жаргал

“Аз жаргалын индекс”-д нэг орны амар тайван амьдрал нөгөө улсын аз жаргалтай салшгүй холбоотой байж болох талаар хэтийн төлөв дутмаг байгаа юм.

Их Британи гэхэд аз жаргалтай орнуудын 17-д жагсдаг ч эзэнт гүрний хөгжил цэцэглэлт нэг хэсэг нь Карибын тэнгисийн худалдаанд боолчлогдсон африкчуудын зовлонгийн үр шим, Энэтхэгийн хойгт он удаан эзэн сууж баялгийг нь цөлмөсний дүнд бий болсон гэдгийг мартах учиргүй билээ.

Иргэдийнх нь аз жаргалын түвшин дэлхийд 19 дүгээрт үнэлэгддэг Бельги улс ердөө саяхныг хүртэл буюу 1964 оныг дуустал өнөөгийн Ардчилсан Конго улсыг колоничлох замаар асар их баялгийг олж авсан түүхтэй.

Тэгэхээр Дэлхийн аз жаргалын индекс бидэнд яг юуг өгүүлж байна вэ? Барууныхны “сэтгэл ханамж” гэсэн ойлголт дээр тулгуурлан амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа ил тод зарладаг чамирхал эсхүл бусдыг мөлжиж баяжсан ДНБ өндөртэй орнуудын чансаа гэлтэй.

Хэдийгээр эдийн засгийн өсөлт, аз жаргал хоорондын уялдаа холбоо их ч өнөө бидний тэгш дүүрэн хэмээн сэтгэл ханадаг амьдрахуй хойч үеийнхний үнэлэлт дүгнэлтээс л шалтгаална гэдгийг ойлговол үнэхээр аз жаргалтай байх болов уу?