Монголчууд бид ерөөл, магтаалын өнө эртний уламжлалтай. Энэ уламжлалаараа сайхныг, сайныг магтаал, ерөөлөөрөө бүтээдэг байв. Харин энэ нь орчин цагт өөр болжээ. Ерөөлөөр нэгнээ эвдэж, магтаалаараа нэгнээ үгүй хийж байна. Егөөдөл нь “магтан матах” хэмээх нэршилтэй бохир технологи болтлоо хөгжлөө.

Магтсаар, магтсаар ёроолд

Магтаалыг “mongoltoli.mn” тайлбар толь бичигт “Аман зохиолын нэгэн төрөл, аливаа юмны сайн сайхан шинж чанарыг нь сайшаан магтсан шүлэглэл” хэмээн тайлбарлажээ. Энэ цаг дор монголчууд бид сайн яваа нэгнээ шүлсээ сагартал магтаж ч чадаж байна. Газар доор ортол нь булшилж ч байна. Үүний нэгэн тод жишээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр юм. Монголд түүнийг магтахгүй өнгөрсөн хүн нэгээхэн ч үгүй биз. Өндрөөс өндөрт дүүлэн ниссэн тэр өнөөдөр өргөст торны цаана харуусал дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Хөрстийн амьдралаас хамгийн дотнын найз нь оджээ. Ижил гараанаас зэрэгцэн гарсан хоёр найзын нэгийг хэн араатан болгосон бэ гэвэл “Та л мундаг” гэж хүнийг нь байтал шүлсээ үсчүүлсэн “худлаа” танилууд хамгийн их нөлөөтэй. Өнөөдөр харин түүн шиг муу хүн байхгүй талаар ам уралдан хэлэлцэн улаа үзэх хэрээ мэт мууд нь дурлаж байна. Залуу сайхан бөх явахад нь давах бүрийд нь уухай хадаачихаад, жаахан хөгшрөөд унах бүрийд нь шүүдэг тийм л ард түмэн. Бид ийм л он цагт амьдарч байна.

Сошиал орчин хөгжсөнөөр магтаал, сайшаалыг нэгэндээ харамгүй хэлж хөөргөж, дэвэргэж байна. Хүн бүхэн магтуулах дуртай. Гэхдээ хэн намайг, хэзээ ямар учраас гэж санаж явахад илүүдэхгүй. Магтсаар байгаад ёроолд нь унагадаг он цаг гэдгийг хүн бүхэн санаж яваасай. Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Хүн магтаалд боолгож, магтахуйд шингэдэг” хэмээн өгүүлсэн байдгийг энэ цаг дор санаж явахад илүүдэхгүй биз ээ.

"Энэ он цагт магтах л зохихгүй он цаг. Магтаал, шагнал хоёрыг би энэ зуунаас хасмаар байгаа юм".

"Урам магтаалын үгэнд урамшин хөөрдөггүй хүн ховор биз ээ. Улаан нүүрэн дээр нь магтах увайгүй зусрын үгэнд л уулгамчлан баясах хэрэггүй. Юм бүхэн өөрийн цагтайн дээр өөрийн хэмжээтэй".

“Би алдар магтаалд дургүй” гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Харин би бол магтаалд дуртай. Хүн өөрөө л тэр магтаалыг жаахан сэвшээ салхи юм уу, хүчтэй шуурга гэж үзэж, түүндээ элэгдэхгүй ноён нуруутай байх ёстой шүү дээ.

Ерөөлөөр эвдэх мода

Улсын төв талбай хөл хөдөлгөөн дүүрэн. Номын баярын үргэлжилсэн асруудын дунд Төрийн тэргүүнээсээ одонгоо гардсан алдарт эхчүүдийн баяр үргэлжилнэ. Нөгөө буланд багачууд сагс тоглоно. Харин нөгөө нэг буланд нь жагсагчид цагаан хоолойгоор орилно. Талбайн голд нь хонхны баяраа тэмдэглэж яваа костюм, дээлээр гоёсон охид, хөвгүүд зургаа татуулж, цэцэгс болон бэлэг сэлтэд дарагдаж харагдана. Зөрөх төдийд баярт нь очсон зочид ерөөж байгаа нь сонсогдоно. Ерөөлийг “mongoltoli.mn” тайлбар толь бичигт “Монгол ардын аман зохиолын нэг төрөл, сайн сайхныг бэлгэдэн зөгнөж, аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдөл биелэн бүтэхийг хүсэн эрмэлзсэн зан үйлийн холбогдолтой уран шүлэг” хэмээн тайлбарлажээ. Харин манай монголчуудын өнөө цагийн ерөөл нь алдрын төлөө тэмцээрэй гэх шиг сонсогдоно. Баярт очсон эрхмүүд ерөөөс л гавьяат эмч, ардын багш болоорой гэх юм. Амьдралд дөнгөж хөл тавьж буй цагаан цаас шиг тэдэнд алдар гавьяа л ерөөх нь юутай эмгэнэлтэй. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох тухай бус ерөөсөө алдрын тухай магтаж хар нялхаас нь эвдэх юм. Сошиалд ч энэ давлагаа үргэлжилнэ. “Эмч хэмээх эрхэм алдартан болж байгаа энхрий хөөрхөн дүүдээ баярын мэнд хүргэе” гэх мэтээр үргэлжилнэ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ихийг бүтээх тухай ерөөдөггүй юм гэхэд юугаа ч мэдэхгүй нялх амьтныг алдар гавьяа руу тэмүүл хэмээн ерөөхөө түр азнавал яасан юм бэ.

"Хүн ерөөсөө, хэрэгтэй хэрэггүй юманд хуруу, хошуугаа дүрж явахын хэрэг байхгүй. Элдэв хов жив, хэрүүл маргаан, эрх мэдэл, гавьяа шагнал, нэр төрийн тухай бодохын хэрэг байхгүй. Юу хийхээр төлөвлөж байна, юу сурах гэж зорьж байна, ямар хүн болох гэж байгаа юм, энэ бүхэндээ л цаг заваа зориул. Ингээд явж байхад, чи олны хайр хүндэтгэл нэг л өдөр хүлээнэ шүү дээ. Ирээгүй байхад нь, цаг нь болоогүй байхад, түүнийг авах гээд шунаад, хүсээд байх ямар хэрэг байна. Ердөө ч хэрэг байхгүй".

Магтан матах “технологи”

Егөөдлийг “mongoltoli.mn” тайлбар толь бичигт “Далд утгаар хор шарыг нь малтах нь, мөн бодит амьдралын үзэгдлийг тунгаан цэгнэж уран хурцаар илэрхийлэх уран зохиолын өвөрмөц хэлбэр” хэмээжээ.

Харин егөөдөл орчин цагт магтан матах хэмээх нэршилтэй пи арын бохир технологи болтлоо хөгжжээ. “Матаасчин”, “Магтан матагч” хэмээх мэргэжил шахуу юм бий болов.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2014 онд сонинд өгсөн ярилцлагадаа намын дэд дарга Д.Тэрбишдавгыгаа “Тэрбишдавга дарга УИХ-ын гишүүн, Шадар сайд, МАХН-ын дэд дарга гээд гурван давхар дээлэндээ түүртэж байна. Хөөрхий шөнө оройдоо гэртээ харьдаг гэсэн. Би даргыгаа шүүмжлэх гээгүй. Харин маш их ачаалалтай ажиллаж байгааг нь хэлэх гэсэн юм” хэмээн ярьсан түүхтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх дуулиан нийгэмд тархаад байхад одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ц.Нямдорж сайдыг би мэднэ, тэр сэтгүүлч тагнаж чагнах хүн биш, тагнаж чагналаа гэхэд баригдах хүн биш” хэмээн магтан матсан байдаг. Магтан матсан технологи улстөрчдийн хүрээнд илүүтэй үйлчлэх болж, өдөр бүр л энэ жишээ гарч байна. Монгол ардын аман зохиолын төрөл зүйл, монголчуудын үнэт өв магтаал, ерөөл, егөөдөл орчин цагт ийнхүү өнгөө хувиргажээ.