Эрдэмтэд Америк тив рүү нүүдэллэсэн анхны хүмүүсийг Берингийн газрын хоолойгоор дамжин 13 000 жилийн өмнө ирсэн гэж үздэг. Гэвч шинэ олдворуудын тусламжтайгаар өөр таамаглал дэвшүүлэхэд хүрлээ.

Сүүлчийн мөстлөгийн үеэр хүн төрөлхтөн өмнө нь огт очиж байгаагүй асар уудам нутаг болох Америк тивийг зорьсон юм.

“Кловисийн нэгдүгээр онолын дагуу Америк тивийн уугуул хүн бүр гагцхүү нэг шилжилт хөдөлгөөнөөс улбаатай байж болно” гэж Орегон мужийн их сургуулийн антропологийн профессор Лорен Дэвис мэдэгдлээ.

Генетикийн судалгаагаар Америк тивд хүрсэн анхны хүмүүс нь эртний хойд нутгийн сибирьчүүд болон Зүүн Азийн нүүдэлчид байсан бөгөөд 20 000-23 000 жилийн өмнө цус холилджээ. Эдгээр хүмүүс нь Берингийн хоолойг тэр цагаас хойш 15 500 жилийн өмнө гаталж байсан гэж Өмнөд Методист их сургуулийн археологич Дэвид Мелтцер үзэж буй.

Гэвч зарим археологийн олдворуудаас үзвэл хүмүүс Америк тивд үүнээс хамаагүй эрт хүрсэн байж болно. Жишээлбэл, Нью-Мексико мужийн Цагаан Элсний дархан цаазат газарт 21 000- 23 000 жилийн өмнөх хүний чулуужсан хөлийн мөр бий. Тэгэхээр 26 500 -19 000 жилийн тэртээ өнөөгийн Аляска, Канад, АНУ-ын хойд хэсгийн ихэнхийг мөсөөр хучсан сүүлчийн мөстлөгийн оргил үед хүн төрөлхтөн Хойд Америк тивд хүрсэн гэсэн үг юм.

Бусад олдвороос харвал анхны хүмүүс дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст 25 000 бүр 31 500 жилийн өмнө иржээ. Хэрэв эдгээр баримтыг нотолж чадвал хүн төрөлхтөн Америк тивд хэзээ, хэрхэн хүрсэн тухай илүү нарийн зураглалыг гаргах боломжтой болно.

Г.Анхбаяр