Тойрог тослох үндсэн аргуудын нэг нь “ДАРГЫН ИВЭЭЛ ДОР” ажил санаачилж, шагнал, бэлэг тараах. Намчирхсан, дарга төвтэй сэтгэлгээг нутагшуулах хүч үйлчилсээр байгаагийн тод илрэл нь даргын ивээл дор гэж тунхагласан үйл ажиллагаанууд. Даргын санаачилга, дэмжлэгтэй бүхнийг “ивээл дор” гэж нэрлэх нь нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлээд зогсохгүй нийтийн оюун санаанд хортой.

Орон нутагт намчирхсан, дарга төвтэй сэтгэлгээг нутагшуулах хүч үйлчилсээр байна

Төрөөс онцгой анхаарал хандуулах шаардлагатай аливаа асуудалд ач холбогдол өгч, тусгайлан дэмжих чиглэлийг “төрийн ивээлд оруулах” гэж ойлгодог. Энэ агуулгыг өлгөн авч өөртөө ашигтай байдал үүсгэх замаар нэр төр олж авах гэсэн дарга нар бүхнийг ивээгч болон хувирчээ. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед албан тушаалтан бүхэн тойрог, орон нутагтаа аливаа санаачилга үйл ажиллагааг өөрийн ивээл дор хэмээн нэрийдэх болов. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Туваан намынхаа Говийн бүсийн эдийн засгийн форумд оролцож индрээс үг хэлэхдээ “Энэ намар бол олдошгүй хамгийн сүүлийн юм өгч болох ахмадын баяр, юм өгч болох, хүүхдүүдэд бэлэг өгч болох хамгийн сүүлийн шинэ жил. Ингэж бодож ажиллаарай. Шинэ жилээс хойш юу ч байхгүй шүү” гэж ярилаа. Өөрөөр хэлбэл, баахан зангиа хослолтой, эсвэл сайхан дээл хувцастай өвлийн өвөө нар гарч ирээд намаржин юм тараах нь. Гэхдээ шалтгаангүй шууд тарааж болохгүй учир олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулна. Ингэж сонгуулийн жил эхлэхээс өмнө тойргоо тосолцгооно. Тойрог тослох үндсэн аргуудын нэг нь “даргын ивээл дор” ажил санаачилж, шагнал, бэлэг тараах. Сумын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХын дарга, УИХ-ын гишүүний ивээл дор эссэ бичлэгийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, спортын наадам, тоглолт, урлагийн үдэшлэг, олимпиад, загварын наадам, алхалт гүйлт, нийтийн бүжиг, бүр муушигны тэмцээн гээд олон үйл явдал өрнөнө.

Аливааг санаачилж, олон нийтийг хамруулж үр дүнд хүргэх нь сайн. Гэхдээ ард нь улс төр явж байгааг одоо олон нийт мэддэг болсон. Энэ бол цаашаа явахгүй улс төрийн PR.

Даргын ивээл дор гэгч энэ олон үйл ажиллагаа манай улс төрийн соёл өөрөө ямар их доогуур түвшинд очсныг илтгэнэ. Үүнд иргэд, сонгогчид хараа хяналттай байж, бие даасан байдалтай хандах ёстой. Тэгэхгүй бол улстөрчид эрх мэдлийг авахын тулд овлигогүй үйлдэл ихээр хийх боллоо. Ивээл доороо юм зохион байгуулж байгаа хүнийг хараад л энэ бол улстөрч биш хувийн эрх ашгаа бодож улс төрд өрсөлдөж байгаа хүн байна л гэж ойлгох хэрэгтэй.

Аливаа санаачилга, дэмжлэг нь улстөрчдийн ивээл биш хамтын ажиллагаа байвал үр дүнтэй

Ивээл гэх үгийг монгол хэлний тайлбар тольд ач тус, тэтгэмж хамгаалал гэжээ. Олон түмний тус дэм гэдгийг монголчууд голчлон үзэж дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэхчлэн харилцан найрсан туслалцаж амьдардаг нүүдэлчин сэтгэлгээтэй. Харин энэ үг төртэй холбогдвол төрийн ивээл, төрийн ач тус, төрийн хишиг буян болсон. Олон жил хувийн өмч, баялгийг өөрөө үйлдвэрлэх, төрийн түшээ гэгч нь дарга биш ард түмний эрх ашгийг хамгаалан шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд томилогдсон, сонгогдсон ажилтан гэх сэтгэлгээнээс ангид байж төвлөрсөн нэг нам, дарга төвтэй сэтгэлгээний эрин үед даргын ивээл гэгч даамжирч тогтсон сэтгэлгээний хэлтэрхий одоо ч үлдэж заримд нь өгөөш болоод байна.

Социализмын үед энх төрийн ивээлээр, асралт төрийн ивээлээр, ачлалт төрийн ивээлээр, зөвлөлт нөхдийн халуун ивээлээр гэхчлэн оюун тархинд махчлан суулгасан энэ ойлголтыг шинэ үеийн улстөрчид, сонгуульд нэр дэвшихээр горьлогсод өөрсдөө таягдан хаяж бодлогоороо өрсөлдөж сурахгүй бол дарга тахьсан намагтаа өөрсдөө унаж ч мэдэх юм.

Даргын ивээл дор гэж нэрлэсэн олон үйл ажиллагаа ер нь бол сайн жишиг биш. Сонгууль дөхөөд ирэхээр залуучуудын спортын тэмцээн, шинэ жил болж байсан ч ямар нэг дарга, улстөрчийн ивээл дор гэж явдаг. Ардчилсан улсад бол төрийн ивээл, хишиг гэх ойлголт байх ёсгүй. Уламжлалт сэтгэлгээгээр бол бид төрөө хүндэтгэдэг. Төрийн хүндэтгэл гэдэг бол төр өөрөө ард түмнээ сайн сайхан амьдруулах, суурь хэрэгцээг хангах юм. Түүнээс биш халамжийг хэлдэггүй. Авлигагүй, хариуцлагатай, ажил хэрэгтээ эзэн болж байж төрийн ивээл болдог. Түүнээс төрийн албан тушаалыг ашиглаж, тэрийгээ давуу байдал болгож иргэдийн эрхийг шилжүүлж авч бусдад ивээл үзүүлдэг байр суурь гэж ойлгож байвал эргээд энэ нь ардчилсан системдээ хор хөнөөл учруулна.

Монголчууд ардчилал, хүний эрхийн мэдрэмж харьцангуй өндөртэй. Жилээс жилд ойлголт сайжирч, аливаа үйл явдалд прагматик хандах болж байгаа ч ялангуяа орон нутагт намчирхсан, дарга төвтэй сэтгэлгээг нутагшуулах хүч үйлчилсээр байна. Ядаж л төрийн бодлогын цөмд байх ёстой асуудлыг төр ивээлдээ авч онцгой анхаарч байгааг даргын ивээл дор гэж нэрлэгдсэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, спортын наадам, тоглолт урлагийн үдэшлэг, зугаалга, уулзалтаас ялгамаар.

Ардчилал хөгжүүлж байгаа улсууд иргэний оролцоог чухалчилж, дарга бүхнийг шийднэ гэсэн сэтгэлгээнээс дарга сонгогчдоо сонсч төрд төлөөлнө, төлөөллийн байгууллагаар шийдүүлнэ гэсэн хандлага руу явж байхад бид дарга шийддэг, дарга ивээдэг, даргаар шийдүүлдэг хуучны тогтолцоо руу ухарч болохгүй.

Аливаа улс орон онцгойлон анхаарах шаардлагатай салбарын хөгжил, байгалийн болон ард түмний соёлын өвийг уламжлуулах, хамгаалахын тулд төрийн бодлогоор онцгой анхаарал хандуулан нэг ёсондоо төр ивээлдээ авдаг. Монголд тухайлбал, хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой дархлаажуулалт байна. Үүнийг хуульчлахдаа “Хүн амын дархлаажуулалт нь төрийн ивээлд байх бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээрийн тархалтыг хязгаарлах, өвчнийг устгахад төрөөс бодлого хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч болон хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын удирдлагууд өөрийн чиг үүргийн дагуу зарим онцгой асуудалд түлхүү анхаарал хандуулан үр дүнд хүргэхийн тулд тус тусын институцийн хэмжээнд гол болгож зарласан. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн ивээл дор Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн цуврал чуулганууд, Мянган донорын чуулган, Хилийн чанад дахь монголчуудын чуулган, Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган, Ерөнхий сайдын ивээл дор Тогтвортой хөгжил ерөнхий боловсрол, Экспортлогч үндэстэн чуулган, Шинжлэх ухааны анхдугаар их хурал, Залуу инженерүүдийн чуулган болж байсан бол УИХын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний номын баяр зэрэг үйл ажиллаанууд зохион байгуулагдаж байна. Ийм байдлаар зарим асуудлыг, сэдвийг, үйл явдлыг олны анхааралд хүргэж, тасралтгүй үйл ажиллагаагаар үр дүнд хүргэхийг оролдож, бас том сэдвийг өөрөөрөө овоглохыг хичээж байна. Харин сум орон нутагт дарга нэртэй болгон, сум аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга гишүүд, УИХ-ын гишүүд өөрийн албан тушаалыг төр гээд ойлгуулчихсан ивээл доороо элдэв үйл ажиллагаа зарлаж явна. Энэ хүмүүсийн олонхид нь хуулиар хүлээлгэсэн ийм үүрэг байхгүй. Тухайлбал, УИХ-ын тухайн хуульд зааснаар УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан. Өөрөөр хэлбэл, гишүүн сонгууль дөхүүлээд тойргоо тослоод ивээгээд явах биш үндсэн агуулга нь нийт иргэн улсын ашиг сонирхлыг төлөөлөх ёстой олон нийтээр томилолт авсан ажилтан. Гэтэл одоо УИХ-ын гишүүнээсээ доошоо бүх дарга нар “ивээж” эхэллээ. Энэ нь алсдаа нийгмийн сэтгэл зүйд дарга шүтсэн сэтгэлгээ суулгах муу талтай гэж социологичид үзэж байна.

Эрх мэдлийг шүтэх, албан тушаалтанд үйлчлэх зэргээр ивээл гэдгээр дамжуулан тухайн хүний ивээл асралд оруулах үйл илэрхийлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ивээл дор гэх нэрийдэл УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ч юмуу аливаа нэг институцийн асрамж, халамж, тэтгэмжид нь орох загвар болчихож байгаа юм. Нөгөө талаас нийгмийн зарим бүлэгт ивээл дор нь орох сонирхол байдаг. Аливаа үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, төсвөө шийдүүлэх гэх зорилгоор ивээл дор нь ордог. Энэ нь яваандаа даамжирвал иргэний эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж, тухайн хүний эсрэг дугарах боломжгүй болох зэргээр эрх чөлөө хумигдана. Макро түвшиндээ дарга ангид үйлчилсэн нийгэм тогтох аюул нүүрлэнэ.

Даргын ивээл дор гэх нэршлийг хэрэглэлгүй, бодлогоороо өрсөлдөх шаардлагатай

Сум, аймаг, ИТХ-ын дарга нар, УИХ-ын гишүүдийн ивээл дор шатрын тэмцээн, алхалт, гүйлт, үсчин гоо сайханчдын тэмцээн, нийтийн цэнгээнт бүжгийн өдөрлөг, яруу найргийн наадам, төрөл бүрийн спортын тэмцээн, ахмадын уулзалт, эссэ бичлэгийн уралдаан, хурал чуулганууд гээд маш олон сонирхолтой үйл явдлууд болжээ. Аливаад санаачилгатай манлайлагч байж олон нийтийн оролцоог идэвхжүүлж, улстөрч өөрийгөө таниулах боломжийг өөрөө нээж байна. Харин үүнийг санаачилж, шагнал зардал дааж байгаагаа бүхэлд нь ивээл ерөөлөөр нь л болж байгаа аятай хандлага нь буруу байна. Ард түмэн дарга төвтэй биш, даргад ивээгдэж дарга нь ивээж биш, аливаа шатны байгууллагад сонгогдсон томилогдсон албан тушаалтнууд төлөөлж байгаа олон нийтдээ ашигтай шийдвэр гаргаж зөв зохицуулалт хийж ажиллах нь л чухал. Хэн ч ямар ч үйл ажиллагаа санаачилж зохион байгуулж болно. Харин түүнийг нь таны ивээл дор гэчихье гэж зөвлөж байгаа хүмүүс нь ч бас улс төр хөөж яваа хүмүүсээ нэг их сайхан харагдуулахгүй байна гэдгээ бодолцмоор. Ард нь улс төрийн хөзөр нуусан элдэв санаачилга үйл ажиллагаа явна. Улс төр ингэж явдаг. Гэхдээ даргын ивээл дор гэж зарлаж, албан тушаалын ивээлээр нөмөрлөж далайлгах сэтгэлгээ нь ард түмнийг нэг л их даргын ивээлд амьдруулаад байгаа аятай сэтгэлгээнд дасгах нь хортой.