Монгол Улсыг дэлхийн эрчим хүчний салбарт тодотгох томоохон төсөл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжиж байгаа билээ. Энэ нь Зөөвч-Овоо ураны олборлолт, боловсруулалтын төсөл бөгөөд тус үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд манай сурвалжлах баг Дорноговь аймгийг зорив.
Монгол Улс 1948 оноос ураны судалгааг эхлүүлсэн түүхтэй. Улмаар 1997 онд хуучин нэрээр Кожеговь ХХК (Орано Майнинг компанийн охин компани) Монгол Улсад геологи хайгуулын ажлыг эхлүүлсэн юм. Ийнхүү 2006 онд долоо мянга гаруй тонны нөөцтэй “Дулаан Уул”, 2010 онд 93 мянга гаруй тонны нөөцтэй “Зөөвч-Овоо” гэх ураны ордыг нээж, албан ёсоор нөөцийг нь бүртгүүлсэн билээ.
Тус компани нь эхлээд Кожеговь нэрээр Монголд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2013 онд “Арева Монгол” болгож хамгийн сүүлд буюу 2018 онд нэрээ “Бадрах энержи” болгон өөрчилсөн юм. Манай улсын нийт ураны нөөц 200 орчим мянган тонн байдаг бол Бадрах Энержи ХХК нь Монгол Улсын ураны нөөцийн 50 хувийг эзэмшиж буй. Түүнчлэн төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын төрийн өмчит "Орано Майнинг" компани эзэмшдэг бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшиж байна. Ийнхүү дараагийн том төсөл болох уран буюу шар нунтгийг хэрхэн олборлож буй талаарх мэдээллийг хүргэе.
Орчин үеийн технилоги буюу газар доогуур уусган олборлох арга
Манай улс уран олборлолтын хувьд орчин үеийн технологи болох газар доогуур уусган олборлох аргыг ашигладаг. Уламжлалт ил болон далд уурхайтай харьцуулахад газар доогуур уусган олборлох технологи нь байгаль орчныг хамгаалах тал дээр олон давуу талтай аж. Тухайлбал энэхүү технологи нь уурхайн нүх үүсэхгүй, хүнд даацын машины хөдөлгөөн байхгүй гээд чулуун овоолго хаягдлын сан үүсдэггүй гэдгээрээ онцлог. Мөн тоос, шороо, дуу чимээ гарахгүй нь давуу тал болдог аж. Түүнчлэн уламжлалт уурхайтай харьцуулахад ус эрчим хүчний хэрэглээ 2-5 дахин бага ашиглагддаг гэдгээрээ экологи, эдийн засагд үр өгөөжтэй.
Ураныг хэрхэн гаргаж авдаг вэ
Зөөвч-Овоо уурхай нь харагдах байдал нь бусад уурхайтай харьцуулахад тэс өөр. Учир нь эл уурхай нь орчин үеийн техник технологийн шийдлээр олборлолтоо хийж буй учир газар доогуур тусгай технологийн зориулалтаар уранаа гаргаж авдаг. Ингэснээр хөрсөн дээгүүр том оврын машинаар хөрсийг сэтлэхгүйгээр маш аюулгүй аргаар ураныг олборлох юм.
Тухайлбал Зөөвч-Овоо элсэнд тунасан орд. Иймд элстэй, ураны хүдрийг эхлээд шингэн төлөвт оруулна. Дараа нь шахуургаар гарган, боловсруулдаг аж. Шингэн төлөвт оруулахын тулд нэг литр усанд 4-10 гр буюу дунд зэргийн тариураар нэг хүхрийн хүчил хийсэнтэй тэнцэх хэмжээний агууламжтай уусмалыг газрын гүн рүү нэг талаас шахаж, нөгөө талаар буцаан соруулж авах юм. Улмаар уг уусмалд газрын гүнд байгаа уран уусаад шингэн төлөвтэй гарч ирэх юм. Ийнхүү элстэй ураныг ялган боловсруулах ажил хийгддэг. Үүнийг нь 30 гаруй хяналтын цооног хянаж тогтмол шинжилгээ хийн стандартыг ханган 24 цагаар ажилладаг аж.
Манай улсад энэ аргыг анх удаа хэрэглэж байгаа ч байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай энэхүү технологийг бусад улсад 50-иад жилийн өмнөөс нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал Австрали, Канад Казахстан зэрэг улсууд энэ аргыг ашиглаж буй. Казахстаны хувьд 20 жил энэхүү аргаар ураныг гаргаж авч байгаа бөгөөд хүн малын эрүүл аж амьдрах нөхцөлд одоо хүртэл ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө бий болоогүй байгаа аж.
Анхаарал татсан тоо
Дэлхийн хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр улс орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээ тэр чинээгээр нэмэгдэх нь цаг хугацааны асуудал. Түүнчлэн экологийн үүднээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд цахилгаан эрчим хүч гол гаргалгаа болох юм. Тиймээс цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгч бага ялгаруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бидний одоо олборлож буй уран чухал үүрэг гүйцэтгэх юм.
Монгол Улс 200 000 тонн ураны батлагдсан нөөцтэй бөгөөд дэлхийн ураны зах зээл дээр 12 дахь том оролцогч.
Иймд одоо бидний олборлож буй ураны уурхай нь ирээдүйд ч тэр яг одоо ч бидэнд хэрэгтэй төсөл юм. Уг төслийн хүрээнд орон нутагт ажлын байр, худалдан авалтаас эхлээд эдийн засгийн хувьд бид өгөөжөө хүртээд эхэлсэн. Улмаар цаашид шар нунтгаа зах зээлд гаргавал үүнээс ч их ашиг хүртэх нь ойлгомжтой асуудал. Эл төсөлтэй холбоотойгоор зарим онцлох тоон үзүүлэлтүүдээс дурдвал, “Бадрах Энержи” компани үйл ажиллагаандаа жилд дунджаар 7-8 сая ам.доллар зарцуулж байгаагаас нийт ажилтны цалингийн зардал 3.1 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Мөн орон нутагт 2006 оноос хойш оруулж байгаа хөрөнгө оруулалт нь 6.9 тэрбум төгрөг аж. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд ойролцоогоор нэг тэрбум төгрөг төвлөрүүлдэг ажээ.
Шар нунтагаа хэрхэх вэ гэдэг дараагийн асуудал
Монголчуудын хувьд ураныг олборлох тал дээр сөрөг сэтгэгдэлтэй явдаг. Хоёр, гурван толготой тугал, ишиг, хог хаягдал гэх мэт ташаа мэдээллийг тараах нь илбэг. Гэтэл бидний олборлох гэж буй шар нунтаг нь атомын цахилгаан станцад хэрэглэдэг анхан шатны түүхий эд. Энэхүү түүхий эдийг атомын цахилгаан станцтай улс авч боловсруулан станцдаа хэрэглэсэн тохиолдолд дараагийн асуудал яригдах юм.
Манай улсад атомын цахилгаан станц байхгүй, атомын бөмбөг байхгүй учир одоохондоо уранаа хэрэглэж чадахгүй. Харин бусад улсад нийлүүлж ашиг олох боломжтой.
Хэрэв цаашид бид уранаа нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийвэл хог хаягдал нь манай улсад булшлагдахгүй аж. Учир нь олон улсын эрх зүйгээрээ ураныг ашигласан газар нь хог хаягдлаа булшлах асуудлыг хариуцдаг байна. Тодруулбал манай улс шар нунтгаа экспортолж байгаа нь атомын станцын хог хаягдлыг булшлах шалтгаан болохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Манай улсын экспортолсон шар нунтгийг Франц улс боловсруулж хэрэглэлээ гэж бодоход гарч буй хог хаягдлыг өөрсдөө л зохицуулна гэсэн үг. Харин манай улс ирээдүйд өөрсдөө атомын цахилгаан станц баривал хог хаягдлаа хаана булшлах нь дараагийн асуудал болох биз ээ.







