
Малчид ногт, чөдөр, хазаар, цулбуур зэрэг ойрын хэрэгцээний зүйлс хийхэд хамгийн чухал түүхий эд бол яах аргагүй сур. Тэгвэл халуун наранд сур элдэн зогсдог үе ард хоцрох нь. Учир нь ШУТИС-ийн харъяа шинжлэх ухаан техникийн ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Р.Авирмэд сур элдэх төхөөрөмж бүтээжээ.

Сүүлийн үед малчид сураар бус ремин, мяндсаар эд зүйлсээ хийж байгаа нь багагүй шүүмжлэлд өртөж буй. Уг нь эдэлгээ даах чадвар, малын хөл, толгойг холгохгүй зэрэг олон талаараа сур ашиг тустай. Тэгвэл Р.Авирмэд хүүгийн эл бүтээл малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй сураар эд зүйлс хийх, хэрэглэх өв, уламжлалаа сэргээхэд чамгүй их нэмэр болох нь мэдээж.