Төр нь төмөр нүүрээ харуулж, төрүүлсэн үр нь хөсөр хаясан "ахмадууд" олон. Тэдэнд ч бас улс эх орныхоо бүтээн байгуулалтад урагштай алхам хийж явсан үе гэж бий. Гэвч сар бүрийн халамж, тэтгэвэр буух үеэс бусдаар эсвэл санал хураалтын ирц гүйцэлдүүлэхээс өөрөөр тэднийг хэн ч хайхардаггүй. Сайндаа л тавгийн боов, хуанли, цайны идээ, савтай сүү зэргээр аргацааж орхино. Гэтэл ахмадуудад нийгмийн харилцаанд хэвийн оролцож, нийтлэг эрх ашгаа хангах хэрэгцээ дутагдсаар байна. Саяхны статистик тоон мэдээллээс харахад улсын хэмжээнд нийт 334.7 мянган ахмад настан байна. Өөрөөр хэлбэл манай улсын нийт хүн амын 8.6 хувийг ахмадууд эзэлж байгаа юм. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 он гэхэд 19 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь жил ирэх тусам монгол хүний дундаж насжилт нэмэгдэж байгаатай холбоотой. Хатуухан хэлэхэд ямар нэгэн шийдэлд хүрэхгүй л бол хаягдаж хоцрогсдын тоо цаашид нэмэгдэнэ гэсэн үг.
Тэтгэвэрт гарсан ахмадуудын 67.5 хувь буюу 180 мянга нь ямар нэгэн ажил, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг. Гэвч ердөө нийт ахмадуудын 20.7 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Эндээс ахмадууд хүссэн хүсээгүй хөдөлмөрийн зах зээлээс шахагддаг болохыг харж болно. Ахмад настнууд гэр бүлдээ ач зээгээ харах, халамжлах зэрэг асархуйн үүрэг л гүйцэтгэж байна. Үүнээс гадна ахмадуудад тулгамдсан өчнөөн олон асуудал бий. Тэр дундаа ахмадуудын тэтгэврийн хэмжээ, зөрүүнээс үүдсэн нийгмийн баталгааны тухай асуудал. Инфляц, үнийн өсөлттэй холбоотойгоор ахмадууд ядуусын эгнээнд нэгдэж буй. Угтаа төрийн зүгээс ахмадуудад бүх төрлийн тусламж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Гэвч наад захын анхан шатны тусламжаас эхлээд наанадаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ч авч чадахгүйд хүрдэг. Нөгөө талаас ахмад настнуудын эрх алхам тутам зөрчигдөж байгаа талаар олон бодит жишээ бий. Тэдэнд анхаарал хандуулдаг, асуудлыг нь тогтож сонсдог шийддэг, шийдвэрлэдэг хууль, эрх зүйн орчин дутмаг хэвээр байна. Ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдарч, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асаргаанд байна.
Тааваараа таатай амьдрах боломж тэдэнд алга
Бусад улс оронд ахмадууд жинхэнэ утгаараа чөлөөнийхөө амралтанд гарч, тааваараа аж төрдөг. Харин манай улсын тухайд халамжийн үйлчилгээнээс эхлээд хаана цагийг өнгөрөөх эсэх нь ч тодорхойгүй. Үүнтэй холбоотойгоор Геронтологийн үндэсний төвөөс өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн ахмад настнуудын ээлтэй орчин хэрхэн бүрэлдсэн талаарх суурь судалгааг хийжээ. Эл судалгааны талаар Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, анагаах ухааны магистр, докторант гериатрын ахлах зэрэгтэй эмч Ч.Одгэрэлтэй ярилцлаа.

Түүнчлэн ахмад настны нийгмийн оролцоог судлахад хоёр настан тутмын нэг нь нийгмийн идэвхгүй байжээ. Мөн ахмад настнуудад зориулсан, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ цөөн зохион байгууллагддаг. Нийгмийн оролцоог хангахад ахмад настнуудын өөрсдийн санаачлага, гэр бүлийн гишүүдийн дэмжлэг муу гэх судалгааны үр дүн гарсан байна.
Гэмгүй хохирогчид
Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүгийн гэмт хэрэгт 187, зөрчлийн хэрэгт 2358 ахмад настан өртжээ. Цаашлаад гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол өнгөрсөн оны байдлаар 968 болж, 34.8 хувиар нэмэгдсэн байна. Уг үзүүлэлт нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хуулийн болон төрийн бус байгууллагад хандсан ахмадын тоо юм. Харамсалтай нь үүний цаана хаягдаж, хоцрогдсон, хаана хандахаа мэдэхгүй маш олон ахмад бий. Ойрын гурван жилийн хугацаанд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64 хувь, бие махбодын хүчирхийлэл 47 хувь, эдийн засгийн хүчирхийлэл 36 хувь, үл хайхрагдах байдал 21 хувь, бэлгийн хүчирхийлэл 0.1 хувийг эзэлж байна.