Сүхбаатар аймгийн “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 сурагчийн нурууны ар хэсэгт улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрчээ. Тус шархыг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эмчийн үзлэгээр илрүүлсэн байна. 20 сурагчийг дотуур байрын багш Б нь байрандаа бохир заваан суулаа хэмээн ороолгосон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газраас "Энэ асуудлыг Сүхбаатар аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэж мэдээллээ.