Уур амьсгалын өөрчлөлтөөс болж өмнөд туйлын мөс бүрэн хайлж алга болох шинэ эрин үе рүү дөтөлж байж болзошгүй хэмээн эрдэмтэд эмээж байна.
Антарктидын эргэн тойрон дахь далайн мөсний эзлэх талбай энэ өвөл гэхэд түүхэн дэх хамгийн бага хэмжээнд хүртлээ буурсан байх магадлалтайг АНУ-ын Цас мөсний мэдээллийн үндэсний төвөөс /NSIDC/ даваа гарагт мэдэгдэв. Жил бүрийн есдүгээр сард Антарктидын далайн мөс хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. 1981-2010 оны хооронд дунджаар 18.71 сая км2 талбайтай байсан бол энэ сарын 10-ны байдлаар 16.96 сая км2 хүрч, түүнээс хойш буурсан байна.
2023 оны хамгийн дээд хэмжээ нь олон жилийн дунджаас 1.75 сая км2-аар бага байсан бол 1986 оны дээд хэмжээнээс 1 сая орчим км2 доогуур байв.
“Дөрөвдүгээр сараас хойш Антарктидын далайн мөсний өсөлтийн хурд илт удааширсан. Тавдугаар сард биднийг гайхалтай зүйл хүлээж байгаа нь илт байсан" гэж Тасманийн их сургуулийн далайн мөс судлаач доктор Вилл Хоббс хэллээ.
Антарктидын далайн мөс жил бүрийн хоёрдугаар сард хамгийн бага, есдүгээр сард хамгийн дээд түвшиндээ хүрдэг. Антарктидын далайн мөс 2016 онд зуны түүхэн доод амжилт эвдэх хүртэл харьцангуй тогтвортой байжээ. Тиймээс 2023 оны хоёрдугаар сар хүртэл зуны хамгийн доод хэмжээнд хүрсэн юм.
Г.Анхбаяр