Өнөөдөр манай улсад эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нэн түрүүнд яригдах, шийдвэрлэх ёстой зүйлсийн нэг болоод буй. Жил бүрийн өдийд ханиад томуундаа дийлдсэн багачууд эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхээр, дараалал үүсгэх нь хэдийн бидэнд дасал болоод уджээ. Тухайлбал, эмнэлгийн дараалал, эм тарианы мөнгөнөөс эхлээд элдэв өвчинд ороогдож туйлдсан монголчууд эрүүл мэндийн даатгалд үл найдна. Мөнгөтэй бол гадаадад очоод ая тухтай эмчилгээ хийлгээд ирэх сэн хэмээн мөрөөдөх иргэд тоймгүй их.
Гэвч жил ирэх тусам эм тариа, эмчилгээний зардал өсөж, эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ буурч буй. Харин эсрэгээрээ даатгалын хувь хэмжээ нэмэгдэх болсон юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой байдаг. Манай улсын хувьд 2016 оноос эхлэн эрүүл мэндийн албан журмын даатгалд шилжсэн. Энэхүү даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах үүрэгтэй юм. Харин ЭМД-ын шимтгэлийн тухайд өнөөдрийн байдлаар төр хариуцан төлдөг иргэдийн хувьд ЭМД-ын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь, хүүхэд нэг хувь байхаар заасан. Харин ажил хөдөлмөр эрхэлж буй хүний хувьд ажил олгогч нь хоёр хувь, ажил эрхлэгч иргэн цалингийнхаа хоёр хувиар ЭМД-ын шимтгэл төлдөг бол хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан залуус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцсон шимтгэл төлөхөөр зохицуулаад буй.
Эрүүл мэндийн даатгал төлснөөр бид ямар эрх эдэлж байна вэ
Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр иргэд нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт үйлчилгээнүүд багтах аж. Гэвч эдгээр үйлчилгээг бид улсын, хувийн эмнэлэгт царай алдаж, олон газраар бичиг баримт бүрдүүлэн байж авч чаддаг гээд манай даатгалын салбарын асуудал тоймгүй их бий. Хамгийн энгийн жишээ нь л гэхэд хөнгөлөлттэй эмийн асуудал. Тухайлбал өнгөрсөн жилийн буюу 2022 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ өөрчлөгдсөн билээ. Шинэчилсэн жагсаалтын нэршилд нийт 590 төрлийн эм багтаж, 160 эмийн үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлсэн юм.
Эмийн үнийн хөнгөлөлт эдэлж буй иргэдийн 72 хувь нь тэтгэврийн насны ахмадууд бөгөөд ахмад настнуудын өргөн хэрэглэдэг даралт, цус шингэлэх, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хөнгөлөлтийг 30 хувь болгож бууруулсан юм. Ийнхүү ахмадууд эмээ эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй нөхцөлөөр ч авч чадахгүйд хүргэсэн байдаг. Арга ядан авлаа ч хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог эмийн санчдын харилцаа хандлагаас эхлээд эрүүл мэндтэй холбоотой бүх л үе шатны байгууллага иргэдийг туйлдуулсаар л байгаа юм. Гэтэл гаднын улс оронд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдаг нь иргэдийнхээ насжилт, эрүүл мэнд, эдийн засагт хүртэл эергээр нөлөөлж буй.
Тухайлбал Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь дээр жишээ авч яривал тус улсад удаан хугацаанд оршин сууж буй хүмүүс гадаад дотоод гэлтгүй бүгд эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхтэй байдаг. Даатгалд хамрагдсан тохиолдолд Япон улсын хаана ч байрлах эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн үйлчилгээ, эм худалдаж авах, эмнэлэгт хэвтэх, мэс засал хийлгэх гэх мэт үйлчилгээг авна. Жишээ нь та Токио хотод амьдардаг байгаад Хоккайдод түр байх хугацаандаа ханиад хүрсэн бол Хоккайдогийн аль ч эмнэлэгт даатгалаараа үзүүлж ханиадны эм, эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой аж.
Япон улсад эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой эмнэлгүүд:
- Дотрын эмнэлэг
- Мэс заслын эмнэлэг
- Арьсны эмнэлэг
- Нүдний эмнэлэг
- Шүдний эмнэлэг
- Чих хамар хоолойн эмнэлэг
- Хүүхдийн эмнэлэг
- Сэтгэл зүй заслын эмнэлэг
- Эмэгтэйчүүдийн эмнэлэг
- Харшлын эмнэлэг
- Шээсний замын үйл ажиллагааны эмнэлэг
- Тархи, мэдрэлийн эмнэлэг
- Үе мөч, нурууны эмнэлэг /Orthopedics/
Эдгээр бүх эмнэлэгт үзүүлэхэд даатгал үйлчлэх аж. Энэ мэтчилэн гаднын улс орнууд эрүүл мэндийн тогтолцоогоо иргэддээ илүү хялбар, оновчтой байдлаар шийдэж өгсөн нь дээрх жишээнээс харагдаж буй. Гэтэл манай улсын эрүүл мэндийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал иргэддээ хүндрэл, чирэгдэл учруулсан хэвээр байна.