"Ханжоу 2022" Азийн 19-р наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг-ын жинд Хилчин спорт хороо, "New Arig US" компанийн тамирчин Батхуягийн Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр АНЭУ-ын Жафар Костоевийг цэвэр ялав.

Б.Гончигсүрэн нь эхний тойрогт гоц мөргөж хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг дийлсэн. Улмаар хагас шигшээд АНЭУ-ын Жафар Костоевийг ялсан юм.

Бусад тамирчдын хувьд ОУХМ Г.Алтанбагана хагас шигшээд, А.Адьяасүрэн их шөвөгт шалгараад байгаа юм. Тодруулбал, Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга ОУХМ Гантулгын Алтанбагана нь Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт торгуулиар ялж хагас шигшээд шалгарсан. Одоо тэрээр хагас шигшээд олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Узбекистаны Давлат Бобоновтой барилдана. Харин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн Казахстаны Камила Берликашийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар их шөвөгт үлдлээ.