Үе үеийн Ерөнхий сайд нар үе үехэн л орон нутагт ажилладаг. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх аймагтаа очиж ажиллахыг зорьдог ч зарим нь чадалгүй огцордог. Зарим нь сонгуулийн өмнө л хальтхан тойрч харагддаг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн төслөө УИХ-д өргөн барихаасаа өмнө орон нутагт ажиллаж, иргэдийнхээ саналыг сонсдог болох зөв жишгийг эхлүүллээ.
Засгийн газар жил бүрийн төсвийн төслөө аравдугаар сарын 1-ны дотор УИХ-д өргөн барих хуультай. Түүнээс өмнө төвсийн төслөө боловсруулахдаа УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагуудаас гаргасан санал хүсэлтийг тусгадаг байлаа. Энэ тохиолдолд тухайн хүмүүсийн хувийн эрх ашиг төсөвт шингэх эрсдэлтэй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2021 оны төсвөөс эхлээд УИХ Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг хэлэлцэхдээ зардал, алдагдлын хэмжээг нэмэх эрхгүй болсон. Ингэснээр орхигдуулсан төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх боломжгүй болж, Засгийн газар төсвийн төлөө анхнаасаа чамбай боловсруулж УИХ-д өргөн барих шаардлагатай болсон юм. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг лоббидож төсөвт оруулах боломжгүй болсон сайн талтай ч Засгийн газар, Сангийн яам төсөв боловсруулахдаа УИХ-ын гишүүдийн саналыг авах нь бодитой бус, тойргийн эрх ашиг шингэсэн саналууд төсөвт тусах эрсдэлтэй. Ингэснээр төвийн нэгдсэн бодлого бүрэн хэрэгжихгүй. Тиймээс Ерөнхий сайд Улаанбаатарт суугаад УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудаас гаргасан саналаар төсвөө боловсруулахыг хүссэнгүй. Ялангуяа УИХ-ын сонгуулийн жилийн төсвийг боловсруулахдаа асуудалд бодитой хандах нь хамгаас чухал. Сар хүрэхгүйн өмнө УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл бол 2024 оны сонгуулийн жилийн төсөв. Сонгуулийн жилийн төсөвт УИХ-ын гишүүд тойрогтоо амласан бүхнээ багтаахыг хичээдэг. Үүнээс болж тооцоо судалгаа нь хийгдээгүй, зураг төсөл нь бэлэн болоогүй, бүтээн байгуулалт хийх газар нь чөлөөлөгдөөгүй гэх мэт төслүүд төсөвт багтах тохиолдол бий. Үүний сөрөг үр дагавар нь төсвийн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдах, бүтээн байгуулалтын ажлууд нь хэдэн жил дамнан сунжирч зардал нь нэмэгдэх. Тухайлбал, одоогийн байдлаар улсын хэмжээнд наймаас дээш жил үргэлжилж байгаа ч одоо болтол ашиглалтад ороогүй 25 бүтээн байгуулалт байгаа нь сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор төсвийн муу төлөвлөлт хийсний үр дүн.
Харин энэ удаад Ерөнхий сайд, эрх баригч намын даргынхаа хувиар “Төсвийн төслөө УИХ-д өргөн барихаасаа өмнө орон нутагт ажиллаж иргэдээ сонсох нь зүйтэй. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирч төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ” гэж үзсэн бололтой.
Ерөнхий сайд иргэдтэй уулзахдаа орон нутагт нь ямар бүтээн байгуулалт хийх шаардлагатай байгааг сонсож, хамгийн чухал гэсэн төслүүдийг эрэмбэлэн 2024 оны оны төсөвт тусгасан юм. Иргэд дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг хамгийн их онцолсон байдаг. Тэр нь ч төсвийн тусалд тусаж, одоо хэлэлцэгдэж байна. Тухайлбал, аймаг, сумдыг холбох авто замын ажлыг дэмжиж байна. Түүнчлэн барилгажих, бүтээн байгуулалт хийхэд шууд нөлөө үзүүлж буй дулаан, цахилгаан хангамжийн асуудал тулгамдаж байгааг хэлсэн байдаг. Ерөнхий сайд ч эдгээр асуудлыг нэн чухалд тооцож байна. Зарим аймагт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатайг иргэд учирлаж байна. Энэ мэтээр иргэд УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга гэх мэт хэн нэгнээр саналаа дамжуулан уламжлахгүйгээр шууд Ерөнхий сайдад асуудлаа хэлж байна. Ерөнхий сайд ч хэн нэгний хэлсэн үгээр төсвийн бодлогоо тодорхойлох бус Сангийн сайдаа дагуулан газар дээр нь очиж үзэж, иргэдээ сонсож байгаа нь чухал ач холбогдолтой байдаг. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Бас хэн нэгэн улстөрчийн Ерөнхий сайдад дамжуулан хэлж буй үг үнэн байх магадлал ч бага.
