НҮБ 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орж, 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж зарлажээ. Энэ бол цөлжилтөөс үүдэлтэй ган зуд, байгалийн гамшгийн нөлөө. Энэ нөлөө Монголыг нөмөрч нийт газар нутгийн 76 хувь цөлжилт доройтолт өртөн, орон нутагтаа орлогын боломж нь хумигдсан хүмүүс хот руу нүүж байна. Зохистой хэмжээнээс 4 дахин их модыг ойгоос бэлтгэсэн, бэлчээрийн даац 2-5 дахин нэмэгдсэн, гадагшаа урсгалтай голуудаа сувагчлах, хураах төслүүдээ явуулаагүйгээс харахад долоон жилийн дараа дэлхий Тогтвортой хөгжлийн зорилтоо дүгнэхэд Монголын төр маруухан үнэлгээ авахаар байна. Бодлогоо бодит ажил дээр үр дүнтэй хэрэгжүүлдэггүй, хурдгүй энэ байдал төрийн үйл ажиллагаа ч цөлжиж байгааг харуулна. Цөлжилт ялж, Монгол хожимдвол бид хямралаас гарахад хүнд байх болно.

Цөлжилтөөс үүдэлтэй ган, зудын эрсдэл нэмэгдэж байна. Энэ нь байгалийн гамшигт өртөх, цаг бусын хохирол амсах, дагаад ядуурал хотжилтыг нэмэгдүүлэх үр дагавартайг бид харж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг тоо статистикаар харахад аймшигтай. Орон нутгаар явсан хүмүүсийн сэтгэгдэл нийтийн маргаан дагуулахдаа хүрсэн. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй газар тариалан, малын тоо толгойг хэрхэн тохируулахаас эхлээд захиргааны аргаар шийдэхэд бэрхтэй олон асуудал тулгарчээ. Энэ бол зөвхөн бидэнд тулгамдаад байгаа биш. Дэлхий нийтээр цөлжилтөөс үүдэлтэй ган, зудын эрсдэлийг хэрхэн даван туулах, зохицуулах талаар ярилцаж байна. Учир нь байгалийн гамшигт үзэгдлүүд ядуу айл өрхүүдийн тоог нэмж Засгийн газруудын толгойн өвчин болж байгаа юм. НҮБ-ын мэдээлсэнээр 1980 оноос хойш байгалийн гамшгийн хөнөөлөөр 4.2 трилион долларын хохирол учирсан. 1998 оноос урагш тоолоход 17.2 сая хүн орон байргүй болж, жил бүр 26 сая хүн ядууралд өртөж, 560 сая ам.долларын гарз хохирол амсчээ. Өөрийн байгаа байдлаа хараад дэлхийтэй жишихэд хол сонсогдох ч статистикт анхаарлаа хандуулах нь чухал. Учир нь цөлжилтөөс үүдэлтэй зуд турхан, байгалийн гамшигт доогуур орлоготой орнууд хүчтэй өртөж, тэдний ДНБ-ий хохирол их байгаа юм. Учир нь цөлжилт нь хоол тэжээлийн хүртээмжгүй байдал, хүнс өргөн хэрэглээний үнийн өсөлт, хүн амын шилжилт хөдөлгөөнд хамгийн их нөлөө үзүүлж байна. Байгалийн үзэгдлүүд экосистемийн хуулиар бүгд холбоотой. Цөлжилт, хөрсний доройтол нь ядуурал, улс орны эдийн засгийн чадамжийг бууруулах, хямралт байдлыг нэмэгдүүлэх шинж чанараараа улс орныг шууд хүнд байдал руу чирдэг. Ногоон байгууламжаа хэрхэн бүтээж хамгаалж байна, ус хангамж найдвартай юу, гэнэтийн учралд тэсвэр хатуужил бүхий хүнсний хангамжтэй юу гэсэн шалгалтад олон улс орон бүдэрч байна. Тэдний нэг нь Монгол Улс.

Монгол Улсын газар нутгийн 76 хувь нь цөлжилт, доройтолд өртсөн

Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилт доройтолд өртсөн, үүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй, 44 хувь нь шууд хүний үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэжээ. Үүнд уул уурхай, элс хайрга олборлолт, зохист харьцааг зохицуулаагүй мал аж ахуй, ойн ашиглалт, түймэрийн хөнөөл хамгийн их нөлөөлсөн. Зөвхөн ойн ашиглалтыг аваад үзэхэд 1990 оноос хойш зохистой хэжмээнээс 4 дахин их модыг ойгоос бэлтгэн хэрэглэжээ. Энэ бүхэн цөлжилтөөс үүдсэн ган, зудын байдлыг дагуулж байна. Дам нөлөө нь юугаар илэрч байна гэхээр зөвхөн таван жилийн хооронд буюу 2008-2013 онд зудаас болж 400 мянган хүн Улаанбаатарт шилжиж ирсэн гэх тоо байгаа юм. Энэ нь 1998, 1999, 2002 оны зудын жилд учирсан малын зүй бус хорогдлын тооноос шууд шалтгаалсан үр нөлөө. Эцэст нь Улаанбаатарын бүх асуудлын улбааг цөлжилт, ган, зудын нөлөөнөөс үүдсэн гэж харж болно. Орон нутагтаа орлогогүй болж, амьдрал тарчигдсан олон зуун хүн төв хот бараадсан. Төвлөрөл ингэж үүссэн. Энэ бол цөлжилтөөс үүдсэн гамшигт нөхцөл байдлыг алсаас төлөвлөж зохицуулаагүй ерөөсөө л бэлэн биш байсны үр. ОБЕГ-ын мэдээлсэнээр одоо Монгол Улсын бэлчээрийн даац 2-5 дахин хэтрээд байна. Дээр нь цөлжилтийн хурдац гамшгийн нөхцөлийг өдөөж нийт газар нутгийн 40 хувьд цагаан зудын давтамж 10-70 хувь, харын зуд болох эрсдэл нийт газар нутгийн 42 хувь, үерийн аюулд өртөх эрсдэл нийт газар нутгийн 35 хувийг эзэлж байна. Ерөөсөө цөлжилтөөс үүдэлтэй ган, зудын эрсдэл нэмэгдэж байгааг энэ тоо харуулна. Тогтвортой хөгжил гэж олон жил ярьсан ч төрийн бодлого хөрсөндөө бууж зохицуулалт болоогүйг л эндээс харж болно. Уг нь Монгол төрд үзсэн туршлага, бодлогын залгамж халаа байсан. 1944 оны зуднаар 9.2 сая толгой мал, дараа нь 1956 оны зуднаар 2.2 сая, 1968 оны зуднаар 4.4 сая малын хорогдол амссан. Аймшигтай хохирол үзсэн он жилүүдийн сургамжийг ярьж тогтвортой хөгжлийн бодлого сурталчилдаг ч бодит ажил дээр ахиц гаргаж чадаагүй. Гэтэл энэ жил махны үнэ кг нь 20 мянга давж, хэрэглэгчид бухимдан малчид, ченжүүдийг зүхэж эхлэв. Харин Үндэсний статитикийн хороо энэ жил малын зүй бус хорогдол их гарсан, зүүн аймагт болсон цасан шуурга, хээрийн түймэр гээд үнэхээр хүнд хаврыг туулсанаас малчдын махны нийлүүлэлт буурсныг хэлсэн. Энэ бол зудын гамшиг эдийн засагт яаж нөлөөлдөгийг харуулсан нэг жишээ.

Цөлжилтийн нөлөө ядуурал, хямралд байдлыг нэмэгдүүлсээр

Одоо төр засаг том бодлого дэвшүүлээд хөрсөнд буутал ажиллахгүй бол нийт газар, бэлчээр, тариалангийн талбай доройтох нь. Гамшиг гэдэг байгалийн үзэгдэл, нэг талаас хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Үүнд хариуцлагатай үйлдвэрлэл нэвтрүүлэх, ёс зүйтэй, эргэх холбоотой, хариуцлагатай тогтолцоо нэвтрүүлэх л шаардлага байна. Хөдөө аж ахуйд инноваци нэвтрүүлэх, хосолмол бэлчээр, сүргийн бүтэц, уул уурхайн нөхөн сэргээлтэд анхаарах нь чухал. Чанартай, бэлчээрийн даацдаа тохирсон мал аж ахуйтай болж малын гаралтай түүхий эдээ нэг ч хаягдалгүй боловсруулж, нэмүү өртөг шингээж байж бид байгалиа хамгаална. Цөлжилтийн эсрэг томоохон аж үйлдвэрийн төвүүдийг усаар хангах төслүүдээ яаравчилмаар. Юуны өмнө гэнэт буудаг үерийн их усыг хуримтлуулан ашиглах. Сум баг бүхэнд хиймэд нуур үүсгэн үерийн усыг ашиглах нь усны хомсдлыг шийдэх, гол мөрний урсацад тохируулга хийх, үеийн аюулаас сэргийлэх өндөр ач холбогдолтой. Цаашилбал хилээр гадагш урсан гарч байгаа голуудын уснаас тодорхой хэсгийг хуримтлуулан үлдээж, усан сан байгуулан эрчим хүч гарган авахаас гадна голын сав газрын экологид хохирол учруулахгүйгээр усны нөөцийг хамгийн үр ашигтай, иж бүрэн ашиглаж эхэлвэл Хөх морь төслийн нийгэм эдийн засгийн ач холбогдлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Бэлээхэн гадагшаа урсаад гарчихаж байгаа гадаргын усаа ашиглахыг улстөржилтөөс айж, хойшлуулж ирсэн шийдвэр гаргагчид түүхэн бурууг үүрэх ч ямар ч хариуцлага хүлээхгүй юм. Дээр нь төрөөс буюу Байгаль орчин уур амьсгалын сангаас санхүүжүүлсэн нийт төслийн бодит үр дүн тооцож ярих хэрэгтэй. Ил болсон мэдээллийг хараад үзэхэд өнгөрсөн хугацаанд 697 байгууллага 27 иргэн 17.7 тэрбум төгрөгийн төсөлд санхүүжилт авсан байна. Цөлжилтийн эсрэг, байгалийн тэнцвэрийг дэмжиж төрөөс мөнгө гаргаж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Гэхдээ төслүүдийн үр дүнг бодитой тооцож явах ёстой. Гэхдээ энэ санхүүжилт 2013 оноос хойш тогтмол буурч ирсэнд бас дүгнэлт хиймээр. Орон нутаг нийт орлогынхоо 1 хувийг байгаль хамгаалах ажилд зарцуулах эрх байгаа ч ажил зохион байгуулахгүй байсаар тэр мөнгөний ихэнх нь оны төгсгөлд улсад хураагддаг байна. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил хаяахан хор цацсан болоод хэдэн айлд дизель түлш тарааж өгөөд оготны нүх рүү хийгээрэй гээд орхидог байдал бол цөлжилттэй тэмцэж байгаа бидний бодит байдал. Энэ бол орон нутгийн санаачлага ч бага байдгийн жишээ.

Шар шороон шуурга, цөлжилт, хөрсний доройтол бүхэлдээ Монголын эдийн засаг, нийгэмд хүнд хор хохирол учруулж, цаашид ч заналхийлж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн зэрэг санаачлагууд өрнөж байгаа ч тарьсанаа арчлах, ургуулах, хамгаалах, хашаа хороогоо моджуулах зэрэг иргэдийн өөрсдийн үр дүнтэй оролцоотой ажлууд хоцрогдож байна. Нийтээр нь цөлжилтөөс үүдэлтэй ган, зудын эрсдэлээ төр засаг нэг сайн хэлэлцээд бодитой тодорхой бодлого гаргахгүй бол Монгол Улс хожимдож мэднэ. Дэлхийн олон орон цөлжилтөөс үүдэлтэй нөхцөл байдлаа зохицуулж чадахгүй байсаар ядуурал, хүн амын төвлөрөл, нийгмийн бухимдалтай тулсан. НҮБ эдгээрийг багцлаад судлахад дэлхийн хүн амын 30 хувь нь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон, 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж зарлажээ. Ядуурал, эдийн засгийн бууралт, хямралт байдлыг өдөөгч нь цөлжилтөөс үүдэлтэй ган, зудын эрсдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байхад бид малын тоо 70 сая давлаа, Монголын шар шороо далай гатлан харин орныг дарангуйлж эхэллээ хэмээн цээжээ дэлдэн сууж таарахгүй юм.