Серби үндэстний зэвсэгт этгээдүүд болон Косовогийн цагдаа нарын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсантай холбогдуулан Косово, Серби улсууд хоорондоо маргаан өрнөж байна. Өнгөрсөн ням гарагт, Косовогийн хойд нутгийн Баньска тосгонд үнэн алдартны шашны сүмийг бүслэх үеэр нэг цагдаа болон гурван зэвсэгт этгээд амь үрэгдсэн юм.
Косовогийн Ерөнхий сайд Альбин Курти нь Сербийн засгийн газрыг тус зэвсэгт этгээдүүдийг дэмжсэн гэж үзэж буй. Тэгвэл Сербийн Ерөнхийлөгч Александр Вувич “Амиа алдсан гурван зэвсэгт этгээд нь серби хүн байсан бөгөөд эцсийн хариуцлагыг Косовогийн эрх баригчид хүлээнэ” гэж мэдэгджээ. Ням гарагт болсон зэвсэгт мөргөлдөөн нь олон жилийн турш хурцадмал байдалд буй хөрш орнуудын харилцаанд дахин нэг ан цав үүсгэлээ.
Косово улс нь 2008 онд тусгаар тогтнолоо зарласан боловч Серби болон гол холбоотон Хятад, Орос улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Олон серби иргэд Косовог өөрсдийн үндэстний төрөлх нутаг гэж үздэг юм. Гэхдээ Косовод амьдарч буй 1.8 сая хүн амын 92 хувь нь албани үндэстэн бөгөөд зөвхөн зургаан хувь нь серби угсаатан ажээ.
Баньска тосгонд зэвсэглэсэн серби 30 хүн үнэн алдартны шашны сүмийг эзэгнэн, сүмийг чөлөөлөхөөр очсон цагдаа нартай мөргөлджээ. Косовогийн Дотоод хэргийн сайд Желал Свеклагийн хэлснээр сүмийг чөлөөлөх ажиллагаанд цагдаа нар өдөржин тулалдаж, зэвсэгт этгээдүүдийн гурав нь нас барсан байна.
“Дараалсан хэд хэдэн довтолгооны дараа бид тус бүсийг хяналтдаа авсан” гэж Дотоод хэргийн сайд Желал Свекла мэдэгдлээ.
Орон нутгийн захиргаанаас мэдээлснээр зургаан хүнийг баривчилж, их хэмжээний зэр зэвсэг хураан авсан байна. Гэхдээ баривчлагдсан хүмүүс халдлагад оролцсон эсэхийг мэдээлээгүй. Үүний зэрэгцээ, “Сербийн үнэн алдартны сүмийн зүгээс зэвсэгт этгээдүүд шөнөөр хийдийг орхин гарсан” гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Зарим эх сурвалжийн мэдээгээр Косовогийн цагдаагийн албан хаагч сүмийн бүслэлтээс өмнө амь үрэгджээ.
“Зэвсэгт этгээдүүд нь цэргийн болон цагдаагийн туршлагатай мэргэжлийнхэн бөгөөд Белград дахь эрх баригчид санхүүгээр хангаж, хөхүүлэн дэмждэг. Сербийн ивээн тэтгэсэн гэмт хэрэгтнүүд”гэж Косовогийн Ерөнхий сайд Альбин Курти мэдэгдээд байгаа ажээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вувич хариу барьж, Ерөнхий сайд Альбин Куртиг олон сар үргэлжилсэн өдөөн хатгалтад буруутгажээ. Мөн түүнчлэн Косовогийн цагдаагийн албан хаагчийн үхэлд Сербийн талыг буруутгаж энэхүү мөргөлдөөний хариуцлагыг Ерөнхий сайд Альбин Курти үүрэх хэрэгтэй гэв.
“Куртигийн цорын ганц зорилго бол биднийг НАТО-тай дайтуулах бөгөөд энэ нь тэрний өдөржингөө хийдэг ганц зүйл юм. Хэрэв НАТО тэргүүтэй KFOR энхийг сахиулагчид оролцсон бол хохирогчдын тоо цөөрөх байсан” гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вувич хэлэв.
Одоогийн байдлаар Косовод 4500 орчим энхийг сахиулагч байрлаад байна.
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл энэхүү дайралтыг буруушааж, буруутай этгээдүүдийг шүүхэд өгөх ёстой гэж мэдэгдээд буй.
Косовод тавдугаар сарын маргаантай орон нутгийн сонгуулиас болж ширүүн мөргөлдөөн үүссэний дараа хурцадмал байдал нэмэгдсээр байгаа юм.
Орон нутгийн оршин суугчид санал хураалтыг хясан боогдуулсны дараа Косовогийн албани гаралтай хотын дарга нар дийлэнх нь сербүүд оршин суудаг бүс нутагт томилогдоод байгаа аж.
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Боррелл нь Ерөнхий сайд Куртиг серби иргэд олонх болсон хотын захиргааны холбоо байгуулж тэдэнд илүү бие даасан эрх олгож чадаагүйд буруутгажээ.
НАТО сонгуулийн дараа умард нутгийн Звекан хотод гарсан эмх замбараагүй байдлыг дарахын тулд Косово руу 700 гаруй цэрэг илгээсэн бөгөөд мөргөлдөөний төгсгөлд 30 орчим НАТО-ийн энхийг сахиулагч, 50 гаруй серби жагсагч гэмтэж бэртжээ.
Г.Анхбаяр