Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 19-ний өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод хийсэн нян судлал, PCR шинжилгээний дүн өнөөдөр /2023.09.22/ гарчээ. Шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарласан юм. Тэгвэл тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан учир Улиастай, Яруу сумын хөдөлгөөнийг нээжээ.
Өвчтөний нэгдүгээр болон дам хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан байна. Иргэний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын хүмүүсээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарчээ. Цаашид ойрын хавьтлын 40 иргэнийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хяналтад тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэжээ.
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ