“Ардчиллыг бэхжүүлэхэд улс төрийн намын манлайлал” сэдвийн хүрээнд “ХҮН”-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа.
Улс төрийн нам төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал оролцоотой байдаг. Тэгвэл “ХҮН”-ын хувьд Монголын ардчиллыг бэхжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэхээр зорьж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье.
Ардчилсан улсад аливаа улс төрийн нам байгуулагдах нь нэг талаар энгийн үзэгдэл. Тухайн намын үзэл баримтлал, хийж хэрэгжүүлж буй үйл нь зөв чигт чиглэж байвал ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэг оролцоотой байна гэсэн үг. Аливаа улс төрийн нам эрх мэдлийг авч, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэх нь чухал. Миний хувьд 2015 онд “ХҮН”-д элссэн. Хэдийгээр “ХҮН”-аас УИХ-д нэг төлөөлөл байгаа ч багаараа олон асуудлыг шийдвэрлэхэд оролцсоор байна. Тухайлбал сонгууль шударга бус явагдаж байгаагаас шалтгаалж, төлөөллийн ардчилал буюу иргэдээ төлөөлөх зарчим алдагдаж байна. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн системийг өөрчлөх ёстой гэж үзээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр дуу хоолойгоо хүргэж ажилласан. Тэр ч утгаараа 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Энэхүү тогтолцооны үр дүнд ардчилал бэхжинэ гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ мэдээж хэрэг иргэд, сонгогчдын оролцоо, сонголт хамгаас чухал. Тухайн улс төрийн хүчинг судлах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлж чадах эсэхийг нягтлах зэрэг асуудалд ач холбогдол өгөх хэрэгтэй.
Улс төрийн намууд шинэ бүтэц бүрэлдэхүүнээ олон нийтэд зарлаж эхлээд буй. Энэ нь сонгогчдын сонголт, оролцоонд ямар давуу талыг бий болгох вэ?
Намууд дотоод бүтцээ зарлах нь төлөвшлөө харуулж буйн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл тухайн улс төрийн хүчинг ямар хүмүүс бүрдүүлж байгааг олон нийтэд ил тод болгож байна гэсэн үг. Товчхондоо нэр дэвшигчдийн мэдээлэл ил тод байх тусмаа олон давуу талыг бий болгоно.
Дэлхий дахинаа ардчиллыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо чухал хэмээн үзэх болсон. Энэ талаар?
Иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүдийн гол үүрэг нь нийгэм болон эдийн засаг, төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хууль эрх зүйн орчинд шийдвэрлэх явдал юм. Гэвч шийдвэр гаргах түвшинд буй эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа бодлого зохицуулалт өнөөгийн нийгмийг улам бүр дордуулж байна. Нийгмийн маш нарийн эмзэг асуудлууд орхигдож байна. Эл асуудлууд орхигдож буйн цаад шалтгаан нь улс төрийн шийдвэр гаргалтад нийгмийн нэг бүлгийн төлөөлөл хэт давамгай буюу бусад бүлгийн төлөөллийн оролцоо хангалmгүй байгаа явдал юм. Тухайлбал хүн амын 51 хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн оролцоо ердөө 17%-тай байна. Товчхондоо эмэгтэйчүүдийн нарийн анзаардаг нийгмийн асуудлууд шийдвэр гаргах түвшинд орхигдож байна. Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгуульд нийт 606 оролцогч нэр дэвшсэн. Үүний 151 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байсан. Харин шийдвэр гаргалтын түвшинд ердөө 13 эмэгтэй гишүүн сонгогдож байв. Тэгэхээр эмэгтэйчүүд хойш сууж байгаад учир байна уу, эсвэл сонгуулийн системд алдаа байна уу гэдгийг бодолцох ёстой. Нийгмийн хэвшмэл ойлголтоос болж эмэгтэйчүүдийн ардчиллын оролцоо гээгдэж байна. Аливаа нийгэмд ялгаатай байдал бий болох тусам шударга бус өрсөлдөөн явагдах боломж бүрддэг.

ХҮН-ын дотоод бүтэц томилгоог харахад эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих байдал ажиглагдаж байна. Энэ нь бодит оролцоо болж чадна гэж харж байна уу?
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХҮН эмэгтэй манлайлагчдын дэмжих ХҮН 50:50” бодлогоо зарласан. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зэрэг төрөл бүрийн ажлыг зохион байгуулж байна. “ХҮН”-ын 19 удирдах зөвлөлийн гишүүний найм нь эмэгтэйчүүд байх жишээний.
Таны бодлоор сонгогчдын боловсрол хэр хэмжээнд байгаа гэж харж байна вэ?
Нэг үеэ бодоход сонгогчид хэрсүүжсэн гэж бодож байна. Үүнийг улс төрийн намууд ухамсарлаасай гэж хүсэж байна. Угтаа ардчилсан нийгэмд улс төрийн намууд, Сонгуулийн ерөнхий хороо, бусад иргэний нийгмийн байгууллагууд сонгогчдын боловсролд анхаарах ёстой. Гэвч энэ байдал манай улсын тухайл харьцангүй сул. Сонгуулийн үеэр тараадаг бэлэг сэлт амьдралд өөрчлөлт авчрахгүй гэдгийг сонгогчид ухамсарладаг болсон. Амьдралын нөхцөлөө өөрчилье гэвэл өөр сонголт хийхээс өөр аргагүй. Монголчуудын өнөөдрийн амьдрал нь хэрсүү сонголт хийхэд хүргэнэ. Тэр ч утгаараа илүү оновчтой, зөв сонголтыг хийнэ гэж харж байгаа.