Бага сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй болгох саналыг Хөдөлмөрийн үндэсний намаас дэвшүүлж, мэдээлэл хийлээ.
Хүн намын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор “Дүрэмт хувцас гэдэг нь хүүхдүүдийг жигдрүүлэх, ямар нэгэн хувцсаар бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах үндсэн зорилготой. Гэтэл Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал өмсөх дүрэмт хувцасны стандарт 2013 оноос хойш өөрчлөгдөөгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өмсөж буй дүрэмт хувцас нь тэдний эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаас эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал олон нийтийн дунд сөхөгдөөд байна.
Дүрэмт хувцас хүүхдийн биед саад учруулахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх шаардлагатай. Гэтэл 10 жилийн өмнө баталсан стандарттай энэ хувцас одоо шаардлага хангахгүй болж, биеийн хөдөлгөөнд саад учирдаг, хөлс чийг гадагшилдаггүй зэрэг олон асуудал дагуулдаг. Түүнчлэн үнэтэй гэдэг асуудлыг иргэдийн зүгээс удаа дараа хэлж байгаа. Инфляц өндөр болсон энэ үед дунджаар нэг дүрэмт хувцсыг 100-250 мянган төгрөгөөр худалдан авч байна. Дөрвөн хүүхэдтэй айл нэг сая гаруй төгрөгөөр дүрэмт хувцас авч өгөх санхүүгийн дарамтад өртөж байна. Мөн ганцхан ээлжийн дүрэмт хувцсыг байнга угааж өмсөх асуудал тулгарч байна. Олон улсад дүрэмт хувцасны өнгийг л заадаг. Улмаар иргэд санхүүгийн чадвартаа нийцүүлээд худалдаж авах боломжийг олгодог” гэлээ.