Долоон настай жаал хүү нүдээ нухлаад сэрлээ. Тэр өдөр бусдаас арай өөр өдөр байв. Ээж минь духан дээр үнэрлэлээ. Юу бэлгэнд авахыг минь асуув. Мэдээж тэр нь одоогийнх шиг эрээн мяраан тоглоом байсангүй.
Миний хувьд хөдөө өссөн болохоор одоогийнх шиг хэн ямар бэлэг өгөх бол, хаагуур явж баярлуулах бол гэж хүлээдэггүй байлаа. Намайг бага байхад тэгэх ч боломж, нөхцөл байгаагүй л дээ.
Долоон настай байхад ээж маань хэдэн хоногийн өмнө аймгийн төв рүү аминчлан захиж байгаад, хоёр ширхэг гөөхий бэлэглэхэд нь үнэхээр их баярлаж билээ.
Яг хэдэн настайдаа анх энэ баярыг тэмдэглэж эхэлснээ санадаггүй ч хөдөөний бусад хүүхдийн адилаар эгэл жирийн л баярлаж өссөн юм. Долоон настай байхад ээж маань хэдэн хоногийн өмнө аймгийн төв рүү аминчлан захиж байгаад, хоёр ширхэг гөөхий бэлэглэхэд нь үнэхээр их баярлаж билээ. Энэ явдал одоо ч санаанаас ер гардаггүй юм. Тэр үед гөөхий, чихэр, жимс гэдэг чинь ёстой л нүдний гэм байлаа. Томоохон баяр эсвэл аймаг, хотоос зочин ирсэн үед л барааг нь хардаг байсан юм.
Өнөөх хоёр гөөхийнийхөө нэгийг нь саахалт айлын найзуудтайгаа хувааж, нөгөөхийг нь нямбайлан боож байгаад өвөртөлж, бараг долоо хоног шахам идсэнсэн. Их л амттай байж билээ. Ховор байсан болохоор л тэр байх.
Бас нэг хүүхдийн баяраар аав маань надад монгол гуталны хэлбэртэй, цохихоор дуу гардаг хүрэн чулуу бэлэглэхэд нь гитар юм уу төгөлдөр хууртай болсны дайтай жигтэйхэн их баярлаж билээ. Өнөөх чулуугаа орчин үеийн хөгжим мэт л нандигнаж, найзууддаа гайхуулж, ая гаргах гэж үзэж тарсан. Мэдээж сүртэй ая гарахгүй л дээ.
Хэдий бидэнд одоогийнх шиг чамин ганган тоглоом байгаагүй ч үхэр малаа хариулангаа чулуу, модоор хөөрхөн тоглож амжина. Найзуудтайгаа нийлж байгаад л тугал, бярууны нимгэн цавиар нь уяа ороож, албаар булгиулдаг байв. Гижиг нь хүрч, чанга мөөрөн тонгочихыг нь харж элгээ хөштөл инээдэг байсансан.
Энгийн өдрүүдэд өглөө босоод л ээжийгээ үнээ саахад нь туслаж, чөдөртэй моринд гүйхээс эхлээд тун завгүй. Дэргэдүүр нь дэрсхэн багын адармаатай зангаа ер тавихгүй.
Найзуудтайгаа нийлж байгаад л тугал, бярууны нимгэн цавиар нь уяа ороож, албаар булгиулдаг байв. Гижиг нь хүрч, чанга мөөрөн тонгочихыг нь харж элгээ хөштөл инээдэг байсансан.
Томчуулын нүдийг хариулж байгаад томхон биетэй эрэг, сэрх унах ч бас л жаргал байлаа. Биедээ хүргэхгүй ааштай сэрхийг хүртэл унасаар байгаад номхруулчихдаг байв. Нэг үгээр бараг л эмнэг сургах дайны юм болно.
Хотны нэг захаас нөгөө зах хүрэх зайнд бол муухан мориноос дутахгүй. Наддаа л морь байлаа. Тэгж байгаад нэг удаа өвөөдөө баригдаж, ёстой “Больё, байя” гэтлээ ганц сайн гөвшүүлсэн юм. Арга ч үгүй биз. Малаараа тоглодог хэн байх вэ дээ.
Сүүлд нь модон мориор тоглодог боллоо. Яг л жинхэнэ морь унаж яваа мэт бусадтайгаа уралдаж, янцгааж, үргэж, хазаар дарна. Гэхдээ бас хаа хамаагүй, таарсан мод болгоноороо морь хийхгүй. Яргүй, тэгшхэн мод сонгон, зорж байгаад алаг, цоохор гэх мэт морины дуртай зүсээрээ нэрлэнэ.
Би ихэвчлэн цоохор морь унадаг байлаа. Хийхэд ч их амархан. Модыг энэ тэнд нь жижиг жижиг зороход л цоохор болчихно. Хааяа бие биетэйгээ хөөрхөн панз үсэргэж, наймаа хийчихнэ. Найзуудаасаа хэдэн өдөр гуйж, арайхийж худалдаж авсан өнөөх модон морийг маань ээж андуурч, цөөнгүй удаа галд түлэн, намайг “шатааж” билээ.
Сүүлд нь модон мориор тоглодог боллоо. Яг л жинхэнэ морь унаж яваа мэт бусадтайгаа уралдаж, янцгааж, үргэж, хазаар дарна.
Яг адилханг нь хийж өгөх гэж аав, ээж хоёр маань хэрэндээ их тэвддэг байжээ. Харин азаар аав маань чамгүй гарын дүйтэй байсан болохоор би заримдаа монжиж, өмнөхөөсөө бүр гоё морьтой болчихдогсон.
Ер нь хамгийн зугаатай ажил бол зурамны нүхэнд ус хийх. Нүх рүү нь 10 литрийн хувингаар таван удаа хийхэд хэр баргийн зурам цүв цүдгэр болчихсон, булталзаад л гараад ирдэгсэн. Өнөөх хийсэн ус үүр рүү нь ороход чадлынхаа хэрээр уусаар байгаад гэдэс нь дүүрээд, тэсэхээ байгаад гарч ирж байгаа нь тэр. Хөдөлж чадахгүй шахам бээцэгнээд алхах нь их эгдүүтэй. Ойр хавийнх нь нүхний амыг нь таглачихаад баахан хөөцөлдөж тоглодогсон. Заримдаа хөөрхий амьтныг яах гэж тэгж тамлаж байсан юм бол гэж их харамсдаг юм. Гэхдээ ингэж тоглож байгаагүй хөдөөний хүүхэд тун ховор доо.
Нүх рүү нь 10 литрийн хувингаар таван удаа хийхэд хэр баргийн зурам цүв цүдгэр болчихсон, булталзаад л гараад ирдэгсэн.
Хурга ишиг хариулах, аргалд явах замдаа голд сэлэхгүй харина гэдэг бол ёстой гонжийнжоо байлаа. Өдөр бүр усанд орсоор байгаад арьс борлоод, хацар сайртчихна. Бүр хөх царайтай болчихно. Усанд сэлчихээд халуун хайрган дээр биеэ ээн хэвтэх ч сайхан шүү. Хамгийн инээдтэй нь намайг заримдаа тэгж хэвтэхэд цахлай боломж л олдвол шоголж, тоншчих гээд байдаг байсан юм. Одоо бодоход үүрнийх нь хажууд л хэвтчихдэг байсан юм билээ. Хөөрхий амьтан үрээ биднээс харамлалгүй яах вэ дээ.
Ус гэснээс жараахай барих бас л том ажил байлаа. Өдөржингөө ус ширтэн, гөлөрч жараахайтай хөөцөлдөнө. Их л сэрэмжтэй гэтэн, жараахай нуугдсан хайрга чулууг сэмээрхэн цэвэрлэсээр байгаад л хоёр алганыхаа завсар оруулж, барьж авдагсан. Бүр гэртээ аваачиж тэжээхийн тулд савтай усанд хийгээд цөөнгүй хэдийг эндүүлж ч байсан удаатай. Ус уугаад л байж байвал болчихно гэж боддог байсан юм л даа. Өнөө загаснууд ус нь муудаад, өлсөөд үхсэн байх.
Их л сэрэмжтэй гэтэн, жараахай нуугдсан хайрга чулууг сэмээрхэн цэвэрлэсээр байгаад л хоёр алганыхаа завсар оруулж, барьж авдагсан.
Мэдээж эрэгтэй хүүхэд бүхний шахам хамгийн дуртай тоглоом бол буудалцах. Ихэвчлэн тайрсан униар буу хийж, ширэг, бүхэл шороогоор гранат хийсэн дайчид яг л дайнд оролцож буй мэт үнэмшилтэй дайдна. Би ихэвчлэн Монголын “цэрэг” болдог байлаа. Харин дүү нараа хөөрхөн аргадаж байгаад Герман болгочихно. Мэдээж хэн ялах нь тодорхой. Юу гэж эх орноо ялагдуулах вэ дээ. Бие биенээ буудахаараа “дия дия” гээд л, аймхай нэгнээ “аймхай Америкийн шонхор” гэж шоглочихдогсон.
Хүүхдийн баяртай холбоотой хамгийн сайхан дурсамжуудын маань нэг бол яах аргагүй сугалаа. Хаа холоос морьтой цогиулсаар арайхийж аймгийн төвд ирчихээд сугалаа сугалаад, баярын хуушуур л идчихвэл бараг болчихдог байлаа. Бага байсан болохоор бөх, морь танихгүй тул ерөнхийдөө баярлачихаж байгаа нь тэр. Аав, ээж хоёрын өгсөн хэдэн төгрөгийн ихэнхийг нь сугалаанд өгчихдөгсөн. Олигтой юм хожихгүй ээ. Нэлээн аз шовойсон үедээ л бал, хөзөр, шаар хождог байлаа.
Харин одоо тэр үе ард хоцорч, хүүхдүүд баярлах тоглоомын талбай, үйлчилгээний газрууд улам олширсоор байгаа нь сайшаалтай. Хэрвээ миний ганцхан хүслийг биелүүлье гэвэл огтхон ч эргэлзэлгүйгээр хүүхэд насандаа эргэн очиж, хүүхдийн баяраар ээжийнхээ гараас дахиад гөөхий л авч, хонь ямаа унаж, зурамны нүх рүү ус хийж, модон морь, чулуугаар тоглохыг л хүснэ.
Үүнд л хүүхэд насны хамгийн ариун нандин, үнэт чанар оршдог бололтой. Хүүхэд бүхний хүсэл мөрөөдөл биелэж, өдөр бүхэн инээмсэглэж, элэг бүтэн, аз жаргалтай байх болтугай.