Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах, хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолж гаргажээ. Тодруулбал, энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, үлдсэн хувьд нь муу гарчээ.
Нийт нутгийн хэмжээнд бэлчээрийн даацыг тооцоолж үзвэл:
- Бэлчээрийн нөөцтэй: 23.9 хувь
- Бэлчээр хүрэлцээтэй: 24.6 хувь
- Даац 1-3 дахин хэтэрсэн: 31.0 хувь
- Даац 3-5 дахин хэтэрсэн: 6.7 хувь
- Даац олон дахин хэтэрсэн: 13.8 хувь байна.
Ирэх өвөл-хавар бэлчээрийн даац нийт нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй, үлдсэн хувьд хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Аймгаар нь ангилан авч үзвэл Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгуудын ихэнх сум, багийн нутгаар даац ихээхэн хэтэрсэн байна. Харин бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан сумдад Баян-Өлгийн Баяннуур, Сагсай, Толбо, Буянт, Ховдын Мянгад, Буянт, Дөргөн, Мөст, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Ноён, Баяндалай, Баян-Овоо сумд багтаж байна.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ногооннуур, Алтанцөгц, Увсын Завхан, Ховдын Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Жинст, Богд, Баян-Өндөр, Сүхбаатарын Баяндэлгэр, Уулбаян, Өмнөговийн Ханбогд, Номгон, Хүрмэн, Дорноговийн Иххэт, Алтанширээ сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч гарчээ. Мөн нутгийн 30 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрчээ. Энэ жилийн тухайд бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо их байгаатай холбоотой аж.
Өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах, зудын эрсдэлийг тооцоолох зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.
