“Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон талаар  Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Тэгвэл тус хотхоныг барьж буй “Эм Энд ЖИ констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдээллээ.

Тэрээр "Хотын Засаг дарга хоёр барилга нураана гэдэг асуудал ярьж байгаа. Хууль зөрчсөн эсэх талаар баримттайгаар тодорхой яръя. "Aqua Garden" хотхоныг барьж буй газар болох 11.8 га газрыг анх орон сууц барих зориулалтаар авсан. Тухайн үед 40 мянган айлын орон сууц барих Засгийн газрын шийдвэр гарсан байлаа. Үүний үндсэн анхны захирамж Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт гэдэг хүний гарын үсэгтэйгээр 2008 онд олгосон. Ийнхүү усан паркийн зориулалтаар газар аваад орон сууц барьж байгаа гэдэг асуудал богт биш гэдгийг баримтаар нотолж байна.

Үүний дараагаар 2011 онд газрын гэрчилгээг цуцалж, газар нь Капитал банк руу шилжсэн. Хууль бус үйл ажиллагааг гурван шатны шүүхэд хандсан. Үр дүнд нь 2013 онд Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, орон сууцны газрыг гаргаж өгөх ёстой байтал жил зургаан сар гаргаж өгөхгүй гацаасан. Тухайн үед надтай тохир, надтай ярь гэдэг дарамтыг үзүүлсэн. Э.Бат-Үүл даргын үед очиж уулзаагүй учир газрын зөвшөөрлийг ногоон байгууламж болгосон. Өөрөөр хэлбэл, зориулалт нь өөрчлөгдсөн гэсэн үг. Улмаар 2020 онд усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж авч байтал  тус оны есдүгээр сард нь чоно борооноор гэгчээр түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан газрыг цуцалсан. Тухайн үедээ "сонгууль болж байна, та нар ойлгоорой, одоо яах гэж байна" гэсэн.

Усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцласан учраас бид Нийслэлийн захиргааны шүүхэд хандаад ялсан. Манайхыг Усны тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гээд байгаа ч шүүхээр зөрчөөгүй гэдгийг нотолсон. Голын эрэг дагуу 3999 гэрчилгээ байгаагаас зөвхөн манайд л үйлчлээд байгаа юм. Шүүхийн шийдвэр 2021 оны гуравдугаар сард гарсан боловч бидэнд одоо хүртэл зөвшөөрөл өгөхгүй байна.

Бидний гүтгэж, хууль зөрчсөн мэтээр яриад байна. Манайд "Авлига хороолол" гэдэг нэрийг Шилэн Цогоо гэж хүн өгсөн. Бид ямар ч авлига өгөөгүй байхад бидэнд ийм нэр өгч, нийгмийг турхирсан. Удахгүй шүүхэд өгч, нэр төрөө цэвэрлүүлнэ. Гэрийн хаягийг нь мэдэхгүй байгаа тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаад өгнө. Тараасан хэлбэрээрээ компанийн нэр хүндийг сэргээлгэнэ. Авлига өгсөн гээд байгаа, том артай гээд яриад байгаа нь үндэслэлгүй. Бид авлига өгсөн бол авлига авсан хүн байж л таараа. Тэр авлигыг авсан хүмүүс нь энэ дарга нар юм уу. Тийм баримт та бүхэнд байна уу. Намайг хууль хяналтын байгууллагынхан бүгд шалгаад хэрэг үүсгээгүй.

Үерийн асуудлыг манай компанитай холбоотой гээд байгаа юм. Дунд голын үерт манай компани ямар нөлөө үзүүлсэн юм бэ. S'Outlets дэлгүүр голын голдирлын тал дээр бариад гол сэтэрч үер болсон шүү дээ. Энэ үер нүхэн гарцаар манай барилга руу орж ирсэн.  Цаашлаад голыг шахаж барьсан Шунхлайн ШТС-аас болсон. Тэрнээс биш манай хэсгээр бол үер болох боломжгүй. Нийслэл өөрсдөө алдаа гаргасан мөртлөө бидэн рүү чихэж байна. Ийм байж нураана гэж муйхраар зүтгэж болохгүй.

Одоо барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Бид хууль зөрчөөгүй байж яагаад ажлаа зогсоох ёстой юм. Нийт 500 айл мөнгөө өгөөд 40 тэрбум төгрөгөөр захиалгаа хийсэн. Ийм байхад бид зогсоож чадахгүй. БХБЯ-аас түдгэлзүүлсэн асуудал бий. Тэр бол шалгалт хийх хугацаанд түдгэлзүүлсэн асуудал. Бид шалгаад өгөөч гэж гуйхад шалгалт огт хийгээгүй.Хотын дарга манай барилгын 2 блокийг нураах захирамж гаргасан гэсэн. Гэвч захирамжийг нь албажиж гарсныг харсан хүн байна уу. Бидэнд захирамж ирээгүй. Энэ захирамжийг олбол нийтэд тавиад өгөөч.

Хэвлэлд хандаж буй гол зүйлээ хэлье. Одоо бидний дулааныг өгөхгүй гэнэ ээ. Бид ямар тоглоом юм уу. Анхнаасаа болно бүтнэ гээд зөвшөөрлөө өгсөн мөртлөө дээрээс чиглэл ирсэн тул дулаан өгөхгүй гэнэ. Бид чиглэлээр ажилладаг улс юм уу, хууль журам гэж байхаа больсон хэрэг үү. Биднээс юм харж байна л гэсэн үг шүү дээ. Энэ жинхэнэ авлига биз дээ.

Надад ирсэн мэдээллээр Шунхлай ШТС, S'Outlets хоёртой тохирч нураахаар болсон гэнэ. Тэд тохироод нурааж болно. Манайх бол өөр шүү. Бидний ард гэр орноо хүлээж буй 500 өрх байна. Манайхтай тохирно гэдэг асуудал байхгүй. Бид голын дунд барилга бариагүй. Хулгай дээрмээ нуухын тулд бидэн рүү дайрч байна.

Энэ бүх процесс манай компанийн газрыг дээрэмдэж, булаан авах гэсэн үйлдлээс эхлэлтэй. Авлигачид бидний авлига хороолол гэж нэрлэдэг юм билээ. Бидний ард хэн ч байхгүйг мэдсэн учраас яаж бол яаж л авна гэж дайрсан. Нурааж санасандаа хүрсэн тохиолдолд дараа нь барилга баригдана шүү. Хэн барихыг нь та бүхэн хараарай. Бүх юмаа би үзлээ, хууль зөрчөөгүй байхад намайг дарамталж, сүрдүүлж эхэлсэн" гэв.