Эх үрсийн баярын өдрөөр хогийг чихрээр солих аян болно. Уг аяныг “Найз нь найзыгаа дэмжье” ТББ-аас гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд баярын дараа үүсдэг хог хаягдлын асуудлыг шийдэх шийдлийн нэг хэлбэр болгож багачуудыг хотын соёлд суралцуулж зөв үлгэр дуурайлд хөтлөхийг зорьж байгаа юм байна.
Энэ жилийн баяраар ахлах ангийн сурагчид, оюутан залуусаас бүрдсэн сайн дурын багийнхан чихэр, ном цуглуулж бэлдсэн байгаа бөгөөд хогоо хогийн саванд хийх юм бол хүүхдүүдийг урамшуулж бэлэглэх ажээ.
Одоогоор 300 орчим кг чихэр, 2000 орчим ном цуглуулсан бөгөөд олон нийтийг хамарсан, соёлыг түгээсэн арга хэмжээ болгохоор зорьж байгаа юм байна. Нэг хогийг нэг амттанаар солихыг хүсвэл Чингисийн талбай болон Барилгачдын талбайг зориорой.