Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.

Усны газрын дүгнэлтийг өөрчилсний улмаас иргэд гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ

Наймдугаар сарын 1-нээс эхлэн Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо “Инэл Зайсан виллаж” хотхоны оршин суугчдад гэдэсний халдварт өвчин, цусан суулгаар өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Оршин суугчдын өөрсдийнх нь хийсэн судалгаагаар 69 өрхийн 250 орчим хүнд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор оршин суугчид хариуцсан контор болох “Зайсан Скай” компанид хандаж, контороос Усны газар болон Стандарт хэмжил зүйн газарт гүний худгаас дээж явуулан шинжилгээ хийлгэжээ. Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газарт айлуудаас авсан дээжийг, харин Усны газарт гүний худгаас авсан дээжийг явуулсан байна. Стандарт хэмжил зүйн газрын хариу нянгийн хэмжээ байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэж гарсан бол Усны газрын шинжилгээний хариу нянгийн тоо тоологдох аргагүй их хэмжээнд байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэвч тус хотхоны конторын ажилтан шинжилгээний хариуг өөрчилж, оршин суугчдыг төөрөгдүүлээд зогсохгүй хариуцлагаас зугтах гэж оролдсон байна.

Тухайн хотхоны бохирын худгийн ойролцоо “Эфэс Констракшн” ХХК шороо асгах үеэр худгийн таг эвдэрч бөглөрчээ. Үүнээс шалтгаалж, бохир хальж, гүний ус бохирдсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Гэвч энэ талаар тус компанийн захирал М.Лхагвасүрэнгээс тодруулахад дараах байр суурийг илэрхийллээ.Тэрээр “Бохирын бөглөөг гаргах гэж бид 2-3 өдөр оролдсон. Түүнчлэн бөглөөснөөс нь хонины нэхий, алчуур, хувцас хэрэглэл гэх мэт зүйлс гарч ирсэн. Тэгэхээр манай компанийн буруугаас үүдэлтэй гэж хэлэх боломжгүй” гэлээ.

“Aqua Garden” хороолол болон "S outlet" дэлгүүрийг албадан буулгана

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2016 оноос өмнө барилгын зөвшөөрөл аваад одоог хүртэл барилга бариагүй газар болон үерийн судалгааны тайлан, үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 айлыг шилжүүлэн нүүлгэх тухайд, мөн S'Outlets, Aqua garden барилгын асуудлаар мэдээллээ.

Тэрбээр "Архитектур төлөвлөлтийн асуудал хамгийн их бий. Нийт 294 852 барилга байгууламж, 116 секторыг хот байгуулалтын санд бүртгээд буй. Түүнчлэн 441 га талбайг барилга бүрхсэн байдалтай байна. Хүн амын нягтаршил 142 байршилд төвлөрсөн байдалтай, 1642 архитектурын даалгавар бий. Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ хэмжээгээр барилгын тоо нэмэгдэнэ. Хот байгуулалтын тухай хуульд зааснаар 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байна хэмээн УИХ хуулиар баталсан. Тохижилт 30, барилгажилт 40, гудамж, явган хүний зам талбай 15, авто зогсоол 15 хувь байхаар цаашид арга хэмжээ авч ажиллана. Бид үүнийг барьж ажиллах хэрэгтэй. 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгоно. Энэ нь барилга барих эрхийг нь цуцална гэсэн үг юм" гэв.

Түүнчлэн тэрээр голын ай сав газарт баригдсан “Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцыг буулгана гэдгийг мөн мэдээлсэн юм. Энэ тухай тэрээр "Хуулийн хүрээнд буулгах бүрэн боломжтой. Мөн эдгээр асуудлаар захирамж гаргасан" гэв.

Архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болголоо

Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын болон улсын хэмжээн дэх гамшгийн нөхцөл байдлын талаарх цогц суурин асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн газрын мэдээллийн сан, газар зохион байгуулалттай холбоотой цогц арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Дээрх асуудлын шийдвэртэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын 1 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд "шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлт, эзэмшигчдийн мэдээллийг нээлттэйгээр шилэн мэдээллээ.

Shilen.gov.mn сайтад Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан Улсын комиссын 8804 дүгнэлт ирүүлснийг байршуулсан. Аймгуудад 15 жилийн хугацаанд 4527 дүгнэлтийг гаргажээ. Харин нийслэлд 105 комисс ажиллаж 3685 дүгнэлтийг гаргасан.

Барилга, байгууламж, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх төлөвшлийн ангилал зэргээр тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дундын 1206, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлтийг гаргасан. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргасан байна.

Мөн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд оролцсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

Үүнээс

  • 35.92 хувь нь орон сууц
  • 21.92 хувь нь аялал жуулчлал, амралт сувилал
  • 13.59 хувь нь үйлчилгээний зориулалттай барилга байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Голын ай сав газраар голын урсац дунд хуул зөрчиж, газар олгосон, түүнд барилга байшин барьж, улмаар Улсын комисс барилгыг нь хүлээн авсны дараагаар гамшигт хүний амь нас эрсэдэж, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Цаашид голын ай савд барьсан барилга байгууламжийг хүлээж авахдаа ямар үйл ажиллагааны хүрээнд хүлээж авсныг цахим мэдээллийн системээр харах боломжтой боллоо" гэсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Нийслэлийг үер ер усны гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, инженерийн барилга байгууламжуудыг барьж байгуулах, газар зохион байгуулалт төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулж байгаа суурь хуулиудыг бүхэлд нь өөрчлөх агуулга бүхий тогтоол гаргалаа. Газрын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас гадна Байгал орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам газар олгож байна. мГазрыг цэгцтэй нэгдсэн байдлаар олгох, өмнө нь замбараагүй олгосон газрыг эргэж харах, цуцлах, хүчингүй болгох суурь харилцааг шингээсэн Газрын тухай хуулийг өргөн барина.

Нийслэлийн Засаг даргад шинээр дахин газар олголтын захирамж гаргахгүй байх үүрэг өгсөн. Тусгай хэрэгцээний, нийтийн эдэлбэрийн, зам шугам сүлжээний, ойн усны сан бүхий газар, хамгаалалтын бүсүүдэд хууль тогтоомж зөрчин газар олгож, эзэмшиж, барилга барьсан асуудлыг судалж, холбогдох байгууллагууд шалгалт явуулахаар боллоо. Үер усны аюулаас учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагууд нэгтгэхээр ажиллаж байна. Гамшгийн аюулыг бууруулах, нөхөн сэргээх ажлууд одоогоор хийгдэж дуусаагүй байгаа. Гүүр, барилга байгууламжийг нөхөн сэргээх ажил хийгдэнэ.

Онцгой байдлын ерөнхий газраас шинжээч томилогдож, үер уснаас үүссэн хохирлыг нутаг дэвсгэр бүрээр тогтооно. Тодорхой байршилд голын ай сав газарт баригдаж, усны урсцыг хумьж далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг учруулсан ААН, байгууллагаас иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг тодорхой албан тушаалтнуудад даалгалаа.

Авлига хорооллын асуудлаар Барилга, хот байгуулалтын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар голын ай савын хамгаалалтын бүсийн хязгаарыг өөрчилсөн шийдвэрийг гаргасан. Шинжээч нар дүгнэлтээ гаргана" гэдгийг хэллээ.

Улсын нэгдсэн төсвийн орлого 37 хувиар өсжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны хоёрдугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

2023 оны хоёрдугаар улиралд улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37.0 хувиар өсжээ. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.2 их наяд төгрөгөөр буюу 42.5 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гараад буй.

Харин өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна. Энэ талаар Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Тэрээр "Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн. 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 нэгж хувиар өссөн мэдээтэй байна" гэлээ.

Харин өрхийн сарын дундаж зарлагын тухайд тэрээр "Өрхийн сарын дундаж зарлага 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 390 мянган төгрөгөөр буюу 21.7 хувиар, өмнөх улирлаас 259.6 мянган төгрөг буюу 13.3 хувиар нэмэгдсэн байна.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт зарлагын хэмжээ 9.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 92 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн" гэсэн юм.

Төрд бүртгэлтэй 8000 орчим автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг солино

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төрийн машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж олон нийтэд ил тод болгох талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл их ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг. Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй.

ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, тэдгээрийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна. Ингэснээр түлш, шатахууны зардал, замын түгжрэл багасна.

Төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болгох юм" гэв.