Өнөөдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршлын 893 500 м.кв талбайд шарилж, лууль устгах ажлыг эхлүүллээ. Тодруулбал Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хорих ял эдэлж буй хоригдол болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг нийтийн эзэмшлийн шарилж цэвэрлэх ажилд татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна. Тухайн 200 хүнийг Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагын зөвлөмж, заавар, хамгаалалтын хувцас, багаж хэрэгслээр хангах бөгөөд ажлын өдрүүдээр найман цагаар нэг сарын хугацаанд ажиллуулахаар болжээ.

Жил бүр шарилж устгалын ажлыг хоёр удаагийн давтамжтай зохион байгуулдаг бөгөөд эхний устгалыг зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 25-ны хооронд зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн устгалыг өнөөдөр ийнхүү эхлүүлж байна.