Баянзүрх дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 16 ерөнхий боловсролын сургуулийн 8912 суралцагч байна. Гурван ээлжийг шийдвэрлэхийн тулд дараах гурван арга хэмжээг авахаар төлөвлөжээ.

  1. Гүйцэтгэлтэй өндөртэй сургуулийн шинэ барилга, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлж ондоо багтаан хүлээн авах,
  2. Хичээлийн үндсэн байрнаас гадна нэмэлтээр түрээсийн байранд хичээллүүлэх,
  3. Тухайн сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан анги, танхим байгуулах.

Дээрх гурван арга хэмжээний үр дүнд 16 сургуулийн 6800 орчим хүүхдийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт баригдаж байгаа "Монгол тэмүүлэл", 157 дугаар сургуулийн барилгыг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 157 дугаар сургуулийн тухайд төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд 960 хүүхдийн суудалтай юм байна.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн тухайд гурван давхар хичээлийн байртай байсныг давхарлаж дөрөв болгожээ. Уг өргөтгөлийг улсын комисс хүлээн авахад бэлэн болсон байна. Нийслэлийн хэмжээнд 6000-аас дээш хүүхэдтэй хоёр сургууль байдгийн нэг нь 84-р сургууль юм.