Сүмогийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" номын нээлт өнөөдөр “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт боллоо. Найман жилийн дараа эх орондоо ирж буй Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ номынхоо нээлтэд биечлэн оролцлоо. Тэрээр "Ийм олон хүн ирнэ гэж төсөөлсөнгүй. Хүрэлцэн ирсэн бүх хүнд баярлалаа. Сандарч, догдолж байна. 2010 онд мэргэжлийн сүмогийн ертөнцөд хөл тавиад 13 дахь жилдээ барилдаж байна. Энэ хугацаанд унаж, босох, бэртэж гэмтэх гээд олон зуйлийг тууллаа. Энэ бүгдийгээ шингээсэн ном маань хоёр жилийн өмнө япон хэл дээр гарсан. Ном гаргах болсон шалтгаан нь доошоо буугаад егсөж байхыг минь харсан гэрээсээ огт гардаггүй, хүнд өвчтэй япон залуу "Тэрүнофүжи аварга өерийн хүч чадлаар буцаад гарсан болохоор би ч гэсэн шинэ ертөнцөд гарах ёстой. Юунаас ч айх ёсгүй гээд өөрийгөө ялан дийлсэн" гэдгийг сонсоод энэ номыг гаргасан юм. Японд олон хүнд хүрсэн. "Монголын уншигчид ч гэсэн чиний түүхийг уншихыг хүсэж" гэж ээжийн зөвлөж, эгчийн хэлэхийг сонсоод номоо Монголд гаргахаар болсон. Эхэндээ ичиж байсан ч цөөхөн ч гэсэн хүний амьдралд өөрчлөлт авчирч, тусалж чадвал сүмо барилдсаны хэрэг гээд номоо гаргасан юм" гэлээ.
Хоёр жилийн өмнө Японд гарсан уг номыг “Өдрийн сонин”-ы Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг орчуулж, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх редактороор нь ажилласан байна.
"Ангалын ёроолоос өгсөх маргааш" ном ганцхан хүний түүхийг өгүүлж байгаа мэт боловч сүмогийн амьдрал, ёс жаяг, дэг журмыг гүнзгий тусгажээ.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2015 онд Хэйсэгийн үед (Японы уламжлалт тоолол 1989-2019 он) төрсөн бөхчүүдээс хамгийн анхны Оозэки цолтон болж, түүний дараа хоёр өвдгөндөө хүнд бэртэл гэмтэл авч жёнидан хүртэл зиндаа буурсан юм. Гэвч итгэхийн аргагүй эргэн ирэлт хийж өгссөөр 2021 онд Рейва шинэ тооллын анхны Ёкозүна болсон юм.