Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 578 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бол 189 хэрэг прокурорт шалгагдаж байна.
Гэхдээ энэ тоо бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо бөгөөд далд, нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг эдгээрээс ч олон газар байхыг үгүйсгэхгүй юм. Мөрийтэй тоглоомтой холбоотой өөр нэг баримт дурдахад, өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж байгааг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба тодорхойлсон байна. Борооны дараах мөөг шиг нийгмийн сүлжээнд цахим мөрийтэй тоглоом хавтгайрлаа. Уг тоглоомтой холбоотой зар мэдээлэл нийгмийн сүлжээний өнцөг булан бүрт байршиж, өдөр өнгөрөх тусам цар хүрээгээ тэлэхийн сацуу эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч буй иргэд олширч байна. Энэ талаар саяхан мөрийтэй тоглоом тоглож нийт 25-26 сая төгрөг алдсан гэх иргэн Б-ийн өгсөн мэдээллээс харж болно. Тэрээр “Өнөөгийн нийгэмд цахим мөрийтэй тоглоом тоглодоггүй хүн гэж бараг байхгүй болсон. Мөнгөө өсгөчихье гэсэн бодолтой мөрийтэй тоглоом тоглодог маш олон хүн бий. Энэхүү хэрэгцээ байдаг болохоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрууд ч олширсон. Би анхандаа бага хэмжээгээр бооцоо тавьж хождог байсан. Харин мөрийгөө өсгөөд таван зуу, нэг саяын ширээнд тоглодог болсноосоо хойш алдаж эхэлсэн. Алдсан мөнгөө олохын тулд машинаа долоон сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад тавиад алдсан.
Тэр мөнгөө буцааж олохын тулд, газар хашаа байшин гээд бүгдийг нь тавиад алдсан. Хүн алдсан хойноо л ухаардаг юм байна. Нийт 25-26 сая төгрөг алдсан” гэсэн юм. Ийнхүү цахим мөрийтэй тоглоом тоглох иргэд олширсон бөгөөд уг төрлийн тоглоом тоглоход хуулийн хариуцлага хүлээлгэдэг байдал нь энэ төрлийн гэмт хэргийг далд хэлбэрээр хөгжүүлэхэд түлхэц болж байгаа юм. Мөн иргэд мөрийнд тавьж алдсан хохирлоо эргэн нэхэмжлэх боломжгүй учраас иргэд мөнгөө алдсан тохиолдолд “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг нь болж байна.

Мөрийтэй тоглох гэмт хэрэгт зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 131 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөрийтэй тоглоом тоглож буй этгээдүүд өнөөдөр мөнгөө алдсан ч маргааш буцаагаад авчихна. Хожно гэсэн итгэл үнэмшлээр тоглодог. Алдсан мөнгөө буцааж олж авахын тулд бусдын эд хөрөнгийг залилах, хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэх гэх мэтчилэн олон муу үр дагаврыг дагуулдаг хор уршигтай. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулж байгаа этгээдүүдийг болон тоглож буй иргэдийг илрүүлэн хуулийн хүрээнд хариуцлага тооцон ажиллаж байна.
Хулгай хар мөртэй гэдгийн адил цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан иргэд буцаан олохын тулд бусдын эд хөрөнгийг залилах, хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байдаг аж. Гэтэл цахим мөрийтэй тоглоом нь урьдаас хүний мөнгийг авах гэсэн зохион байгуулалттай бүлэг этгээдийн хийдэг ажил болох нь нотлогдсон юм. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах, мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар програмчилсан нь тогтоогдсон байна. Цахим мөрийтэй тоглоом нь иргэдийн мөнгийг амар хялбар аргаар салгах гэсэн булхай, луйвар болох нь ийнхүү нотлогдов. Иймээс уг төрлийн тоглоомд зохицуулалт, ямар нэгэн хязгаарлалт хэрэгтэй байгаа юм. Угтаа төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж болохоор Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан байдаг. Энэ нь аж ахуйн нэгжүүд цахим мөрийтэй тоглоом тоглуулах тусгай зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа эрхэлж болно гэсэн үг юм. Гэвч тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хууль байдаггүй бөгөөд ийм журам батлахыг зөвшөөрсөн эрх олгосон заалт байхгүй тул одоогоор эрх зүйн ямар нэг зохицуулалтгүй байгаа аж. Иймээс үүсээд байгаа асуудлыг цэгцлэхийн тулд Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьжээ. Тэгвэл уг хуулийн төслийг баталснаар цахим мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлыг цэгцэлж чадах уу гэх асуулт урган гарна. Асуултын хариултыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар тус хуулийн төслийн үр нөлөөг үнэлж тодорхойлсон байдлаас эрэн хайя.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хэрэгжих боломжгүй
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх нэр томьёог хуулийн төслийн нэр томьёо хэсэгт тайлбарлаагүй байна. Харин бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах гэх нэр томьёогоор тайлбарласан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон эрх, үүрэг мөн эсэх нь хууль зүйн техникийн хувьд хоёрдмол утгатай эрсдэл бий болгож буй. Үүнээс үүдэн ямар нэгэн маргаан дагуулахыг үгүйсгэхгүй. Тиймээс “бооцоот таавар, хонжворт сугалаа зохион байгуулах” гэх нэр томьёог тайлбарласан хэсэгт “тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр”, эсхүл “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх агуулга бүхий зохицуулалтыг нэмснээр оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой юм. Нөгөө талаас, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийн харьцаа харьцангуй зохицуулсан байна. Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигчид 8 төрлийн үүрэг оногдуулсан бол, 2 төрлийн эрх олгогдсоноос нэг нь хугацаагаа сунгуулах бол нөгөөдөх нь хууль эшлэсэн, тодорхой биш эрх олгогдсон байгаа юм. Үүнээс үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хэрэгжих боломжгүй байна хэмээн уг хуулийн төслийн үр нөлөөг үнэлжээ.
Мэдээллийг хаана хүлээн авч, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй
Уг хуулийн төсөлд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа талаарх мэдээлэл өгөх, мэдээллийн дагуу шалгалт хийх талаар тодорхой заах шаардлагатай. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн бол мэдээллийг иргэн ямар байгууллагад өгөх, хариуцлага тооцох ёстой, Харилцаа холбооны зохицуулах хороонд хэн хандах зэрэг процессыг тодруулах шаардлагатай байгаа юм. Түүнчлэн бооцоот таавар, хонжворт сугалааг ямар ч зөвшөөрөлгүй явуулсан бол ямар хариуцлага хүлээлгэх талаар одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд байхгүй байна. Иймд төслийн 5.1.2-т зааснаар (Казиногийн үйл ажиллагаа, Бооцоот морин уралдаан, Хонжворт сугалаа, Бооцоот таавар тоглоомын үйл ажиллагааг зохих тусгай зөвшөөрөлгүй этгээд эрхлэхийг хориглоно) бусад мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зохих тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудад тодорхой заах шаардлагатай байгаа юм.
Зөвлөлийн гишүүн зөрчил гаргасан ч албан тушаалдаа хэвээр үлдэнэ
Улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах ажлыг зөвлөл хариуцаж ажиллана хэмээн уг хуулийн төсөлд тусгасан. Уг зөвлөл нь дөрвөн гишүүн, нэг даргатай байх бөгөөд санхүүгийн, шударга өрсөлдөөн, аялал жуулчлалын болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тус тус санал болгосноор Засгийн газар томилох эрхтэй юм. Гэвч хуулийн төсөлд заасан тодорхой шаардлагыг хангаагүй гишүүнийг санал болгосон тохиолдолд хэрхэх талаар тусгаж өгөөгүй байна. Түүнчлэн зөвлөлийн гишүүн зөрчил гаргасан, эсхүл хуульд заасан шаардлагыг хангаагүй болох нь хожим нотлогдсон тохиолдолд хугацаанаас нь өмнө чөлөөлөх, хасах талаар заалт оруулаагүй байгаа бөгөөд энэ талаар нэмж тусгах хэрэгтэй байгаа юм.