Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 15 өв бүртгүүлжээ. Тодруулбал, Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад дараах 15 өвийг бүртгүүлжээ. Бүртгүүлсэн өвүүдийг цувралаар танилцуулах бөгөөд энэ удаад ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүдийг танилцуулж байна.

Монгол тууль

Бүртгүүлсэн он: 2009 он

XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгарав. XX зуунд Монгол оронд болсон нийгмийн олон өөрчлөлтийн явцад үгийн урлагийн хүрээнд бичгийн уран зохиол давамгайлах болж, аман зохилын нийгмийн үнэлэмж бүдгэрч байна. Ийм нөхцөлд Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан нь тууль, түүний өв санг хамгаалах сэргээн амилуулахад түлхэц үзүүлсэн чухал үйл явдал болов.

Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг

Бүртгүүлсэн он: 2009 он:

Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэргэлэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхаглагласан.

Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг

Бүртгүүлсэн он: 2009 он:

Монголчуудын уламжлалт бүжиг бий бийлэг нь Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэргэлэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхаглагласан.

Монгол уртын дуу тоглох уламжлалт арга битүү амьсгаа

Бүртгүүлсэн он: 2011 он:

Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өмнөх үеэсээ өвлөн  XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулахад  нэрт лимбэч алдарт гавьяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, гавьяат жүжигчин М.Дорж нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Ахмад үеийн лимбэчдийн халааг авсан дунд үеийн төлөөлөл нь лимбэч багш Д.Энхтайван, гавьяат жүжигчин М.Бадам, Галсантогтох, Ө.Батжаргал нар юм. Лимбэний битүү амьсгааг төгөлдөр эзэмшсэн эдгээр лимбэчдийн шавийн шавь нар эдүгээ эл уламжлалыг залган авч яваа. Лимбэдэх ховор хосгүй эл арга барилыг 2011 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан.

Монгол уран бичлэг

Бүртгүүлсэн он: 2013 он:

2013 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг гоо сайхны боловсролыг байнга хөгжүүлж байдаг. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас, нийлүүрийг ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг.

Ботго авахуулах зан үйл

Бүртгүүлсэн он: 2015 он

2015 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд  Намиби Улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Ботго авахуулах зан үйл”-ийг  Удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр батлан бүртгэсэн билээ.

Уул овоо тахих монгол зан үйл

Бүртгүүлсэн он: 2017 он:

Монгол Улсын Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” ай савд бүртгэгдсэн өв. Монгол Улсын хэмжээнд тархацтай. Уул хадтай газар чулуугаар, чулуу багатай газар элс шороогоор, модтой газар модоор овоо босгон тахидаг.