
УИХ-ын ээлжит сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагч өрсөлдөхөөр болсон. Нийтдээ 89 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Тэдгээрээс онцолбол, дуучин Нара, өмгөөлөгч Г.Батбаяр, Арго, ХҮН-ын дарга С.Боргил, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, ХҮН-ын Б.Найдалаа, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр зэрэг олны танил эрхмүүд багтаж байгаа юм.
Зөвхөн ХҮН-аас гэхэд л 19 гишүүн бие даан нэр дэвшихээр болсны дотор УИХ-ын гишүүн С.Ганбаатар багтаж буй. Түүнчлэн өмнөх сонгуулиудад АН-аас нэр дэвшиж байсан цөөнгүй эрхмүүд энэ удаад бие даахаар болоод байна. Тухайлбал, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Л.Наранбаатар нар энэ удаад бие даахаар болсон.
Тэгвэл бие даан нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ.
“Босоо” С.Ганбаатар
Тэрээр өмнөх сонгуульд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшээд, УИХ-ын гишүний “мандат” өвөртөлж чадсан. Оюутолгойн гэрээний асуудлыг үргэлж хөнддөг, сүүлийн жил орчмын хугацаанд “популист” гэх нэр зүүсэн. ХҮН-ын даргаар сонгогдсон ч намынхаа нөхдийн шахалтаар даргын албаа хүлээлгэж өгсөн. Гэхдээ ХҮН-ын гишүүн хэвээр байгаа. Энэ удаад Сонгуулийн ерөнхий хороо ХҮН-ыг сонгуульд оролцох субъект хэмээн бүртгэж аваагүй. Тийм учраас ХҮН-ын гишүүд бүгд бие даан өрсөлдөхөөр болсон. С.Ганбаатарын хувьд Дархан-Уул аймагтаа дахин нэр дэвшихээр болоод байгаа юм. С.Ганбаатараас гадна түүний дүү С.Гантуяа энэ удаад мөн бие даан нэр дэвшиж буй билээ.
“Оймсны” Л.Наранбаатар
УИХ-ын дарга, АН-ын дарга руу Эдийн засгийн чуулганы үеэр оймс шидэж, “од” болсон нэгэн. Тэрээр уул уурхайн эдийн засагч. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн чиглэлээр “Металлс Монголиа”, “Коал Монголиа” зэрэг уулзалтуудыг санаачлан зохион байгуулж байсан. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан ч намын дарга руугаа оймс шидсэний дараа бие даан нэр дэвшихээр болсон юм. Экс АН-ын гишүүд бие даасан нь Л.Наранбаатараар хязгаарлагдахгүй. Хүний эрхийн хуульч М.Ичинноров, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар нарыг дээр дурьдсан.
Төрийн ордон руу “халдсан” Ц.Мөнхбаяр
2013 оны зургаадугаар сард “Босоо хөх Монгол” бүлгэмийнхээ хамтаар Төрийн ордон руу галт зэвсэгтэй нэвтэрч, багагүй сенсаци дэгдээж байсан Ц.Мөнхбаяр. Тэрээр энэ үйлдлийнхээ төлөө 7 жилийн хорих ял сонссон. Анхандаа бүр 21.6 жилийн ялтай байсан ч давж заалдсанаар 7 жилийн ял авсан. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. “Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэмцэгчийн дүрээр танигдсан нэгэн. Түүнээс гадна энэ удаад бие даахаар болсон “тэмцэгч” эрхмүүдийн нэг нь Иргэний хөдөлгөөний Х.Бат-Ялалт юм.
Сэтгүүлч Т.Алтаншагай
Зохиолч Дамбын Төрбатын хүү Алтаншагай. Тэрээр 1999 оноос хойш сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажиллаж буй, олонд танигдсан сэтгүүлчдийн нэг. Өмнөх сонгуулиар ИЗНН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан. Харин энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшихээр боллоо. Эдүгээ тэрээр анх ажлын гараагаа эхэлсэн Ийгл телевиздээ ажиллаж байна. Түүнийг үзэгчид нь өвөрмөц хоолойтой гэдгээр нь андахгүй. Мөн Монголын сэтгүүлчдээс анх удаа CNN агентлагт сурвалжлага бэлдэж өгч байсан гэдэг. Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй сэтгүүлч зөвхөн Т.Алтаншагай биш. МҮОНТ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар мөн бие дааж буй билээ.
