Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр. 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-нд алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай. Гэвч энэ жил үер усны түвшин гамшгийн зэрэгт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заасан байдаг юм.
Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гаргаж, хууль санаачлан батлуулсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар дараах байдлаар сэтгэгдлээ илэрхийллээ.

Монгол төрийн илэрхийлэл бол төрийн бэлэг тэмдэг. Төрийн бэлэг тэмдгийн дотроос хамгийн чухал эрхэм, монголчуудыг илэрхийлдэг нь алтан соёмбот төрийн далбаа. Монгол Улсын төрийн далбааны эх загварыг 1945 оны долоодугаар сарын 9, 10-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид хуралдаж гаргасан юм билээ.
Аргентин, Канад, АНУ, ОХУ, Польш зэрэг олон орон Төрийн далбааны өдрөө тэмдэглэдэг. Төрт ёс, түүхэн уламжлалтай Монгол Улс яагаад Төрийн далбааны өдрөө тэмдэглэж болохгүй гэж гээд төрийн далбааны өдрийг одоогийн эх загварыг баталсан өдөр нь буюу долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон юм. Энэ нь нэг талаараа Ардын хувьсгалын ойтой давхцаж, наадмын өмнөх оршил болж Төрийн далбааны өдрөөрөө наадмаа эхлүүлж, маргааш нь наадмаа нээх нь утга учир, авцалдааны хувьд сайхан таарсан. Хууль батлагдсан жилээс нь эхлээд Батлан хамгаалах яамныхан Сүхбаатарын талбайд цэргийн парад зохион байгуулж Төрийн далбааны өдрийг сайхан тэмдэглэдэг болсон. Энэхүү арга хэмжээ нь олны хүртээл болж төр ёсны хүндэтгэлийн томоохон арга хэмжэ болсонд маш их баяртай байдаг. Ард түмний зүрх сэтгэлд хүрсэн юм ингэж үргэлжилдэг.
Бидний хамгийн хамгийн гол агуулга бол төрт ёсны түүхэн уламжлалаа нандигдан өвлүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх. Монгол гэж юу гэвэл хэл, хил, туурга тусгаар Монгол Улс, хзүн, газар нутаг гэсэн ойлголтууд л байгаа шүү дээ. Энэ хэдийг бүгдийг нь нийлүүлээд мандан бадрахын улаан, мөнх хөх тэнгэрийн орон гэдгээ илтгэж хөх тэнгэрийн өнгөө шингээсэн, ард түмнийхээ өнгөрсөн, одоо, ирээдүй, мандан бадрах цог золбоо, суу залийг оруулсан алтан соёмбот тэмдгээ залсан төрийн далбаатай.
Өнөөдөр Үндэсний их наадам маань эхэлж байна. Хүннү гүрэн байгуулагдсаны ой, Их Монгол Улсаа байгуулсаны ой, Ардын хувьсгалын ой, эрийн гурван наадам гээд маш олон зүйлийн хоршил, бидний бүтээсэн олон зууны түүх, соёлыг багтаасан энэ их баяр наадмын өмнө Монгол Улс туурга тусгаар байж бүрэн эрхт байдал нь баталгаажсан төр улс гэдгээ харуулдаг үндэсний буюу Төрийн далбааны өдрөөрөө баяр наадмаа эхлүүлж байна.