Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 15 өв бүртгүүлжээ. Тодруулбал, Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад дараах 15 өвийг бүртгүүлжээ. Бүртгүүлсэн өвүүдийг цувралаар танилцуулах бөгөөд энэ удаад  ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүдийг танилцуулж байна.

Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг

Бүртгүүлсэн он: 2008 он

Монголчууд морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд монгол угсаатны оруулсан хувь нэмэр мөн гэдгийг үнэлж 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.

Монгол ардын уртын дуу

Бүртгүүлсэн он: 2008 он

Өнөө үед монгол ардын уртын дуу нь зөвхөн өөрийн орны төдийгүй, дэлхийн олон нийтийн анхаарлыг хүчтэй татах боллоо. Уртын дуу нүүдэлчин монголчуудын амьдралаас төрж, монгол хэлээр дуулагдан өнөөг хүрч уламжлахдаа, хүн төрөлхтний бүтээлч суу билгийн гайхамшгийг илтгэн харуулж, хүн төрөлхтний соёл баялаг олон талтайг батлан харуулах нэгэн жишээ болж буй болно. Энэ бүхнийг харгалзан үзэж 2003 онд ЮНЕСКО, Монгол уртын дууг “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд “Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн билээ.

Монгол наадам

Бүртгүүлсэн он: 2010 он

Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон монгол наадам 2010 онд “Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн тунхаглагдсан билээ.

Монгол ардын Хөөмэйн урлаг

Бүртгүүлсэн он: 2010 он

Хөөмэй бол нүүдэлчин Монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг, Монголын уламжлалт хөгжмийн онцгой үзэгдэл, биет бус соёлын ховор нандин төрөл, дэлхийн хөгжмийн урлагт нүүдэлчин Монголчуудын оруулсан уран сайхны нээлт юм. Хөөмэйн урлагийн гайхамшиг нь хүний хоолгоор байж хоёр эгшиг буюу давхац хөгийг нэгэн зэрэг дуурсгаж байгаад орших бөгөөд тэрхүү хоёр хоолойн эгшгийн нэг нь цээжний доргио бүхий хөөмэйлөг нам эгшиг нөгөө нь өгүүлэх эрхтний хатуу тагнайд эгшиглэн цуурайлж байгаа нарийн эгшиг буюу исгэрээ хөөмэй болно. 2010 онд “Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн тунхаглагдсан билээ.

Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл

Бүртгүүлсэн он: 2010 он

Шонхор, харцага, бүргэдийг гаршуулан ан авд сургах зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ.Манай өвөг дээдэс шонхороор ан хийж, цагаан шонхор шувууг туг сүлдэндээ дээдлэж ирсэн түүх буй. Шувуучлахуйн нэг гол хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн амьд уламжлал манай улсын казах үндэстний дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдүүн хэсэг болж өвлөгдсөн нь хүн төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай, гавъяатай үйл юм. 2008 онд Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудовын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк, Европын 11 улс хамтарч Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд  бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн юм. Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг  ЮНЕСКО 2010 онд Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд албан ёсоор бүртгэн тунхагласан билээ.

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл

Бүртгүүлсэн он: 2013 он

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн  жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн өв. Монгол гэр нь малчин нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан сууц юм. Гэр бол монгол үндэстний, гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдлийг цогцоор хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвч бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхийнүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц бөгөөд тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог онцлогтой.

Шагайн харваа

Бүртгүүлсэн 2014 он:

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн өв юм. Монгол хүн малыг гаршуулж эхлэсэн цагаас “Шагайн соёл” үүсч, шагайгаар нааддаг 120 гаруй төрөл зүйл бий болжээ. Шагаа харваа нь ард олны дунд өргөн дэлгэрсэн төрөл зүйл юм. Шагайн харваа нь 9 тохой /4.72м/ зайнаас зурайд өрж байрлуулсан 30 ширхэг Хясааг нягт хатуу, үнэт модоор хийсэн хашлагын тусламжтайгаар тусгай сумаар няслан харваж, оноогоор илүүрхсэн тал нь ялдаг багийн тоглоом юм. Шагайн харвааны явцад харваачид уртын дууны эртний хэлбэрийг агуулсан “Найзын уухай”, “Самбарын уухай”, “Онооны уухай” гэх өөр өөр ая дан бүхий уухайг түрэн дуулж өөр хоорондоо үгээр бус ая дуугаар ойлголцдог онцлогтой. Шагайн харваа нь эртний нийтлэг тоглоом юм. Шагай харвахад гутлын шагайн тус газар улан дээр шагайгаа тавьж харвах, өвдгөн дээрээ ясан годил тавьж харвах, гол төлөв настайчууд хэрэглэдэг буугаар харвах зэрэг олон төрөл бий.

Хөхүүрийн айраг исгэх уламжлалт, холбогдох зан үйл

Бүртгүүлсэн он: 2019 он

СББӨ-ийн Төлөөллийн” Уламжлалт арга ухаан” айн  нэгэн   төрөл зүйл.  ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад :  2019 онд “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” бүртгэгдсэн. Монгол Улсын  аймгуудад, ялангуяа төвийн бүсийн аймгуудад   тархац өргөн. Тодорхой хэмжээнд судлагдсан.  Айраг исгэх арга:Хөхүүрээр исгэх: Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддагүй.