Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц их сургууль бол Хөдөө аж ахуйн их сургууль. Нөгөө талаар манай улс өнө эртнээс өнөөг хүртэл ХАА-н салбарт тулгуурласан уламжлалт эдийн засагтай. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад уул уурхай, үйлчилгээний салбарын ДНБ-нд эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байгаа ч хүн төрөлхтний мөнхийн хэрэгцээ, улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангаж байдаг салбар бол ХАА юм. Тиймээс энэ чухал салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, Монголын Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, дэвшлийг тодорхойлоход томоохон байр, суурь эзэлдэг ХААИС-ийн сургалт, үйл ажиллагааны талаар ХААИС-ийн захирал, доктор, профессор Б.Баасансүхтэй ярилцлаа.
-ХААИС одоогоор хэдэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна вэ?
-ХААИС нь бүрэлдэхүүний 6 сургууль, орон нутгийн салбар 2 сургууль, Монгол Улсын тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж, 1200 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа төрийн өмчийн ууган сургуулийн нэг.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний хуралдаанаар хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг батлан гаргасан. Тухайлбал, Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжил, дээд боловсролын хамгийн эрэлттэй 38 мэргэжлийг баталсан. Дээрх эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн 70 гаруй хувийг ХААИС бэлтгэж байна.
2023-2024 оны хичээлийн жилд дээрх тэргүүлэх чиглэлээр 45 мэргэжлийн хөтөлбөрөөр 1700 гаруй оюутан элсүүлэхээр элсэлтийн журмаа боловсруулан ажиллаж байна.
Өнгөрсөн 80 гаруй жилийн түүхэндээ 35 мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Тэдгээр мэргэжилтнүүд маань Монгол Улсын хэрэгцээт газарт өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил бол Хөдөө аж ахуйн их сургуулийн үе үеийн төгсөгчдийн хийж бүтээсэн их ажлын үр дүн гэж тодорхойлж болно.
Өнөөдөр Монгол улс стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг 90-100 хувь хангаж байгаа нь манай сургуулийг төгсөн гарсан мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлийн үр шим юм. Атрын анхны шанг татсан газар тариаланчид, механикжуулагчид, малыг оношлох, эмчлэх эм, биобэлдмэл, тарилга зохион бүтээж, эмчлэн сэргийлж байгаа эмч, судлаач нар, ашигтай үүлдэр угсаа бий болгож буй мал зүйч,эрдэмтэд, ХАА-н бүтээгдэхүүний технологич, мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлээр манай улс хүнсний хангамжийн хувьд боломжийн түвшинд хүрлээ. Цаашид ч техник, технологийн хөгжилтэй уялдсан тогтвортой ХАА-н салбарыг хөгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхээр өөрсдийн боломж, бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Өдгөө ХАА-н салбарын үнэ цэн, мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байна.
-ХААИС нь Монгол Улсын Засгийн газраас зарласан эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн 70 хувийг бэлтгэж байна гэлээ. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцсаны давуу тал юу вэ?
-Эдгээрийг "Алсын хараа-2050", "Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030" зэрэг бодлогын баримт бичиг, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн чиглэлээр олон улсын байгууллагуудаас гаргасан тайлан, судалгаа, яамдаас ирүүлсэн саналд үндэслэн тодорхойлсон байдаг.
Дээд боловсролын тэргүүлэх чиглэлд инженерийн үйлдвэрлэл, нано шинжлэх ухаан, биотехнологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн аж ахуй, хөрс судлал, агроном, ус хангамж, барилга, архитектурын салбарын мэргэжлүүд түлхүү багтсан. Харин эрэлттэйд боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэл, ойн аж ахуйн чиглэлийн мэргэжил зонхилж байгаа. Эдгээр мэргэжлийн чиглэл нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд өдгөө ч эрэлттэй, цаашид ч үнэ цэнтэйд тооцогдох юм.
Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Боловсролын зээлийн санд хамрагдах боломж бүрдэж байгаа.
Гэхдээ шинээр элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх, өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх, магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх зэрэг шалгуур нөхцөлтэй.
Энэ нь төгссөний дараа төлдөг, хүүгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй, урт хугацааны зээл учир сарын төлөлт бага зэрэг давуу талуудтай. Мөн төр засгийн зүгээс эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцагчдыг дэмжиж буй нэг хэлбэр гэж хэлж болно.
-Тэгвэл оюутнуудын хувьд ХААИС-ийг сонгон суралцах шалтгаан юу байж болох вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Улс орон бүр хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт дэвшүүлж байна. Хүн төрөлхтний аж төрөхүйн мөнхийн хэрэгцээ болсон хүнс тэжээлийг бэлтгэн нийлүүлэх, шинэ нөөц бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй тогтвортой Мал аж ахуй, Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх нь манай улс төдийгүй олон улсын зорилт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшээд зорилготой, бүтээлч байж чадвал ажил горилогч биш ажил олгогч, бүтээгч байх боломжтой. Түүнээс гадна доорх давуу талуудыг дурдаж болно.
Нэгдүгээрт, ХАА-н салбарын мэргэжил нь хэзээд ч үнэ цэнтэй, хөрвөх чадвартай, бүтээгч, үйлдвэрлэгч байх боломжтой.
Хоёрдугаарт, ХААИС-ийн бэлтгэдэг мэргэжлүүдийн 70 хувь нь эрэлттэй болон тэргүүлэх мэргэжил байдаг нь дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, зээл, тусламжид хамрагдах боломжийг нэмэгдүүлдэг.
Гуравдугаарт, Сүүлийн жилүүдэд ХАА-н салбарын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр ажиллах боловсон хүчний эрэлт өсөж байна. Тиймээс зарим томоохон компани, аж ахуйн нэгжүүд амжилттай суралцаж буй оюутнуудыг компанийнхаа нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төгсөөд ажлын байраар хангах зэргээр хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, МАК, MCS, Оюу толгой, Грийн групп зэрэг үндэсний томоохон компаниудыг нэрлэж болно.
Хамгийн сүүлийн үеийн сайхан мэдээ гэхэд Мал эмнэлгийг дэмжих сангаас ЭЕШ-нд 650-иас дээш оноо авсан мал эмнэлгийн сургуулийн 50 хүртэлх элсэгчийг 100 хувь тэтгэлэгтэй суралцуулахаар боллоо. Энэ бол тухайн чиглэлийн мэргэжилтэн болох залууст том дэмжлэг болохын зэрэгцээ мал эмнэлгийн салбарын ирээдүйн хөгжилд оруулж буй хувийн хэвшлийнхний үнэтэй хувь нэмэр юм.
Дөрөвдүгээрт, ХААИС-ийн хувьд гадаад харилцаа маш сайн хөгжсөн. Одоогоор 38 орны 211 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай, 232 хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Мөн “Хос хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд 13 жил болж байна. Хоёр орны хоёр их сургуульд суралцан хос дипломтой төгсөнө гэдэг том боломж. Үүнээс гадна оюутнууд маань Герман, Израйл, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг орны хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудад мэргэжлийн дадлагаа цалинтай хийх, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн Засгийн газраас зарлагддаг Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт ХАА-н салбарын мэргэжлийн чиглэлүүд хамрагдаж боломж илүү өндөр байдаг.
Тавдугаарт, ХААИС-ийн багшлах боловсон хүчний 60 гаруй хувь нь докторын зэрэг, профессорын цолтой.
Зургаадугаарт, Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй. Жишээлбэл, ЭЗБС-ийн бакалаврын хөтөлбөрүүд АНУ-д төвтэй ACBSP олон улсын мэргэжлийн байгууллагаар, магистрын хөтөлбөрүүд Европын холбооны AgriMBA байгууллагаар, Инженер технологийн сургуулийн “Инженер механик” хөтөлбөр АНУ-д төвтэй ABET байгууллагаар тус тус магадлан итгэмжлэгдсэн.
Мэргэжлийн хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлснээр, магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн нэр хүнд олон улсад болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө. Сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг нэмэгдэнэ. Суралцагчид нь үргэлжлүүлэн суралцах, тэтгэлэгт хамрагдах боломж нэмэгдэнэ. Хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын байгууллагаар чанарын үнэлгээ хийлгэснээр сургууль, хөтөлбөрийн чанар сайжрах зэрэг давуу талуудтай байдаг.
Долоодугаарт, Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн дээд боловсролтой мэргэжилтнийг 80 дахь жилдээ бэлтгэж буй цорын ганц их сургууль бөгөөд 35 мянган мэргэжилтэн бэлтгэж эх орныхоо өнцөг булан бүрд илгээсэн.
Наймдугаарт, Монгол Улсын тэргүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэн болон бүрэлдэхүүний сургуулиуд нь нэг дор төвлөрсөн кампус хэлбэрээр хөгжиж буй гэх мэтээр олон давуу талуудыг дурьдаж болно.
-ХААИС-д шинээр элсэгчдэд төлбөрийн ямар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Элсэн суралцах мэргэжилд харгалзах 2 хичээлийн ЭЕШ-ийн оноо “хичээл 1”-750, “хичээл 2”-480 онооноос дээш авсан тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийг 100%, “хичээл 1”-650, “хичээл 2”-480 онооноос дээш авсан тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар тус тус хөнгөлнө.
Мөн ХААИС-ийн босго онооны болзол хангасан, авьяаслаг элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлтэй. Тухайлбал,
- Олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрийг 100%;
- Тухайн мэргэжлийн нэгдүгээр хичээлээр улсын олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрийг 50%,
- Нэгдүгээр хичээлээр хот, аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрийг 30%;
- Мэдээллийн технологи, гадаад хэлний хичээлээр хот, аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрийг 30%;
- Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-3 дугаар байр эзэлсэн бол эхний жилийн сургалтын төлбөрийг 30%;
- Спортын мастер, дэд мастер, 1-р зэрэг цолтой бол эхний жилийн сургалтын төлбөрийг 20%, олон улсын хэмжээний мастер цолтой бол эхний жилийн сургалтын төлбөрийг 30% тус тус хөнгөлнө.
- МөнToeflibt 65 оноо, ielts 6 оноо, topik 3 дугаар түвшин, hsk 4 оноо, torfl 2 дугаар түвшний оноотой элсэгчид хос хөтөлбөрт элссэн тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрийн 30%-ийг хөнгөлнө.
-Аливаа зүйлийг бодитоор хийдэг учраас дадлагаас оюутнууд олон зүйлийг сурдаг шүү дээ. ХААИС-ийн хувьд дадлага хийх бааз суурь хэр байдаг бол…?
-ХААИС-ийн сургалт нь лаборатори, сургалтын орчин шаарддагаараа бусад нийгмийн шинжлэх ухааны сургуулиудаас ялгаатай. ХААИС-ийн хувьд сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн шаардлага хангасан сургалтын 30 гаруй лабораторийг шинээр байгуулсан.
Мөн хээрийн сургалт-судалгааны бааз болох Борнуур суманд дахь “Нарт”, Өнжин”, “Мод үржүүлгийн газар”, “Партизан” геодезийн дадлагын полигон, Говьсүмбэр аймаг дахь Тэрэгтийн хөндий, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэгийн ам зэрэг газарт мөн сургалт, үйлдвэрлэлийн дадлагаа хийдэг. Дээрх судалгааны төвүүдэд агрономи, газрын мониторинг, үнэлгээ, экологи, ойн аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль орчны хяналт үнэлгээний чиглэлээр мэргэжлийн багш нараар удирдуулан оюутнууд сургалт, үйлдвэрлэлийн дадлагаа хийж байна.
-Энэ жилийн элсэлтийн онцлог болон ХААИС-д элсэхийг хүсвэл хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-ХААИС элсэлтийн бүртгэл Улаанбаатар хотод 2023 оны 07-р сарын 09-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Хаанаас бол хаанаас https://elselt.muls.edu.mn гэсэн цахим хаягаар мэргэжлийн хөтөлбөр, хэрхэн бүртгүүлэх заавар, зөвлөмжтэй танилцан бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамж төлбөргүй.
Цахимаар болон орон нутаг дахь төлөөлөгчдөөр дамжуулан элсэх боломжтой.
Мөн нийслэлд ХААИС-ийн төв байранд биечлэн ирж зөвлөгөө мэдээлэл авч бүртгүүлж болно.
Ярилцсан Р.Батчимэг(Ph.D)