Үндэсний урлагийн төв болсон Үндэсний урлагийн их театр нь Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан тоглолтоо “Монголын сайхан орон” нэртэйгээр зургаадугаар сарын 20-ноос эхлэн өдөр бүр толилуулж буй. Тус театрын хамт олон энэхүү тоглолтоос гадна Үндэсний их баяр наадмын үеэр өв соёлоо дээдлэгч түмэн олондоо зориулж наадмын үеэр гурван тоглолт толилуулах гэж байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд 20.00 цагаас Үндэсний урлагийн их театрын тайзнаа “Ардын дуу мину” ардын дууны тоглолт, долоодугаар сарын 11-нд 20.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Монгол бүжгийн гайхамшиг” бүжгийн тоглолт, долоодугаар сарны 11-нд 20.00 цагаас Үндэсний урлагийн их театрын тайзнаа “Наадмын үдэш” тоглолтыг толилуулах юм.

Ардын дуу мину

Монгол зон олон үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэж буй энэ өдрүүдэд ая нь аргадаж, үг нь зэмлэдэг аялгуут ардын дуугаа энэхүү тоглолтоор толилуулах юм. Уг тоглолтын найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд ажиллаж байна.

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуу ангийн уран бүтээлчид монгол үндэстний дуун их сан хөмрөгийн дээжээс айзам эгшиг түгээх юм.

Тоглолтод халх, буриад, баяд, захчин, үзэмчин, хотгойд зэрэг олон ястны дуунуудыг морин хуур, шанз, хуучир зэрэг хөгжимтэй хүргэхээс гадна үндэсний цөөхүүл болон амьд хөгжмийн хоршлоор үзэгч түмнийхээ сонорыг мялаана.

Хаана: Үндэсний урлагийн их театр

Хэзээ: 2023.07.10

Эхлэх цаг: 20.00

Монгол бүжгийн гайхамшиг

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын хамт олон мөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үзэгч түмэндээ тоглолтоо толилуулна. Уг тоглолтын найруулагчаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү ажиллаж байна.

Бүжгийн уран бүтээлчид Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  нүүдэлчдийн соёл, зан заншил, аж ахуй, язгуур бии биелгээнээс улбаатай монгол туургатан, олон ястны уран дэг хөдөлгөөний гайхамшиг цогцлоосон бүтээлүүдээр үзэгч түмний мэлмийг мялааж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх юм.

Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 2023.07.11

Эхлэх цаг: 20.00

Наадмын үдэш

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал “Наадмын үдэш” тоглолтоо мөн толилуулна. Тоглолтоор Монголын болоод дэлхийн гайхамшигт хөгжмийн зохиолоос дээжлэн үзэгч түмнийхээ сонорыг мялаах бөгөөд найруулагчаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч Н.Буянбаатар ажиллаж байна. Уг тоглолтод Монголын язгуур хөгжмийн зэмсэг болох бугын урам, хурган чих, икэл хуур, суухан хуур, цуур, товшуур, төмөр хуур, хулсан хуур, нуман хуур зэрэг хөгжмийн аялгуу нэгэн дор эгшиглэх юм.

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал нь 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн их найрал болсон бөгөөд 60 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй, Монгол ардын уламжлалт, үндэсний хөгжмөөс бүрдсэн дэлхийд цор ганц найрал хөгжим юм.

Хаана: Үндэсний урлагийн их театр

Хэзээ: 2023.07.11

Эхлэх цаг: 20.00